2014-01-19

Татварын буцаан олголт

Татварын буцаан олголтыг өөрөө болон үр хүүхдээ сургах(дотоодод болон гадаадад) сургалтын төлбөрийг төлсний, орон сууц худалдаж авсны, бас нөгөөг нь мартаж. Үндсэн 3 төрөл дээр буцаан олгодог. Энд орон сууцны тухайд ярина. 

Байрны зээлийн дараагийн асуудал бол татварын буцаан олголт. Энэ бол байр өмчлөх эрхийн бичгээ(Үл хөдлөхийн гэрчилгээ буюу байрны ордер) гардаж авсны дараа жилээс эхлэн ХАОАТ-т төлсөн мөнгөө буцаан авна гэсэн үг. Хөнгөлөх дээд хэмжээ нь 3 сая төгрөг. Тиймээс тухайн жилийнхээ орлого болон татвар төлсөн баримтаа баталгаажуулаад дээрх мөнгийг нэг удаа болон хэд хэдэн удаа(тухайн жилийн төлсөн ХАОАТ чинь 3 сая хүрэхгүй бол) цувуулан авах боломжтой. Он гарангуут бараг өдөр бүр л ТВ-үүдээр энэ тухай гардаг. 

Дараах хэдэн асуудалд анхаарвал зүгээр.

2014-01-01

Энэ жилийн ЭХЛЭЛ - "Амьдрал бол тэвчээр хатуужил"

Цаг төлөвлөлт "сайн"-аас болж Мөөгийгөөс бэлэг авсан юм, 11 сард. Сайн байсан юм чинь бэлэг өгөлгүй яахав дээ, хэхэ. 

Тэр бол 2014 оны цаг төлөвлөлтийн дэвтэр, миний хажууд дэлгээтэй байна яг одоо. Тэр үедээ ашиглаж эхлэх гэснээ он гарахаар болъё гээд үлдээсэн байсан, одоо хэрэг болох нь ээ.

Саяхан бас л юм юм бодож явсан нэг өдөр он эхлэхэд юу ярьдаг тухай бодолд ээрэгдлээ. Их л юм бодож, төлөвлөж эхэлдэг тухай бодол. Гэхдээ бүтэх нь миний л хувьд тун бага юм аа гэж бодоод... Нөгөө ухаарлын 7 хоног оюутнуудад байдаг шиг л оны эхнээс л тэгнэ ингэнэ гээд л бодоод төлөвлөөд л... тэгсгээд л яваандаа алга болдог гэдгээ анзаараад. Шинэ он гарангуут л тэгэхгүй шинэ хүн болъё, нөгөө шинэ дэвтрээ ашиглаад... гэж бодож сууснаа... би ер нь л өөрчлөгдөхгүй юм байна гэдгээ ойлгосон юм. Нэгэнт тогтсон барил шүү дээ. 
Ер нь өөрчлөгдөх болов уу гэж толгой руу хэд хэд орж ирсэн хэдий ч... хариу хайгаад л байсан ч... 
Олж амжаагүй зүйлээ сая оллоо - Амьдрал бол тэвчээр хатуужил

2013-11-16

Гоёл

Гоёж болох бүхий л юмыг гоёдог болж дээ. Гутлын өсгий, хүний арьс, замын гарц, хундаганы шилбэ, үзэгний дотор гээд л...
Бүгд таалагдаж байна. 
Иймэрхүү гоё зурагтай гарц хэд хэд тааралдсан. Энэ дээр л зогсч зураг авлаа. 


 Сүүлд энэ Минионы зурагтайг нэмлээ.

2013-10-09

Сэлэлт

Ээлжит сэлэлт


Зогсоод байгаа яваад байгаа нь ч бүү мэд усан дотор... Түгжрээнд нэг хөвнө. Өнөөдөр гудамжинд...
Өрөвдөлтэй юм аа манай Улаанбаатар

2013-09-19

Намар аа гэж юусан билээ

Намар аа гэж... юусан билээ
Нар шарсан талсан билүү
Найранд барьсан аясан билүү
Нахийтал сойсон морьсон билүү

Ай хөөрхий намар аа гэж юусан билээ

Р.Чойномын шүлэгнээс

2013-08-16

2013-07-11

Наадмаар

Наадмаар Шижирээ ахынд зочлоод хөгжилтэй сайхан байлаа.

2013-05-27

ГУНИГ

Хэл бол харилцааны үндсэн хэрэглүүр. Сайхан үгсийн урныг ундруулсан зохиол бүтээлийн дээж уншихад сайхан. Уншаад, сонсож ойлгоод баярлах эсвэл гуних...
Харин хөгжмийн зохиолч гэдэг хүн яаж үггүйгээр сайхныг, муухайг, уйтгар гуниг, баяр жаргалыг илэрхийлдэг байна аа? 
Яг одоо бол нулимс өөрийн эрхгүй л урсаад баймаар гунигтай мэдрэмж төрөөд байна. Б.Шарав гуайн ГЭРЭГЭ цомгийн зарим нь надад ингэж л үйлчилж байна даа. 
Үгэн зохиол бол ямар ч хүнд гуниг эсвэл харуусал гэдгийг шууд илэрхийлнэ, шууд тусгана. Харин хөгжим хүн бүрт өөрөөр нөлөөлдөг гэдгээрээ ялгаатай юм болов уу?

2013-03-29

Орон сууцны зээл


Байрны зээлээ бүтээснийхээ дараа хүмүүст хэрэг болж магад гээд нэг юм бичнэ гээд бодоод байсан ч амжилгүй өнөөдөр болчихож. Саяхан "100'000 айлын орон сууц" хөтөлбөрийн 1 жилийн ойн дээр гарсан нэг нийтлэлийг хараад мөн л санасан боловч хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулаад л байснаас биш бичих завдал болсонгүй. Холбоотой мэдээллүүд доор байна. Дараах линкүүд рүү ороод хараарай. Ихэнхдээ сөрөг мэдээлэл байгаа ч юу гэх гээд байна гэхээр... НЭГ. МАТЕРИАЛ САЙН ЦУГЛУУЛ.

2013-02-13

Бороотой зуны дурсамж...



Дөрвөн тэмээ

Анхны орхилтоор биш ч...


2013-02-08

2012-12-03

 Өвөлд би дуртай байдгийн учир...


зөвхөн энэ биш ээ.

2012-11-30

2012-11-16

Ахиллийн шөрмөс - 8

2012-10-29
Нэг жил гэдэг харвасан сум шиг л өнгөрлөө. Өдийд, 365 хоногийн тэртээ, би огт санаандгүй байдлаар хөлөө гэмтээгээд, анх удаа л тэр шөрмөс тасрах гэдэг зүйлийг сонсож, мэдэрч билээ.  Сүүлд нь бодоод л байхнээ, жилийн өмнө л Боогий надад энэ тухай ярьж байсан нь толгойд харван орж ирээд, хүн гэдэг ч өөр дээр л ирэхгүй бол аливаа зүйлийг ингээд ойшоодоггүй л юм байна даа гэж бодож суусансан. 
Энэ хугацаанд хэрэндээ л их туршлагажлаа. Мэдээлэл авч, дүгнэлт хийж байсан ч дахиад л алдаа. 

