Showing posts with label Амьдрал. Show all posts
Showing posts with label Амьдрал. Show all posts

2016-11-05

Явуулахуйн гайхамшиг

Амьдрал болсон хойно өдөр бүр инээж, эрхэлж өнгөрөхгүй болохоор... Өнгөрүүлж сурах гэдэг том сургууль юм уу даа. Таарсан таагүй бүхнийг, гомдол гунигийг явуулаад сурчихаар... Баяр баясал ч бас тийм ч том санагдахаа больдог нь сөрөг байж магад. Гэхдээ л таагүйг өнгөрүүлж, хэрэггүйг явуулж сурах хэрэгтэй л юм байна даа. Сэтгэл санаагаа чөлөөлж, хөнгөлж байхгүй бол ийм их стресстэй цаг үед амьдарч байгаа бид даахгүй байж болох шүү дээ.
Дотно хүнийг, мэдрэмжийг, дурсамжийг ч явуулахад хэцүү ч гэлээ тавьж явуулж сурах хэрэгтэй, хэрэв чи яаж ч чадахгүй л бол... өөрийгөө чөлөөл!

2016-02-14

Цагаан сар уу, урт шар уу? Юутай ч хүрээд л ирлээ дээ.

40 нас руу дөхөөд ирэхээр, бас юм юм бодогдох л юм. Найз хүүхнүүдээ охид гэж дуудах, дуудуулахдаа дуртай байсан. Энэ бие хааны байгаа царайг харахад өөр нэрээр дуудуулахад зохимжтой болох нь уу даа гэмээр байна шүү...

Цагаан сар гэж, цаг хугацаа гэж хурдан юм... Яах ийхийн зуургүй ажил орох боллоо. Хавар ийм хурдан билүү гэмээр ямар сайхан өдрүүд өнгөрөв өө. Өнгөрсөн өвөл шиг хахир хатуухан, урт өвлийг давсан хүн байтугай малын зоо тэнийдэг нь аргагүй юм аа гэмээр сайхан өдрүүд байлаа. Ер нь хавар ирэнгүүт л налайгаад дулаарчихдаг, сонин шүү. Хаврыг их л зөв тооцдог шиг байна энэ сарны тоололд. 
Жилийн 365 хоногийн ихэнхийг бид өдөр тутамдаа баригдаж, сааралдуухан өнгөрөөдөг болохоор; жилдээ ганц уулзаж байгаа хүмүүс олон болохоор; өнгө өнгийн дээлээр гоёсон гоё хүмүүс өнгө оруулдаг болохоор; бүх хүн л билэгтэй сайхан үгс хэлэлцдэг болохоор; авсан бэлгэндээ баярлах хүүхдүүдийн хөөр их болохоор сайхан л баяр юм. Тэгж мэдэрдэггүй л байж дээ. Одоо тэгж бодох болж.  Бас л нөгөө өөр нэртэй холбоотой байх даа...



2015-12-26

ТАЛАРХАЛ

(Ноороглоод үлдээснээ олж гаргав. 2008 оны бичлэг)
Алтай, Хангайн нуруу шиг түшигтэй ханхар сайхан залуу байлаа дүү минь. Зураг болоод л үлдлээ гэхэд итгэхийн аргагүй санагдах юм одоо хүртэл... Ингээд хайран сайхан залуу насыг чинь аваад одох юм гэж яаж санах билээ.

Түүнийг байгаа гэж бодоод юунаас ч, хэнээс ч айдаггүй, санаа зовдоггүй байж билээ. Одоо бол тэрэгний 1 дугуй нь унасан адил санагдаж байна.

Уй гашууг минь хуваалцан, хэцүү хүнд өдрүүдийг даван туулах хүч хайрласан хүмүүсийн сайхан сэтгэлд шүтэн талархаж байна.

Амьд хүн аргатай болохоор идэх уух, унтахаас эхлээд л... Амьдрал үргэлжлэх бололтой.
2008-08 сар

2015-07-14

7 жил...

...өнгөрч. Зүрхэн дундуур үүнээс илүү тод мөр үлдээн урсах өөр ямар нэг юм огт санахгүй юм. Шалтгааныг нь зүүднээсээ ч хайн бэдэрсээр насыг барах юм болов уу. 
Туулай, тагтаатай... өдөр өнгөрлөө. 

