2009-04-28

Гарчиггүй

Одоогоос яг нэг жилийн өмнө энэ өдөр...
Учиргүй их улаан шороогоор шуурч билээ Улаанбаатарт. Орой ажил тарахын хэрд дүү минь утастаад “Би чамайг оройн хоолонд урьж байна. Гэрэлээ бид хоёр Хүнсний 20-ын тэнд байдаг Грийн кафе гэдэг газар байна, хүрээд ир” гэв. Ажлаасаа гарах гэтэл юу ч харагдахгүй улаан. Ёстой л жинхэнэ утгаараа Улаанбаатар болчихсон байсансан. Хүлээж хүлээж арай гайгүй болохоор нь гарч, Баяраад төрсөн өдрийн мэндчилгээ өгөхөөр зам хөндлөн гарч ФМ 102.5 орох хооронд эгээтэй л төөрчихөөгүй. Мэндчилгээгээ дамжуулж, түүний юу хэлэхийг нь сонсчихоод л гараад гүйсэн дээ. Үнэхээр удсан л даа би ч. Тэр хооронд “хурдан ир л дээ, хоолыг чинь захиалж байх уу, юу идэх вэ, хоол чинь ирчихлээ ш дээ, очиж байна л гээд байх юм аа ямар их уддаг юм бэ, яг хаана явна аа, хоол чинь хөрчихлөө ш дээ” гээд л утастаад л утастаад л... тэвчээргүй хүн байсан ч юм уу чи?

Хамт сууж тухтай хооллосон сүүлчийнх нь тэр байж дээ. Цаг хугацаа гэдэг мөнхийн эргүүлэг намайг буцаагаад тэр зөрлөг дээр аваад ирж. Цаана нь бас өч төчнөөн ийм, үүнээс хэцүү өдрүүд ар араасаа хөврөөд л байх болно доо.
Хүний амьдрал богинохон. Гэтэл тэрийг хэд дахин богиносгоод явчихсан чамайг би яалтай...


Солонго билээ би

МУ-ын төрийн соёрхолт,

ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн


Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоо эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой
Гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний
Өвөр дээгүүр татсан
Солонго билээ би

Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад өнгөрөх
Зургийн алаг
Солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд
Чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд
Цэцэг илж татсан

Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр
Олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр
Бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би

16 comments:

  1. Шороон шуургыг УЛААН гэе
    Хоолыг дэлгэр НОГООН гэе
    Мэндчилгээ өгөх гэж гүйж явсан сэтгэлийг чинь Тэнгэрийн ХӨХ гэе
    Төөрчихвий гэсэн айдсыг бараан ХАР гэе
    Хүлээж, байж ядсан дүүгийн чинь сэтгэлийг БОР гэе
    Ар араасаа хөврөх өдрүүдийг нэгэн хэмийн ШАР гэе
    Дүүгээ дурсах дурсамжийг ариухан ЦАГААН гэе
    Цаг хугацааны эргүүлгийг солонгийн ДУГУЙ гэе
    Наанаа хагас дугуй харагдавч цаагуураа битүү гэж төсөөлье
    Ингээд чи Лхагвасүрэн гуайн "Солонго билээ би" шүлэг болох нь тэр. Өөрөөр хэлвэл чи блогтоо хоёр сарын дараа солонго татуулсаар иржээ.

    ReplyDelete
  2. ulesson.blogspot.com сонирхоод үзээрэй

    ReplyDelete
  3. Юу гэж хэлэхээ мэдэхгүй хэд хонов...

    ReplyDelete
  4. Амьдралыг бүхнийг үзэн яджийна.

    ReplyDelete
  5. Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
    Блог хичээл:
    ulesson.blogspot.com

    ReplyDelete
  6. Одоо л өөрийнхөө гэрт орж ирэх шиг боллоо. Хятадад бүх юм хаалттай хэцүү юм аа. Гэртээ ирж байж нэг юм...

    ReplyDelete
  7. Dok-00 yagaad blogoo bichihee bolichihson be
    Chinii bichlegiig unshih durtai haayadaa ch gesen orj irj chamtai hamt bayarlaj gunidag bsan. Suuliin ued erdoo bichihgui bolohoor chin sanaa zovj baina. Buh zuil sain saihan gej naiday
    ....

    ReplyDelete
  8. хэй, баярлалаа. Блогийнхоо хамгийн анхны сэтгэгдлийг уншиж байгаа юм шиг л догдоллоо ш дээ. Энд Хятадад энэ сайт хаалттай. Гэхдээ нэг софт ашиглаад нээдэг ч заримдаа нээгдэхээ больчихдог юм аа. Тэгээд бичих бүү хэл нээлгүй удаж байна аа. Бичих санаа ямар их байгаа гээч... Юутай ч гэсэн баярлалаа маш их. хэхэ
    Удахгүй зочлоорой. Сайхан гал түлж, сүүтэй цай чанаад хүлээж байна аа.

    ReplyDelete
  9. Sain u, Chamaig sain baigaag sonsohod tun ch taatai baina. Chi China-d bgaam u ali hotod baina da? Bi BJ-d togsson, haayadaa tend bsan ue-ee sanadag. Oyutan tsagaa gej...
    Enjoy your time in China, and make most the most out of it. 加油!!!

    ReplyDelete
  10. Чи намайг бичихгүй бол болохгүй байдалд оруулж байна уу даа, хэхэ.
    Би Чангша-д байдгийн. Баярлалаа. :)

    ReplyDelete
  11. юм бич л дээ хө чамд би хичнээн хэлдэг юм

    ReplyDelete
  12. Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
    Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд...хүний нэгэн насны амьдрал яг л энэ шүү дээ.

    ReplyDelete
  13. 3 жилийн дараа чиний энэ бичлэгт сэтгэгдэл үлдээж байна. 4 жилийн өмнө энэ бичлэгт өгүүлсэн хүмүүс, энэ бичлэгийг бичсэн чи бас би хаана юу хийж, юу бодож санаж явсан.. одоо хаана хаана юу хийж, яаж явна. Амьдрал ийм шүү дээ.

    ReplyDelete
  14. Би лав цаг хугацаа улирах тусам нэг иймэрхүү эргэж хараад явсан замынхаа тодорхой тодорхой цэгүүдийг хооронд нь харьцуулаад л суумтгай болчихож. Тэндээсээ юм олж харвал, ухаарвал баярлачихаад л.. мөч бүхэн бидэнд өөрчлөлтийг авчирч байна. Тиймдээ ч ямар ч хоёр агшин хоорондоо адилгүй байдаг. Зарим нь багахан ялгаатай, зарим нь томоо..

    ReplyDelete
  15. Солонго билээ би

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)