2012-11-04

Намрын адаг сарын шинийн 20

Намар... Уйтай. Надаас алдууран холдох энэ л цаг мөч бүрийг баяр хөөртэйгөөр л үдэж баймаар байх юм. Хичээж байгаа. Гэхдээ ойрд үнэхээр болохгүй байна. Миний амьдралаас нэг хүн эргэлт буцалтгүйгээр гараад явчихлаа. Үлдээч гэж хэлэх эрхгүй болохоор... 
Цас ороосой. Хамаг юмыг арчиж угаан, сэтгэл сэргэтэл нээх сайхан нэвсийтэл ороосой. Халаасандаа гараа хийчихээд, даарвал үлээж, үрж дулаацуулчихаад... цасны чихран дуугарахыг чагнан, бодолдоо хөтлөгдөн жаал алхах юмсан. Уг нь ч цаг нь ирчихлээ л дээ. 

2012-10-18

Амьдралаа эхэлж байгаа дүү охинд

Дүү минь... Амьдрал бидэнд сайн сайхан олныг өгдөг шүү дээ.
Шувууд биднийг баясгах гэж жиргэдэг, нар биднийг дулаацуулах гэж ээдэг, салхи биднийг сэргээж, сэрүүцүүлэхээр сэвшдэг. Нүд алдуулан баясгах гэж өнгийн цэцэгс алаглаж, солонго татан зун болдог юм.
Гэхдээ бас, нар гарах ямар дулаахан, ямар сайхныг мэдрүүлэх гэж л үүл зангирч, бороо шивэрдэг юм. Цас ханзарч, яргуй хэнзлэн, шувууд ганганан, ирж буй цагаар сэтгэлийг минь хөглөх л гэж идэр есийн хүйтэн тачигнадаг юм ш дээ хонгор минь. 

Тийм болохоор... Битгий их гунигла аа. Гунигаа тайлан хаях ямар сайхан бэ гэдгийг чи мэдрэх гээд л өнөөдөр чиний сэтгэл хөнгөн гунигтай байгаа юм. Бүх юм сайхан болно оо. Инээмсэглэ  :-)

2012-10-14

Намрын өнгө - 4

Хустайн нуруу руу онгон байдлаар амьдарч байгаа адууны өвгийг үзэхээр явсан нь

Зургийг Фүмихико Шинохара

2012-09-28

Намрын өнгө - 3

2012-09-27. Найрамдал. Аймаар хүйтэн байлаа өнөөдөр. Тавхан хоногийн өмнө хотоос гарсан үеэс тэс өөр, даараад хонож ч чадалгүй буцаж ирэв. Баярлалаа, Бок.


2012-09-23

Намрын өнгө - 2

Санзай, Бага баян. 2012-09-22. Намрын ойн алагласан өнгийг харах гайхалтай байлаа. 
Дөнгөж очоод л гадаа... Тэр цаана толгой дээгүүр байгаа алаг моддыг л харах гэж явсан юм ш дээ. Гоё байсан шүү. Баярлалаа, Бака. 


2012-09-16

Намрын өнгө

Янз бүрийн үйл явдлаас хойш 5, 4 бас 1 жилийн дараа... дүүгийнхээ хийморийг гэрт нь авчрахаар явахдаа намрын өнгө, үнэрээс бөөн таашаал авч Багануур яваад ирлээ. 2012-09-15

Адуу мал нь багширсан
Алсад бороо зүсэрсэн...


2012-09-09

Зурхай

Энэ жил ер нь миний зурхай яаж буусан юм бол доо. Хараад байхад хүүхнүүд бид эндэх тэндхийн зурхай унших, тэрэндээ итгэж айх, баярлах нь эрчүүдээс хамаагүй их хүмүүс шиг байгаан. 

2012-08-31

Цаг хугацаа - 2

2012-08-14
Зуны дулаан өдөр. Уулын хярд

Цаг хугацаа

Цаг хугацаа юм бүхнийг элээн хуучруулж...

2012-08-14 11:37AM
Өдрийн наранд дэлбээгээ дэлгэж нар ээгээд...


2012-08-14 7:59 PM 
Орой болоод дэлбээгээ хумьчихаж.


2012-08-20 6:43AM. 
Наранд дэлгэрч амжаагүй л байна, эрт байгаа болохоор.


2012-08-21 7:08 AM. 
Харин өнөөдөр шүүдэр буугаад хонож.


2012-08-27 6:31 AM. 
Удахгүй бүр хагдрах нь. Манайд зун урт байсан бол энэ цэцэг гоёороо удах байсан болов уу? 


Одоо тэнд харин, ийм гоё цэцэг ургаж байсан гэхээргүй, ямар ч ул мөргүй л байгаа даа...
/2012-09-28/

2012-08-04

Соёлын төв өргөө VS ХУ намын байр

Яг 4 жилийн дараа буюу өнгөрсөн 6 сарын сүүлээр авсан зураг
СТӨ-ний урд хэсэг:

2012-07-16

Морь буусан шагай

 Эхний оролдлогоор...


Үнэхээр л онцгой өдөр байлаа.

2012-06-01

Эх үрсийн баярын мэнд!


Энэ дэлхийн хүүхэд бүр аз жаргалтай инээж байх болтугай!

2012-05-31

Шороотой Монгол

Шороо + Бороо/Ус = Чийгний үнэр
Борооны өмнөх/дараах чийгний гоё үнэр цардмал замтай газар мэдрэгддэггүйн учир энэ юм уу? Тэгвэл энэ их шороо байж л байг уу?

2012-05-30

Буяны сэтгэлээр...

Зүүдэллээ урьд шөнө. Хэн нэгэн, ойр дотны минь хэн нэгэн, хайртай хүн минь ч юм уу аймаар өвдөөд... Түүнийг нь би мэдээд... Бүр харагдаад байсан. Аймаар хар дарж зүүдлээд сэрлээ. Айгаад унтаж чадсангүй хэсэгтээ л. 
Тэгээд бодлоо. За өглөө босоод ажилдаа очих замаараа хийд орж ном уншуулъя гэж. Би нэг их шашин шүтээд сүйд болдоггүй, тууштай байдаггүй нэг тийм саармаг хүн л дээ. Хэцүү үедээ бурханыг дуудчихаад л... Гэхдээ сайн явбал санасан үедээ аль болох "Баярлалаа бурхан минь" гэж хэлэхийг л харин боддог юм. 

2012-05-23

Шуурга

"Жаахан тогт, Сэтгэлээ тогтоо, хүндрүүлэгч хэрэгтэй байна чамд" гэж Туул хэлсэн. Үнэхээр тийм байна. Дотогшоогоо өнгийгөөд харсан чинь... тэгж хэлэнгүүт нь нүдээ аниад өөрийгөө чагнасан чинь дотор бөөн шуурга. Харагдах үзэгдэх юмгүй л хар шуурга. Юу ч тодорхойгүй. Хаана зогсохоо ч, хаанаас гарснаа ч мэдэхгүй, харах баримжаа ч үгүй л аймаар санагдлаа. 
Шуурга намдааж, тэнгэр цэлмээх хүчин зүйл надад хэрэгтэй байна. Тэр бол ном гэж Туул хэлсэн. Уншаад байж дээ... 
Ном нь юу ч байж болох шүү дээ. Хүн гэдэг чинь бүхэл бүтэн ном. Гайхам сайхан ном, бүр агуу том ертөнц. Тийм болохоор сайхан "ХҮН-НОМ" олдвол зүгээр л юм байна.

2012-04-12

Тэндхийн оюутан

Манайхтай харьцуулшгүй л байх даа энэ байдал? 
Хятадын дундаж л хот. 76 хотыг жагсаахад 30 орчимд байдаг. Тэндхийн хамгийн том сургуулийнх нь барилгын инженерийн сургуулийн оюутнууд дадлага хичээл хийж байгаа нь. Материаллаг байдал нь манайхтай харьцуулшгүй байх даа? Тэнд аль ч сургуулийн хотхонууд оюутны амьдрах, сурах орчныг дээд зэргээр гэж хэлэхээргүй ч боломжийн хэмжээнд хангасан байдаг. Гол нь Америк, Японтой харьцуулаагүй, бидний муулаад байдаг Хятад болохоор л жоохон гол харлаад байгаам даа. Аймаар атаархуу наасан. 