Хэсэгтээ түүнийг тийш дахиж аваачихгүй ээ. 
Туслаарай, гуйж байна. 

2014-01-01

Энэ жилийн ЭХЛЭЛ - "Амьдрал бол тэвчээр хатуужил"

Цаг төлөвлөлт "сайн"-аас болж Мөөгийгөөс бэлэг авсан юм, 11 сард. Сайн байсан юм чинь бэлэг өгөлгүй яахав дээ, хэхэ. 

Тэр бол 2014 оны цаг төлөвлөлтийн дэвтэр, миний хажууд дэлгээтэй байна яг одоо. Тэр үедээ ашиглаж эхлэх гэснээ он гарахаар болъё гээд үлдээсэн байсан, одоо хэрэг болох нь ээ.

Саяхан бас л юм юм бодож явсан нэг өдөр он эхлэхэд юу ярьдаг тухай бодолд ээрэгдлээ. Их л юм бодож, төлөвлөж эхэлдэг тухай бодол. Гэхдээ бүтэх нь миний л хувьд тун бага юм аа гэж бодоод... Нөгөө ухаарлын 7 хоног оюутнуудад байдаг шиг л оны эхнээс л тэгнэ ингэнэ гээд л бодоод төлөвлөөд л... тэгсгээд л яваандаа алга болдог гэдгээ анзаараад. Шинэ он гарангуут л тэгэхгүй шинэ хүн болъё, нөгөө шинэ дэвтрээ ашиглаад... гэж бодож сууснаа... би ер нь л өөрчлөгдөхгүй юм байна гэдгээ ойлгосон юм. Нэгэнт тогтсон барил шүү дээ. 
Ер нь өөрчлөгдөх болов уу гэж толгой руу хэд хэд орж ирсэн хэдий ч... хариу хайгаад л байсан ч... 
Олж амжаагүй зүйлээ сая оллоо - Амьдрал бол тэвчээр хатуужил

2012-10-18

Амьдралаа эхэлж байгаа дүү охинд

Дүү минь... Амьдрал бидэнд сайн сайхан олныг өгдөг шүү дээ.
Шувууд биднийг баясгах гэж жиргэдэг, нар биднийг дулаацуулах гэж ээдэг, салхи биднийг сэргээж, сэрүүцүүлэхээр сэвшдэг. Нүд алдуулан баясгах гэж өнгийн цэцэгс алаглаж, солонго татан зун болдог юм.
Гэхдээ бас, нар гарах ямар дулаахан, ямар сайхныг мэдрүүлэх гэж л үүл зангирч, бороо шивэрдэг юм. Цас ханзарч, яргуй хэнзлэн, шувууд ганганан, ирж буй цагаар сэтгэлийг минь хөглөх л гэж идэр есийн хүйтэн тачигнадаг юм ш дээ хонгор минь. 

Тийм болохоор... Битгий их гунигла аа. Гунигаа тайлан хаях ямар сайхан бэ гэдгийг чи мэдрэх гээд л өнөөдөр чиний сэтгэл хөнгөн гунигтай байгаа юм. Бүх юм сайхан болно оо. Инээмсэглэ  :-)

2012-08-31

Цаг хугацаа

Цаг хугацаа юм бүхнийг элээн хуучруулж...

2012-08-14 11:37AM
Өдрийн наранд дэлбээгээ дэлгэж нар ээгээд...


2012-08-14 7:59 PM 
Орой болоод дэлбээгээ хумьчихаж.


2012-08-20 6:43AM. 
Наранд дэлгэрч амжаагүй л байна, эрт байгаа болохоор.


2012-08-21 7:08 AM. 
Харин өнөөдөр шүүдэр буугаад хонож.


2012-08-27 6:31 AM. 
Удахгүй бүр хагдрах нь. Манайд зун урт байсан бол энэ цэцэг гоёороо удах байсан болов уу? 