2012-04-04

Сэлэнгийн замд, Малчны хотонд...

Сарын дараа, яг сарын дараа буцаад явсан чинь Хавар жинхэнэ утгаараа айлчлаад ирчихжээ.

Хоёрхон өнгө, үнэхээр гоё...
2012-02-25


2012-04-02

Ахиллийн шөрмөс - 7

Хагалгаанаас хойш яг 5 сарын дараа одоо өсгийтэй гуталд огтхон ч түүртэхгүй алхаад, сайхан байна аа. Харин намхан юм өмсчихвөл өвдөх гээд байгаа шүү. Хүн бүрийн байдал өөр болохоор зарим нь асуудалгүй болсон, зарим нь удаан хугацааны дараа ч хүндрэл байдаг л гэж байна. Минийх аль нь болохыг мэдэхгүй ч, гайгүй байх гэж найдаж байна. Баруун хөлийн булчин ерөнхийдөө л нэг тийм сулбагар үлдсэн байна. Яваандаа, аажимдаа өөрчлөгдөнө гэж найдаж л байхаас даа.
Дараа харахад, бас өөр хэн нэг нь иймэрхүү тохиолдолд баримжаа авбал гэж бодоод бичээд л байдаг. Энэ гэхдээ баримтгүй сонин бичлэг болчихлоо. Гэхдээ яахав.

2012-02-17

Эндхийн оюутан

Эндхийн оюутан буюу Шинэ цагийн Монголчууд.
Ирээдүйн эзэд маань нэг иймэрхүү...  70 > 21 юм чинь арга ч үгүй биз дээ...

2012-02-17

2012-02-12

Мөсөн угалз

Өвөл дуусах гээд л... Жавар тачигнасан энэ өдрүүдэд цантсан цонхон дээр хээ угалз урлаад, дуусахаас нь өмнө амжуулъя гэсэн шиг л завгүй байх. Хэчнээн ганган гээч тэр нь... Цаг хугацаатай уралдан байгаа болохоор тийм ганган юм уу?


2012-02-07

Ахиллийн шөрмөс - 6

Хагалгаа хийлгэснээс хойш 3 сарын дараа хөл нэг иймэрхүү болж байна. Эрүүл талаасаа бүдүүн, хатуу шөрмөстэй болсон. Яваандаа зүгээр болно гэж найдаж байна. Татагддаг хэсэг нь ялгаатай харагдаж байгаа биз? Явахад бас тийм ч сайнгүй байгаа, гэхдээ л харьцуулшгүй өөрчлөлт гарсан байна энэ хугацаанд. Харин удаан хөдөлгөөнөө хорьж байсны шанд олж авсан илүүдэл жинтэйгээ л тэмцэх хэрэгтэй болох нь дээ.  :D

2012-01-02

МАРШ!!!

Оны эхний ажлын өдрөөс, хагалгаа хийлгээд яг 2 сарын дараагаар ажилдаа маршиллаа. Хөл тийм ч сайн болоогүй хэвээрээ л байна. Гэхдээ хийх ажил маш их, намайг хүлээгээд овоорч байгаа учир ажиллаад байж дээ.
Бүх хүмүүст шинэ оны мэнд хүргээд, ирж буй шинэ онд таны гэр аз жаргалаар дүүрэн бялхаж байх болтугай гэж хүсье! 

2011-12-16

Ахиллийн шөрмөс - 5. Дасгалууд


Хоёр "хамгаалагч"-даа Баяртай гэж хэлэх нь дөхсөн бололтой шүү би ч. Харин санаа зовоосон зарим нэг асуудал байсаар байна. 

Эхнийх нь бол яваад байх тусам хавдах, бас шөрмөс тасарсан хэсгээрээ хөхрөх хандлагатай болоод байна. Нэг талдаа байсан хөх толбо өнөөдөр нэмэгдээд нөгөө талдаа бас гарчихаж. Багасна гэж найдъя. 

2011-12-10

Ахиллийн шөрмөс - 4

Энэ ер нь эдгэхдээ хүн бүрт янз бүр байдаг бололтой. Хэр зэрэг тасарснаасаа болох учраас мэдээж байх. Миний хувьд хагалгаанаас хойш яг 5 долоо хоног өнгөрөөд өчигдөр анх удаа таягаа хэрэглэхгүй өнжиж, урьд шөнө анх удаа гипсгүй унтлаа. Хөл хөнгөрөөд ямар сайхан байна гээч. Гэхдээ хэт эрт хүчлэх нь эдгэрэлтэд саад болох нь ойлгомжтой, бас хүн бүр тэгж зөвлөж байгаа учир нэг их хүчлээгүй ээ.

2011-12-08

Гоё

Absolutely amazing! why i like mathematics! !!!!!!!!! !!!!!!!!! !!!!!!
Beauty of Mathematics! !!!!!!
1 x 8 + 1 = 9
12 x 8 + 2 = 98
123 x 8 + 3 = 987
1234 x 8 + 4 = 9876
12345 x 8 + 5 = 98765
123456 x 8 + 6 = 987654
1234567 x 8 + 7 = 9876543
12345678 x 8 + 8 = 98765432
123456789 x 8 + 9 = 987654321

2011-12-06

Гошин...

Гэхдээ л хошин шог биш, зүгээр зар.

"Гутал" компани шинэ жилийн хүлээн авалт хийнэ. Амт чанартай сайхан хоол, сайхан хөгжим. Утас...

гэнээ :D

2011-12-04

Ахиллийн шөрмөс - 3

Өнөөдөр таягаа хаяж алхах гэж оролдлоо. Харин орой харсан чинь ийм үр дүнтэй.
Хөдөлгөөний хомсдол гэдгийг жинхэнэ мэдэрч байна аа. Сарын дараа өвдгөөрөө нугалах ямар сайхан бэ гэдгийг л ойлголоо. Гэхдээ сарын турш нугалаагүй өвдөг нугалаад буцаагаад тэнийхээрээ аймаар өвддөг юм байна. Хөлөө хэд хөдөлгөөд л баруун хөлийн булчин булраад нэл өвчин. Тэгэхээр бидний биед хөдөлгөөн ингэж л дутдаг байх нь гэж бодож сууна.

2011-12-02

Ахиллийн шөрмөс - 2

Хагалгаанаас хойш яг 1 сарын дараа хөл маань иймэрхүү байдалтай байна. Косметик оёо тавьсан учир оёоны утас авахуулах энэ тэр гэсэн асуудалгүй сарын дараах байдал. Тэр хар цэгүүд нь ил байсан оёдлын "шархууд".

2011-12-01

Би Домог



Урок Легенда о Данко.биш л дээ, хэхэ. Заавал ямар нэг зүйлээ, жишээ нь амиа ч юм уу золиосолсон хүн домог болон үлддэг юм болов уу? гэж л бодсон хэрэг. 

"Данкогийн домог" гээд бага байхдаа уншиж  байсан зохиолд ойд төөрсөн хүмүүсийг зүрхээ гарган гэрэлтүүлж замчилдаг Данко-гийн тухай гардаг даа. Оросын алдарт зохиолч Максим Горькийн бүтээл юм байна. Хөөрхий тэр зүрхээ гаргасан юм чинь мэдээж үхсэн. Тэрэнд нь харамсдагсан хүүхэд байхад. :-)

Харин энд би бас нэгэн домгийн тухай дурдах гээд. Вилл Смитийн тоглосон "Би Домог" кино.

2011-11-25

Филипок (Лев Николайвич Толстой)

За нөгөөх чинь бүүр тийм алдартай зохиолчийнх болж таарлаа шүү. Үргэлжлэлийг нь одоо бол чадан ядан орчуулах гэж оролдоод үзье.

Филипок (Лев Николайвич Толстой)
Үргэлжлэл

Тэр багш руу харан уйлчихав. Багш түүний толгойг илж, энэ хүү хэн болохыг хүүхдүүдээс асуулаа.. 
- Энэ бол Филипок, Костюшкиний дүү. Тэр сургуульд явахыг хүсдэг ч ээж нь түүнийг явуулаагүй. Тэгээд тэр нууцаар хүрээд иржээ. 

Филипок

Саяхан энэ өгүүллэгийн тухай дурдаад, эргэн санах гэж оролдсон ч цасан дээр унасан  хүүхдийн тухайгаас өөр юу ч толгойд орж ирээгүй юм. Гэтэл өнөөдөр санамсаргүй бүр хуучны дэвтэр олоод хартал оросоос орчуулж байсан бололтой гараар бичсэнээр олдог байна шүү. Дутуу юм гэхдээ. Яаж дуусдаг билээ дээ?  Бас би өөрөө орчуулсан юм байх даа гээд гайхаж сууна.

Филипп гэдэг нэртэй хүү байжээ. Хүүхдүүд бүгд сургуульд явцгаав. Филипп малгайгаа авч тэдэнтэй хамт бас явахыг хүсчээ. Гэвч ээж нь түүнд:
- Чи хаачих нь вэ Филипок? гэхэд
- Сургуульд
- Чи бага байна, бүү яв гэж хэлээд ээж нь түүнийг гэрт орхиод явав.

2011-11-20

Ахиллийн шөрмөс

Ээлжит асуудал бол шөрмөс. Өнгөрсөн жил өдийд л байх. Хөлөө удаан дарж суусны улмаас цус боогдож байснаа, гэнэт хүчтэй гүйгээд жирвэлзэн, мэдрэлгүй юм шиг бадайрдаг даа. Нэг тийм өдөр босч ирээд анзааралгүй тэр дороо алхах гэж оролдоод унаж, шагайн гаднах зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хоноод гайгүй болсон ч одоо хэр нь өсгийтэй гутал дээр удаан явах, зааланд тоглох г.м ачаалал өгөх үед өвдөөд салахаа байж.
Гэтэл харин саяхан зааланд тоглож байгаад нөгөө хөлийнхөө шөрмөсийг тасалж орхидог байна шүү.

2011-11-11

11.11.11


Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Тэр яг 60 настай байх байсан өнөөдөр. Содон өдрөөр нэгэн жарныг элээх байжээ та минь. Эгэлийн эгэл амьдрал, хайрын дээд хайр, ухааны дээж байсан даа та минь. Хүүхэд бүрийн ээжүүд хүүхэд бүрдээ сайхан даа гээд дуулдаг шиг л аав, ээж маань хэний ч хувьд тийм л байдаг. Хүн бүрийн аав, ээжүүд тэдэндээ бурхад. Бүр амьд бурхад. Яагаад гэвэл тэд л биднийг бусдаас илүү хайрласан болоод тэр байх. 
Одоо бол тэр минь тэнгэрт байдаг бурхан болсон. Аавдаа би хайртай. Санаж байна таныгаа. 

Таныхаа нутаглуулсан газраас, өлмийд тань сөхөрч, адис аван, яг 30 жилийн өмнөх тэр өдрийн, хүүтэй болсон тэр өдрийн тань баярыг сануулан, гунигийг хуваалцан суухдаа та минь баярласанд, ховорхон харж байсан нулимсыг тань ч бас тэнгэрийн энгээс бас мэдэрсэн гэдэгтээ итгэж, дүү минь тэнд юу бодож байсныг төсөөлөх гэж оролдсон. 
Шиврээ зөөлөн бороотой, манан буусан нэг их сайхан өдөр байсан. Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо. 

2011-11-02

Нүүрний мэдрэлийн саажилт

Эрүүл мэндийн асуудлаар өмнө тэмдэглэж байсан болон саяхнаас тохиолдсон асуудлуудынхаа талаар оруулахаар боллоо.
 Хүний нүүрний мэдрэлийн гол сувгууд чихний омогны урд байрлах цэг дээрээс салаалж тархсан байдалтайгаар нүүрийг мэдрэлээр хангаж, бид нүдээ аньж нээж, амаа ангайж, хааж, хоолыг зажилж, залгиж чаддаг байна.

2011-10-25

Гэгэлгэн...

Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толины онлайн хувилбараас ГЭГЭЛЗЭХ, ГЭГЭЛГЭН, СЭТГЭЛ ГЭГЭЛЗЭХ гэдэг үгийн утгыг хайгаад ТОЛГОЙГОО ӨЧҮҮХЭН ӨЧҮҮХЭН ДОХИСХИЙХ гэсэн хариу оллоо. Санаанд хүрсэнгүй. Магадгүй Монгол хэлний эрдэмтдээр нэлээн шүүмжлүүлдэг НЭЛЭЭДГҮЙ г.м. орчин үед илүү хэрэглэдэг болсон үгнүүдийн нэг юм болов уу?

2011-07-27

Халуурал

...
- Яаж ч бодсон танайд 100 их сургууль байх боломжгүй ээ. Арай дэндүү байна. Яаж ийм байж болох юм бэ? 3 сая хүрэхгүй хүн амтай, ганцхан хотдоо ихэнх нь амьдардаг. Тэгээд? Итгэж чадахгүй нээ. Тэгээд хэдэн оюутантай байх юм бэ? Хэн тэнд чинь явдаг байна аа? 
- Манайх танай Европ шиг хөгшин биш ээ, хүн амын ихэнх нь залуучууд. 
- Үгүй гэхдээ, масс их байлаа гээд, нийт хүн ам чинь ийм жаахан байхад... Энэ үнэхээр боломжгүй гэж бодож байна. Манай улс 70 шахам сая хүн амтай, 100 аад их сургуультай. Миний амьдардаг хот 3 сая хүн амтай, одоо 2 дахь их сургууль нээгдэж байгаа. Тэгээд харьцуулахаар толгойд үнэхээр буухгүй нээ. 
- ...

Яаж яваад ч юм ийм ярианд хүрсэн юм. Уншиж харж байсан 180 гэсэн тоогоо ДАРААД ДАРААД 100 орчим гэж хэлээд ч барсангүй. Саяхан хаагдсан сургууль 8, төрийн өмчийн их сургуулиуд бараг 10 орчим гэж бодоод харьцуулахад бодит тоо санагдаж байсан ч сүүлдээ өөртөө итгэлтэй байсан энэ тоонд ч эргэлзэж эхэлнэ биз дээ. Гүүглдээд үзтэл үнэхээр дээд сургууль, коллежуудаа оруулаад 180 юм байна.

2011-07-17

Дахиад адууны мах...

...
- Морины мах их хатуу байх аа?
- Яагаад тэгж бодож байгаа юм?
- Дандаа давхиж байдаг болохоор тэр чигтээ нэл булчин, их л хатуу, идэхэд хэцүү санагдаж байна.
...

ХАХА, Самет...