Одоо тэнд харин, ийм гоё цэцэг ургаж байсан гэхээргүй, ямар ч ул мөргүй л байгаа даа...
/2012-09-28/

2012-02-12

Мөсөн угалз

Өвөл дуусах гээд л... Жавар тачигнасан энэ өдрүүдэд цантсан цонхон дээр хээ угалз урлаад, дуусахаас нь өмнө амжуулъя гэсэн шиг л завгүй байх. Хэчнээн ганган гээч тэр нь... Цаг хугацаатай уралдан байгаа болохоор тийм ганган юм уу?


2009-01-14

Хагас. Жил.

Өнөөдөр, дүү минь од болоод... хамаг юмыг хагасруулан, эзгүйрүүлэн орхиод гэнэтхэн явчихсанаас хойш яг хагас жилийг өнгөрөөж байгаа өдөр. Түүнгүйгээр, зөвхөн түүний зураг, түүний тухай зүүд, зүүднээсээ хэлтэлж ирсэн хэдэн дусал нулимс... бас дандаа ийм муу биш ээ, түүнийхээ тухай гэгээн сайхан дурсамжууд, гэнэн хонгор хүүхэд насных нь үлгэр шиг, зүүд шиг жаргалтай олон олон өдрүүдийн нандин бүхэнтэйгээр амьдарч байгаа хагас жил өнгөрч. Ээ цаг хугацаа...

2008-11-13

Аз жаргал

Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэ тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр...
Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Бүүр дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүндээ л хамгийн бага хэлж.

2008-09-21

Халуун сэтгэл

Харанга хамтлаг дуулсан
Итгэлт сайхан хань минь дэргэд ч
Танаараа л дутаж явнаа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм

Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно

Ээжийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ

Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Тэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа

Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би

Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн

Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа

2008-09-01

Аймаар

Цагийн урсгал биднийг хүлээхгүй урсдагаараа урсан өнгөрсөөр. Уй гашуу, уйтгар гуниг, ганцаардал гомдол, атаа хорсол, учрал хагацал, сайхан сэтгэл, хайр дурлал, тус дэм, нөхөрлөл бүхний гэрч болон хэдэн зуун жилээр бидний зүрхэн дундуур зовлон жаргалаар ээлжлэн хувиралгүй, "цөхрөлгүй", тасралтгүй, зогсолтгүйгээр урсана. Урсахдаа зөвхөн урагшилж урсана. Харин бид эсрэгээрээ заримдаа ухарна. Түүний урсгал энэ бүхнийг элээн хуучруулна. Гэвч цагийн эргэлтэд хуучрах биш тодордог ч зүйл цөөнгүй.
Хэдийгээр хүн зовлонг туулж байж л цаг хугацаа өнгөрөн алс тэртээ одсон хойно нь аз жаргалын амт, үнэр, үнэ цэнийг мэдэрдэг ч гэсэн ийм хэтэрхий их үнэ цэнээр түүнийг мэдэрч байсан гэдгээ ухаараад ч яах юм. Тэрхүү бал бурам шиг цаг хугацаа зүүд зэрэглээ төдий хий хоосон зүйл болон үлдэнэ, аль хэдийн...

...аль хэдийн 49 өдөр 49 шөнийг ардаа үдэж. Гомдолтой, нулимстай өдрүүд бага тохиолдоосой.

АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МЭ ХУМ

2008-08-01

Сэтгэлийн зул

Өнөөдөр дүү минь 28 нас хүрэх байсаан.
Хүмүүний биеийг олж нарт ертөнцөд мэндлэхийн эцсийн үр дүн үхэл хэдийгээр мөн боловч үүлэн чөлөөний нар адил үзэгдээд л өнгөрөх тавиланд төрсөн гэж чамайг мэдсэнгүй хайрт дүү минь. Ийм зовлон ганц надад ирээгүй ч арай л дэндүү эрт таарч. Төрөхөөс үхэх хүртэл хүний амьдрал гэдэг "урт" атлаа асар богинохон тойрог байдаг хэдий ч чинийх хэтэрхий богинохон байжээ.
Харуусал, хүнд бодол, гашуун нулимс, үүрэг хариуцлагын дунд биднийг орхиод ийм хурдан одохыг чинь мэдсэн бол...
Тэр аймшигт өдрийн, асар богино хэдий ч хэтэрхий урт хэдхэн хоромд мэдэрсэн, бодсон бүхнийг чинь нүднээс чинь ч атугай уншиж чадсан бол...