Адууны мах БА Нохойн мах

...
-  Яаж та нар морины мах иддэг байна аа?
-  Манайх хүйтэн учраас өвөлдөө илчлэг ихтэй хүнс хэрэглэхгүй бол болохгүй. Адууны мах чинь илчлэг ихтэй учраас тэр. Гэхдээ иддэггүй хүн ч байдаг.
-  Яг эд нар нохойн мах иддэг шиг санагдаж байна
-  Яаж тэрэнтэй зүйрлэж чадаж байна аа? Энэ чинь огт өөр зүйл.
-  Миний хувьд лав ялгаагүй. Нохойг хүний нөхөр болохоор нь иддэг гэхээр сонин байдаг юм. Морь ч гэсэн хүний нөхөр ш дээ...
...

2011-07-14

2011-07-10

"Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам"

Аргасан нүдэнд минь ч нулимс торуулж дөнгөдөг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шинэ яриаг, шүлгийг олж уншлаа. Дахиад л мэлмэрүүлж орхилоо. Хүмүүс түүнийг хүү Хасарыг нь Болор цом авах жил нь янз бүрээр их л хэлж байсан даа. Тэгсэн ч гэсэн яадгийн, би лав тэр хүнийг шүтдэг. Тэрүүгээрээ муу байсан ч яахав, надад падгүй. 
Нээсэн тоолонд минь түүний шүлгүүд гарч ирээд байх юм өнөөдөр, яг л "Сэтгэлийн чинь утсыг хөндөх гэсэн юм би" гэсэн шиг... Хэлэх гэснийг минь хэлдэг болохоор тэр байх. Нээрээ л түүний хэлснээр онгорхой цоорхой бүхнээ ойр тойрныхон, хэдэн найз найраараа нөхөж яваа он жилүүдийг минь сануулсан болоод тэр байх, өнөөдрийн яриа шүлэг онцгой байлаа. (Энэ тухай удахгүй дурдана)

Татсан тамхиных нь цэнхэр утаа хөвөрсөн бодлыг тань урлан, ухааны чинагш аялах үг бүрийг чинь олж ирэн, улам биднийг баясгах болтугай.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч  “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, Драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан–Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт  Б.Лхагвасүрэн

Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам

Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

2011-07-09

Наадам аа гэж...

Нэлээн дээр 4 хоногийн зураглал гээд агшин зуур хувирдаг Монголын цаг агаарын тухай дүрслэх гэж оролдож байж билээ. Харин өнөөдөр гэнэт наадмын өмнөх зураглал нүдэнд тодроод ирлээ. Буулгах гээд оролдвол...

Наадам дөхөөд л байдаг. Хөдөө бол... алив нэг нүдээ аниад төсөөлөх гээд оролдъё.


Наадам гэхээр хамгийн түрүүнд ногоон өнгө санаанд бууж байна. Цэл ногоон тал, уул хөндий , тэгээд тэнд дүүрэн алаглах асар майхан, унаа машин, морь хүн гээд л тэд ногоон дэнжийг өнгийн цэцэгс аятай чимсэн тийм зураг л бууж байна. Хаа сайгүй хардаг болоод тэр байх. 

Өнөөдөр их сунгааны өдөр. Морины хүүхэд, уяач нарын сэтгэл дэвэлзэж, наадмын өглөөний үүлийг харах л үлдлээ гэж суугаа байх даа. Нэг өдөр амраагаад л хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ дээ гээд л... Маргааш өглөө мандах нарнаар сэргэлэн горхиныхоо шүд хага ташим усаар морио усалж, шүүдэр бөнжигнөсөн өлөн өвс хэд хазуулаад... Ийнхүү бодол хөвөргөн суугаа байх даа.
Морьтойгоо ярих нь холгүй(ярьдаг ч биз) зүлгэн дээр завилан бодол болон суугаа тийм л хүн харагдаж байна. Хөгшин эсвэл, хүүхэд нь мэдэгдэхгүй ч шляп тавьсан, дээлнийхээ энгэрийг сул тавьж сугалдаргалсан, тийм л хүн байна.

2011-06-17

Виртуаль WiFi - Connectify

WiFi гэдэг бол хүмүүс компьютер, төхөөрөмжүүдийг хаана, хэрхэн яаж ашигладаг байсныг үндсээр нь өөрчилсөн технологи билээ.
Майкрософтын судлаачид 2002 оноос хойш виртуаль WiFi хөгжүүлэлтийн асуудлыг эхлүүлсэн. Энэ нь сүлжээний картыг хэд хэдэн бие даасан адапторуудад хуваарилах асуудал дээр үндэслэгдсэн байж. 

2011-05-25

Ашгүй, тийм байлгүй дээ, энэ БЛОГГЕР ДОТ КОМ...

Хэсэг салхи оруулаагүй блогоо хэсэг эргүүлдье үү гэтэл ойрд нэг л биш ээ энэ БЛОГГЕР ДОТ КОМ. Би ядаж шууд ордоггүйг хэлэх үү, дамжиж яваад нэг салгалж, удаж байж орж ирэхээр нэг бол бичлэг харагдахгүй, нэг бол сэтгэгдэл нь алга болох гэх мэтээр намайг дарамтлаад байсан чинь өнөөдөр бүр ордоггүй дээ. Гайхаад гайхаад барсангүй. Нууц үгийг маань хүлээж авахгүй байхаар нь, нөгөө орчин үеийн "өөртөө ч итгэдэггүй цаг" нь болохоор Гүүглийн цахим шуудангаа нээтэл зүгээр байх юм. Гайхалтай нь бусад нь зүгээр ч ганцхан блог руугаа л хандаж болохгүй, "санаатайгаар" оруулахгүй юм аа. Нэг ийм алдаа заагаад...

ХАХА

Сурталчилгааг харвал нэг хэлбэрийн аян болох нь ээ дээ янз нь...






2011-05-11

Овоо хулгайч юм аа...

Бээжин дэх Хятадын хаадын ордон музей "Хориотой хот" -оос 10 гаран сая юаниар үнэлэгдэх 20-р зууны эхэн үеийн алтан хэтэвч, толь, цүнх зэрэг эмэгтэй хүний хэрэгслүүд болох 7 үнэт зүйлийг хулгайлаад авчихаж. Эдгээр зүйлсээс 2-ыг нь алдагдсан газраас олсон байна. Хамгийн гол нь тэр олон давхар хамгаалалт, 400 гаруй камерийг яаж аргалж дөнгөв гэдэг сонин байна. Хориотой хот хамгийн сүүлд 1987 онд хулгайд өртөж байсан бөгөөд гэмт хэрэгтнийг барьж насаар нь хохих ялаар шийтгэжээ. Хориотой хот 15-р зууны үед баригдсан бөгөөд Мин Чин гүрний үеүдэд хааны ордон байсаар ирсэн бөгөөд Чин гүрэн мөхсөний дараа 1925 онд музей болгосон аж.

2011-05-08

Сайхан гарууд вэ...

Өмнө хэлний тухай сонирхож явахдаа Монгол хэлний тухай Вики дээр юу байгааг харж байтал харин нэг сайхан гаруудыг олж үздэг юм байна. Яахаараа тийм бичлэг тэнд очоод орчихдог байна аа. 
Бямбын Ринчен гуайн зургийн доохно та Монгол хэлээр Монголчууд ярьж байгаа тухай тайлбар бүхий бичлэгийг үзвэл... Гарууд харин ч нэг "гашрааж" байна даа. 

- Гуйваад би согтох нь ээ гэсэн чинь нөгөөх нь 
- Татчих аа наадах аа  ч гэж байх шиг.


Төөрсөн нь...

Мэдээ унших гэж явтал төөрчихөв үү яав??? 

2011-05-06

НҮБ-ын хэл, соёлын өдрүүд

Саяхан НҮБ-ын Хятад хэлний өдөр тэмдэглэж байгаа тухай мэдээ гарч байхаар нь сонирхож үзлээ. Хамгийн түрүүнд Монгол хэлний өдөр байна уу гэтэл алга аа, гайхаад лавшруултал бас Япон, Солонгос хэлний өдөр ч гэж байгаагүйд нь яамай гэж барьцав.

Гэтэл учир нь Япон Солонгостоо биш, харин НҮБ-ын албан ёсны 6 хэл болох Англи, Араб, Испани, Орос, Франц болон Хятад хэлний өдрүүдийг тэмдэглэдэг юм байна. Энэ нь эдгээр хэлүүдээр дамжуулан түүх, соёлыг хүндэтгэх, ололт амжилт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг дэмжих зорилготой аж.

2011-02-19

Машин дотор удаан байлгасан савтай ус аюултай!

Хэрэгтэй мэдээлэл санагдаад и-мэйл листэнд ирсэн мэдээллийг оруулав.

Эллений шоун дээр Шерил Кров түүний хөхний хавдрын шалтгааныг ярьжээ. Ихэнх тохиолдолд, хөхний хавдрын тухайд ДИОКСИН нь өндөр түвшинд яригддаг юм байна. Түүний хавдар судлаач эмч нь түүнд, эмэгтэйчүүд машинд удаж халсан усыг уух нь хортой гэж хэлжээ. Учир нь халалт хуванцар дахь химийн элемэнтүүдтэй үйлчилснээр ус руу доиксиныг ялгаруулдаг байна. Диоксин бол хөхний хавдрын асуудалд хурцаар яригдаж байгаа хорт бодис юм. Тиймээс аль болох савтайгаа удаж халсан уснаас татгалзах хэрэгтэй юм байна. Хуванцрын оронд ган эсвэл шилэн савыг хэрэглэх нь зүйтэй.
Хуванцар сав, таглааг богино долгионы зууханд хийх, савтай усыг хөргөгчинд хийхээс татгалзахыг Волтер рийд –ийн армийн эрүүл мэндийн төвөөс мөн нийтэд мэдэгдсэн байна. Диоксин нь бидний биеийн эсийг ихээр хордуулдаг нь батлагджээ. Хөргөгчинд байлгаснаар мөн л хорт бодис ус руу тархдаг байна.
Түүнчлэн, Кейстл эмнэлгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Эдвард Фужимото зурагтаар энэ тухай тайлбарлахдаа, ялангуяа хуванцар саванд хийсэн өөх тостой хоолыг богино долгионы зууханд өндөр хэмд халаахад хуванцраас диоксиныг илүүтэй ялгаруулдаг гэжээ. Тиймээс оронд нь хоол халаахдаа шил, шаазан сав хэрэглэхийг санал болгосон байна. Тэрээр мөн түргэн хоолны газрууд хөөсөнцөр савыг цаасан саваар сольсны учир нь диоксин гэдгийг дурьджээ. Хуванцар таглааны хувьд, хорт бодис дотор талд нь ууршилтаар үүсээд хоол руу дусах боломжтой гэдгийг сануулсан байна. Тиймээс цаас эсвэл алчуураар саваа таглах хэрэгтэй юм байна.

Энэхүү мэдээлэл нь бид өөрсдийгөө хамгаалах нэг хэлбэр бөгөөд ойр тойрныхоо бүхий л эмэгтэйчүүдэд дамжуулахыг хичээгээрэй.

2011-01-25

Догь

< ? p h p
$myData = UseSQLToQueryDataFromAnyDatabase();
WriteNiceHTMLPageWithData ($myData);
?
>

2011-01-18

Цасан...

Цасан хүн л гэж бодож хийсэн чинь хүмүүс цасан охин гээд байсан шүү. Анх тэгж сонсоод гайхсан ч уруул нүдийг нь харахаар магадгүй л юм.
Хамгийн гоё нь цасыг хуйлж эвхэж болж байсанд л тэр өдрийн сайхан нь байсан байх.

2010-10-25

Хүнийхээр

- Монгол ингэхэд хэдэн улстай хиллэдэг юм бэ?
- ...
- Ердөө л үү?
- ..., ...
- Тэгээд ийм том 2 гүрэн. WOW... Тэгвэл ч та нар хөршүүдтэйгээ сайн л харилцаатай байх хэрэгтэй юм байна даа. Тэгэхгүй бол тун амархан...

2010-10-10

Хүнийхээр

2010 оны 5 сар
- Танайх хэдэн хүнтэй вэ?
- Пөөх тийм үү? Хятадын тал шиг ийм том газар дээр үү?
- Тэгвэл ч танайх их баян улс байх аа

2010-10-07

Ганцаараа...

2010-05-09
Гэртээ төдийгүй орчлон дээр ганцаараа юм шиг санагдав, шал сонин.

2010-10-06

Эрхий мэргэний эрэлд

2010-06-19
Нэг найзынхаа зөвлөснөөр цаг агаарын мэдээний энэ сайтыг дандаа хараад сурчихжээ бүр. Гол нь хэт ягаан туяаны индексийг давхар үзүүлдэг, өөр янз бүрийн  мэдээ ч харуулдаг (жишээ нь газар тариалангийн хүмүүст хэрэгтэй мэдээ гэх мэт) болохоор их дуртай байдаг юм. Цөөн хүн ч гэсэн ингэж ашигладаг юм хийчих юмсан (ажлаа бодов).
Харин өнөөдөр энд чинь юу болоод байна аа гэмээр байх чинь...  Эрхий мэргэн харваач гарч ирэхгүй бол ч энэ зун шатах шинжтэй болоод явчихлаа шүү гэж хэхэ.

2010-10-04

Цаг хугацаа гэдэг онгоцонд суугаад тэнгэрийн уудмаар аялаад байгаа ч гэмээр, эсвэл дарвуулт завинд суугаад далай тэнгисээр хөвөөд... Ер нь л нэг тийм хязгааргүйн дунд байгаа мэдрэмжийг авч удлаа. Бас л зөндөө л олон олон хоногийг баяр хөөр, уйтгар гунигтайгаар үдэн өнгөрөөгөөд...
Бичихсэн гэж их л бодох юм. Одоо, түр зуур цаасан дээр эсвэл цахим дэвтэртээ бичиж үлдээсэн тэмдэглэлүүдийг авчрах хэрэгтэй болох нь.

Түр баяртай миний блог

2010-05-25

Төөрсөн нь...

Мэдээ унших гэж явтал төөрчихөв үү яав??? 



2009-04-28

Гарчиггүй

Одоогоос яг нэг жилийн өмнө энэ өдөр...
Учиргүй их улаан шороогоор шуурч билээ Улаанбаатарт. Орой ажил тарахын хэрд дүү минь утастаад “Би чамайг оройн хоолонд урьж байна. Гэрэлээ бид хоёр Хүнсний 20-ын тэнд байдаг Грийн кафе гэдэг газар байна, хүрээд ир” гэв. Ажлаасаа гарах гэтэл юу ч харагдахгүй улаан. Ёстой л жинхэнэ утгаараа Улаанбаатар болчихсон байсансан. Хүлээж хүлээж арай гайгүй болохоор нь гарч, Баяраад төрсөн өдрийн мэндчилгээ өгөхөөр зам хөндлөн гарч ФМ 102.5 орох хооронд эгээтэй л төөрчихөөгүй. Мэндчилгээгээ дамжуулж, түүний юу хэлэхийг нь сонсчихоод л гараад гүйсэн дээ. Үнэхээр удсан л даа би ч. Тэр хооронд “хурдан ир л дээ, хоолыг чинь захиалж байх уу, юу идэх вэ, хоол чинь ирчихлээ ш дээ, очиж байна л гээд байх юм аа ямар их уддаг юм бэ, яг хаана явна аа, хоол чинь хөрчихлөө ш дээ” гээд л утастаад л утастаад л... тэвчээргүй хүн байсан ч юм уу чи?