Тэнгэрт алтан наран хиртэж байгаа бүүдгэр энэ өдөр шиг л зуны аагим халуун өдрүүд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийг мэдрүүлэн зүрхэн дундуур нулимстай хамт урсаад л байна. Элэг эмтрэх гэдэг энэ байх аа.

Орчлонг хамтдаа элээх байсан эгч нь дүүдээ сэтгэлийн зул өргөж байна. Орж ирсэн хүмүүс энэ зулыг асаан, мөнхөд бадамлаж байх болно оо гэж сэтгэлдээ бодсондоо тэр.

Ээж минь дүүг хэвлийдээ тээснээс хойш 29 жил мэднэ. Харин би ухаан орсон цагаасаа гээд бодвол 25 жил мэдэх байх. Гэвч энэ хугацаанд дүүгээ зэмлэж байсан нь олон. Бүр дэндүү их. Тиймээс хүмүүс ээ, бие биенээ амьд ахуйд нь хайрлая.



АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
ЗОВЛОН ҮНЭН
ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН
ЗОВЛОНГ ГЭТЛЭХ НЬ ҮНЭН
ЗОВЛОНГООС ГЭТЛЭХ АРГА ЗАМ ҮНЭН

ЭМГЭНЭЛ


Бидний хамгийн эрхэм дотны хүн Шинэ Жалайр овогт Чинбатын ХҮДЭРЧУЛУУН 2008 оны 7-р сарын 14-ний өдөр зуурдаар тэнгэрт хальж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач 1980 оны 8-р сарын 1-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1997 онд дунд сургууль төгсч 2001 онд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм. 2001-2006 онд Аэрогеодези ХХК-д техникч, инженерээр ажиллаж байгаад 2006 онд TOP SURVEY ХХК-ийг үүсгэн байгуулалцаад өнөөг хүртэл инженер, ахлах инженерээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулах ариун үйлсэд оролцон, хил шалгах Монгол Улсын багт орж, нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд идэвх зүтгэлтэй ажилласныг нь төр засаг, холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.

Талийгаач маань ханьдаа түшиг тулгуур, үр хүүхэддээ халамжит эцэг, эцэг эхдээ хайртай үр нь байж чадсан юм. Талийгаачийн ажилсаг, хичээнгүй, хүнлэг, шулуун шударга зан чанарыг мөнхөд санан дурсах болно.
Түүний минь эгэл гүндүүгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.

Цаг бусаар тэнгэрт хальсан хайрт хүний минь гэгээн дурсгалыг хүндэтгэн, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд
2008-07-18

"Өнөөдөр" 2008 оны долдугаар сарын 18. Баасан.
№164(3427) В2 тал

2007-12-17

"Найз бол миний хоёр дахь мөр"

Хувьтай хүн хулгана жилийг үздэг нь үнэн юмуу эсвэл хүний сайн нь түрүүлж явдаг гэдэг нь үнэн юм уу? Хийж бүтээх ид оргил насан дээрээ явсан олонд танигдсан танигдаагүй хэчнээн сайхан хүмүүсийн орон зай хоосроод байна даа эргэн тойронд.

Найз минь энэ хорвоог орхин одоод 2 сарын нүүр үзэх нь. Амьдын зол... гэгчээр л өдөр тутмынхаа амьдралд автаад мартагнаж л явна даа бид чинь. Найз аа гэж... Нэгэн удаа блогтоо энэ тухай тэмдэглэж байсан санагдах юм.

Зүтгэж нэг нь ирж найзалдаг

Зугтаж нөгөө нь салж оддог ч билүү нэг иймэрхүү байсан санагдаж байна.