2009-02-24

Сайхан шинэлээрэй бүгдээрээ

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинэ нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

Мессенжерээр ирсэн сайхан мэндчилгээг оруулав

2009-02-15

ОЛЗ

Энэ сайхан зүйлийг ийм орой олж уншиж байгаадаа гайхаж байна. Найзынхаа зөвлөснөөр дөнгөж сая шүү... Тэгээд бас оройтоогүй дээр нь хэн нэг нь уншаасай гэж бодоод...

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.

2009-01-16

Хөөе, чи гэртээ харьсан бай даа!

За, эргэн тойрон юу болоод өнгөрөв гэдэг шиг юу болоод байна? Толгой эргэм олон блог дунд нэг мэдсэн явж байна ш дээ. Юу вэ, уншиж дуусна гэвэл нас хүрэхгүй бололтой. Дээр 2 жилийн өмнө нэг удаа тэрнээс болж бас шантарч байж билээ. Одоо бүүр замбараагүй болсон нь мэдээж. За энэ яахав.

Нэг мэдээ уншлаа. Би ч мэдээнээс илүү сэтгэгдэл уншиж нэг бол хаха инээж кайф авах, эсвэл уурандаа шууд кийбордоо идэвхтэй ажиллагаанд оруулж эхэлдэг болохоор харж явтал, сэтгэгдэл дотор "Тэр 3 эмэгтэйг Монгол улсын баатар цолоор шагна" гэнээ. Уншаад учиргүй их инээв. Уг нь тэр уншсан мэдээ нь бол эмэгтэйчүүд нийлээд нэг хужааг алчихсан бололтой. Ийм аймаар юм уншаад яанаа гэмээр юм аа, тэсэхгүй инээж л суулаа.

2009-01-14

Хагас. Жил.

Өнөөдөр, дүү минь од болоод... хамаг юмыг хагасруулан, эзгүйрүүлэн орхиод гэнэтхэн явчихсанаас хойш яг хагас жилийг өнгөрөөж байгаа өдөр. Түүнгүйгээр, зөвхөн түүний зураг, түүний тухай зүүд, зүүднээсээ хэлтэлж ирсэн хэдэн дусал нулимс... бас дандаа ийм муу биш ээ, түүнийхээ тухай гэгээн сайхан дурсамжууд, гэнэн хонгор хүүхэд насных нь үлгэр шиг, зүүд шиг жаргалтай олон олон өдрүүдийн нандин бүхэнтэйгээр амьдарч байгаа хагас жил өнгөрч. Ээ цаг хугацаа...

2008-12-31

За ингээд нэг мэдэхэд оны сүүлчийн өдөр эхэлчихлээ. Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л...
Муухай хар дарсан зүүд шиг өнгөрч байгаа энэ жил баяртай. Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!

2008-12-28

MONGOLIA

За нөгөө аль дээр л ярьж байсан зүйлээ өнөөдөр нэг оруулъя даа, худлаа яриад он гаргах нь. Энд соёмбоны тухай оруулсан текстийн дээр төрийн далбаа наалттай байсан бөгөөд салаад уначихсан хойно нь зураг авсан байна. Тэгээд царайлаг биш гарчиж ;)) Соёмбоны тухай бичсэн зүйлийг Оюухай олсон нь таалагдсан учир далбаан доор наасан юм. Түүнийг доор хуулчихъя. Бас тэр гэрийн задаргаа зургийг сөхөхөөр гэрийн тухай бичээстэй байгаа юм.

2008-11-29

Ээж ээ, танд би хайртай

Өнөөдөр асралт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Тандаа маш их хайртай ээж ээ! Хэрэв та байгаагүй бол би аавыг, таныг, дүүгээ, цаашлаад ах дүүс, найз нөхөд, орчлон ертөнцийг ч харахгүй байх байсан. Зүгээр л хэлэхэд тангүйгээр би байхгүй.
Арван сар хэвлийдээ тээн, ангир уургаа хөхүүлэн, эрүүл саруул өсгөж, хүн шиг хүмүүжүүлсэн ээж минь таны ачийг хариулж би дийлэхгүй ч...

ХАЙРТАЙ...

2008-11-26

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ!

1. Монгол гэх юм байна уу?
Хэл шинжлэлийн ухаанд дэлхий дээрх хэлүүдийг
  1. үсэгт - alphabetical
  2. дүрст - pictogram
  3. ? - logogram (Үүнийг мэддэг хүн байвал хэлж туслаарай)
гэж 3 ангилдаг бололтой. Эдгээрээс дүрснээс үүссэн, дүрсээр тэмдэглэгддэг нэг хэл болох хятад хэлний тухай хэдэн үг бичмээр санагдаад.
Хамгийн муухай гэж үзэн яддаг байсан энэ хэлийг сурах гэж явах юм гэж төсөөлөөгүй ч харин одоо сонирхолтой санагдаад хичээж байна. Ингэлээ гээд дургүй хятаддаа дуртай болохгүй нь лав байх. Гэхдээ их өөр нүдээр харах болно.

2008-11-13

Аз жаргал

Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэ тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр...
Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Бүүр дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүндээ л хамгийн бага хэлж.

2008-11-03

Меламин...

Энэ магадгүй бага зэрэг оройтсон байж мэдэх ч энд оюутны холбооноос ирсэн мэдээн дотор байсныг үзээд хэрэг болж юу магад гээд, дээр нь сонирхолтой санагдаад... орчуулж тавихыг оролдов. Захиа ирснээс хойш бас нэлээн удаж, цаг алдсан байна.
Зураг нь чанар муутай байгаад хүлцэл өчье. Дараа сайжруулахыг бодно оо, шөнө болчихсон чинь залхуу хүрээд байна. Ялангуяа сүүлийн 2 зураг чухал учраас хүсвэл та дээр нь дараад чанартай хэлбэрээр нь хараарай.

Хятадад сүү хордуулсан хэрэг гарч хүн бүхэн л айж байгааг өдөр тутмын сонингууд мэдээлж байна. Өдөр бүр мэдээ өөрчлөгдөж байгаа хэдий ч бидэнд юуг идэж болох юуг болохгүй гэдгийг хэн ч хэлэхгүй л байна.

1. Хортой сүү гэж яг юу вэ?
Энэ бол меламин хольсон сүүг л хэлж байгаа юм.


2008-10-05

Надад хэрэггүй нэг дүрс байгаа ч...

Энэ нээрээ тас дуу болсон шүү.



Өөр хувилбар нь

2008-09-27

Эр хүн

"Шөнө амталсан нулимс" жүжгийн дуу
СТА С.Жавхлан дуулсан.
Бороотой тэнгэрээс уйдахдаа
Оддоо газар нь зүүдлэх шиг
Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн
Дээлтэй хийморь нь биш гэж үү эр хүн би чинь

Тахилтай уулын оройгооос
Чулууг нь гуйж хөндөх шиг
Таван хана нь нар зөв тойрсон
Тооно нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Манантай уулнаасаа залхахдаа
Мэлмийн сэжүүр нь хөлөрдөг шигээ
Миний эзгүйд гал минь санаа алдсан
Голомт нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Салхитай саран намраас нь
Навчаа гуйж үлдээх шиг
Цайны дээж нь тогоондоо хүлээсэн
Айлын хоймор нь биш гэж үү эр хүн би чинь

Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ
Нулимсаа ханцуйдаа нуудаг ч гэсэн
Нүүгээд ирдэг шувуудын цувааг
Уйлж л угтаагүй гэж үү дээ эр хүн би чинь

Ижий аавын залбирлаар
Заяагаа дуудсан эр хүн би чинь
Инээж уйлдаг нарны дор
Ийм л амархан гудайна гэж үү
Эр хүн би чинь

Нэгэн цагт түүнд зориулан бэлдсэн байснаа орууллаа
Клипийг нь холбох гэхээр миний бичсэн сэтгэл харагдахгүй байхаар нь болилоо

2008-09-21

Халуун сэтгэл

Харанга хамтлаг дуулсан
Итгэлт сайхан хань минь дэргэд ч
Танаараа л дутаж явнаа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм

Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно

Ээжийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ

Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Тэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа

Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би

Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн

Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа

2008-09-20

“Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байна

БНХАУ-ын сvvний компаниуд хvvхдийн сvvндээ химийн хортой бодис меламин хэрэглэсний улмаас дөрвөн хvvхэд нас бараад байна. Vvнтэй холбогдуулан Хонг Конг тус компаниудын сvvн бvтээгдэхvvнийг зах зээлээсээ эргvvлэн татаж байна.
Одоогоор уг химийн бодисийг агуулсан сvv, зайрмаг, тараг зэргийг илрvvлээд байгаа бөгөөд тvvнчлэн бидний хэрэглэж байгаа “Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байгаа ажээ.

2008-09-01

Аймаар

Цагийн урсгал биднийг хүлээхгүй урсдагаараа урсан өнгөрсөөр. Уй гашуу, уйтгар гуниг, ганцаардал гомдол, атаа хорсол, учрал хагацал, сайхан сэтгэл, хайр дурлал, тус дэм, нөхөрлөл бүхний гэрч болон хэдэн зуун жилээр бидний зүрхэн дундуур зовлон жаргалаар ээлжлэн хувиралгүй, "цөхрөлгүй", тасралтгүй, зогсолтгүйгээр урсана. Урсахдаа зөвхөн урагшилж урсана. Харин бид эсрэгээрээ заримдаа ухарна. Түүний урсгал энэ бүхнийг элээн хуучруулна. Гэвч цагийн эргэлтэд хуучрах биш тодордог ч зүйл цөөнгүй.
Хэдийгээр хүн зовлонг туулж байж л цаг хугацаа өнгөрөн алс тэртээ одсон хойно нь аз жаргалын амт, үнэр, үнэ цэнийг мэдэрдэг ч гэсэн ийм хэтэрхий их үнэ цэнээр түүнийг мэдэрч байсан гэдгээ ухаараад ч яах юм. Тэрхүү бал бурам шиг цаг хугацаа зүүд зэрэглээ төдий хий хоосон зүйл болон үлдэнэ, аль хэдийн...

...аль хэдийн 49 өдөр 49 шөнийг ардаа үдэж. Гомдолтой, нулимстай өдрүүд бага тохиолдоосой.

АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МЭ ХУМ

2008-08-25

МААНИЙН СУРГААЛ

МЭРГЭН ГЭГЭЭН ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН

МААНИЙН СУРГААЛ
Ертөнц болбоос гаслант ертөнц мөний тул аливаа хүн бүү гутарч гунирч, биедээ төлж баршгүй хилэнц нүглийг хийгтүн! Ертөнцийн аливаа хүн цөм хилэнц нүглийг хийхгүйгээр сайн санаа бодь сэтгэлээр явбаас харанхуй замаас салж, Диваажингийн оронд дэвшин, үхэлгүй мөнхийн шидийг олж, үгүйршгүй баян шидийг олж жаргах нь магад болой!



Оломгүй далайн усыг

Онгоцоор үл гатлах

Орчлонгийн амьтан бүхэн

Мөнх үл суух

Оосоргүй тамд

Очих магад тул

Ум ма ни бад ми хум

2008-08-01

Сэтгэлийн зул

Өнөөдөр дүү минь 28 нас хүрэх байсаан.
Хүмүүний биеийг олж нарт ертөнцөд мэндлэхийн эцсийн үр дүн үхэл хэдийгээр мөн боловч үүлэн чөлөөний нар адил үзэгдээд л өнгөрөх тавиланд төрсөн гэж чамайг мэдсэнгүй хайрт дүү минь. Ийм зовлон ганц надад ирээгүй ч арай л дэндүү эрт таарч. Төрөхөөс үхэх хүртэл хүний амьдрал гэдэг "урт" атлаа асар богинохон тойрог байдаг хэдий ч чинийх хэтэрхий богинохон байжээ.
Харуусал, хүнд бодол, гашуун нулимс, үүрэг хариуцлагын дунд биднийг орхиод ийм хурдан одохыг чинь мэдсэн бол...
Тэр аймшигт өдрийн, асар богино хэдий ч хэтэрхий урт хэдхэн хоромд мэдэрсэн, бодсон бүхнийг чинь нүднээс чинь ч атугай уншиж чадсан бол...

Тэнгэрт алтан наран хиртэж байгаа бүүдгэр энэ өдөр шиг л зуны аагим халуун өдрүүд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийг мэдрүүлэн зүрхэн дундуур нулимстай хамт урсаад л байна. Элэг эмтрэх гэдэг энэ байх аа.

Орчлонг хамтдаа элээх байсан эгч нь дүүдээ сэтгэлийн зул өргөж байна. Орж ирсэн хүмүүс энэ зулыг асаан, мөнхөд бадамлаж байх болно оо гэж сэтгэлдээ бодсондоо тэр.

Ээж минь дүүг хэвлийдээ тээснээс хойш 29 жил мэднэ. Харин би ухаан орсон цагаасаа гээд бодвол 25 жил мэдэх байх. Гэвч энэ хугацаанд дүүгээ зэмлэж байсан нь олон. Бүр дэндүү их. Тиймээс хүмүүс ээ, бие биенээ амьд ахуйд нь хайрлая.



АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
ЗОВЛОН ҮНЭН
ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН
ЗОВЛОНГ ГЭТЛЭХ НЬ ҮНЭН
ЗОВЛОНГООС ГЭТЛЭХ АРГА ЗАМ ҮНЭН

ЭМГЭНЭЛ


Бидний хамгийн эрхэм дотны хүн Шинэ Жалайр овогт Чинбатын ХҮДЭРЧУЛУУН 2008 оны 7-р сарын 14-ний өдөр зуурдаар тэнгэрт хальж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач 1980 оны 8-р сарын 1-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1997 онд дунд сургууль төгсч 2001 онд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм. 2001-2006 онд Аэрогеодези ХХК-д техникч, инженерээр ажиллаж байгаад 2006 онд TOP SURVEY ХХК-ийг үүсгэн байгуулалцаад өнөөг хүртэл инженер, ахлах инженерээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулах ариун үйлсэд оролцон, хил шалгах Монгол Улсын багт орж, нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд идэвх зүтгэлтэй ажилласныг нь төр засаг, холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.

Талийгаач маань ханьдаа түшиг тулгуур, үр хүүхэддээ халамжит эцэг, эцэг эхдээ хайртай үр нь байж чадсан юм. Талийгаачийн ажилсаг, хичээнгүй, хүнлэг, шулуун шударга зан чанарыг мөнхөд санан дурсах болно.
Түүний минь эгэл гүндүүгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.

Цаг бусаар тэнгэрт хальсан хайрт хүний минь гэгээн дурсгалыг хүндэтгэн, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд
2008-07-18

"Өнөөдөр" 2008 оны долдугаар сарын 18. Баасан.
№164(3427) В2 тал