2007-11-22

Эргүүлэг

Хүүхэд байхад зуны амралтыг Завхан голын эрэгт байдаг Гуулингийн амралтанд аав ээжтэйгээ хамт, эсвэл хажууд нь байдаг "Нөхөрлөл" пионерийн зусланд найзуудтайгаа амарч өнгөрөөдөг байсан хүүхдүүд зөндөө. Голын усны эргүүлэг гэж аймаар зүйлийн тухай яриад л, живчих вий гэж болгоомжлоод л... Чөтгөр сүнс гэж нэгнийгээ айлгаад шал давс нэмчихсэн гашуун шорвог зүйлийг ч ярилцдагсан. Уулын оргил булаалдаад, бүлэг бүлгээрээ уралдаад л... сайхан зүйлс зөндөө. Ооны баяр гэж нэг гайтай баяр байна. Хамар амаар дүүрэн оо болчихоод бөөн заваарсан юм. Эргээд бодоход дэндүү жаргалтай бидний бага нас аа гэж.

2007-11-02

Манай ажлын өрөөний цонх нэг тийм битүү мухар руу харж байрладаг юм. Өнөөдөр санамсаргүй харсан чинь тэр мухарт, гадаа гудамжинд амьдардаг нэг хүн нас бараад цагдаа нар ирээд авч явж байгааг хараад маш их хямарлаа. Хэцүү юм аа хүний амьдрал гэж. Нэг нь даарч бээрч осгож амь наснаасаа хагацаж байхад 2 алхмын цаана хажууд нь байгаа цонхны цаана дулаахан халуун, амьдрал үргэлжлээд л... Тэр хөөрхий болсон ганц амийг аврахад хүрэлцэхүйц дулаан байгаа ч...

2007-09-08

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НУЛИМС

Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлдаг юм бэ?” гэж асуухад ээж нь “Эмэгтэй хүн учраас тэр дээ миний хүү” гэж хариулжээ. “Би ойлгохгүй байна“ гэхэд ээж нь түүнийг тэврэн “Чи хэзээ ч ойлгохгүй байх аа даа” гэжээ.
Дараа нь хүү ааваасаа “Ээж яагаад уйлдаг юм бэ?” гэхэд аав нь “Эмэгтэйчүүд гэдэг чинь бүгдээрээ л шалтгаангүй уйлдаг юм ш дээ” гэж хариулжээ.
Хүү том болоод бурхнаас асуув. "Бурхан минь, эмэгтэй хүн яагаад ийм амархан уйлдагийг надад хэлж өгөөч" гэхэд нь бурхан ингэж хэлжээ.
“Би эмэгтэй хүнийг бүтээхэд түүнд онцгой зүйл хэрэгтэй байсан юм. Тэр бол нулимс. Би эхлээд түүний мөрийг дэлхийг үүрсэн ч даахаар хүчтэй болгосон. Бас түүнийг их уян зөөлөн болгосон. Би түүнд хүүхдүүддээ амьдрал бэлэглэхүйц их хүч тэнхээ өгсөн. Би түүнд, өвчнийг ч ядрахыг ч үл тоон гэр бүлээ хамгаалах тэнхээ өгсөн. Би бас түүнд, үр хүүхдүүддээ гомдсон ч гарцаагүй тэднийг л хайрлах тийм мэдрэмжийг өгсөн. Мөн, эр нөхрийнхөө алдаа эндэгдлийг тэвчин уучлах хүч чадлыг ч марталгүй өгсөн юм даа.

Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хэрэгтэй үедээ гаргаж байх нулимсыг өгсөн юм.

Хүү минь сонс, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн түүний өмссөн хувцсанд биш, түүний царайнд ч биш, түүний сайхан үсэнд ч байдаггүй юм. Тэдний гайхам сайхан үзэсгэлэн нүдэнд нь нуугдаж байдаг юм. Энэ бол ХАЙР оршин байгаа түүний зүрхэнд нэвтрэх хаалга юм шүү. Тэгэхээр эмэгтэй хүний нулимснаас чи түүний зүрхийг харж чадна гэсэн үг” гэж бурхан хариулжээ.

2007-07-06

"Агь гашуун ч анхилуун..."

Ийм нэртэй гэр бүлийн хөгжлийн технологийн цуврал лекцийн эхний дугаарыг амтархан чагнав. Чингис зочид буудлын хурлын танхимд 2 өдөр болсон эл лекцийн талаар сонссоноо товч хэлэх гэж оролдъё.