Showing posts with label Бороо. Show all posts
Showing posts with label Бороо. Show all posts

2013-10-09

Сэлэлт

Ээлжит сэлэлт


Зогсоод байгаа яваад байгаа нь ч бүү мэд усан дотор... Түгжрээнд нэг хөвнө. Өнөөдөр гудамжинд...
Өрөвдөлтэй юм аа манай Улаанбаатар

2013-02-13

Бороотой зуны дурсамж...



2012-05-31

Шороотой Монгол

Шороо + Бороо/Ус = Чийгний үнэр
Борооны өмнөх/дараах чийгний гоё үнэр цардмал замтай газар мэдрэгддэггүйн учир энэ юм уу? Тэгвэл энэ их шороо байж л байг уу?

2011-11-11

11.11.11


Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Тэр яг 60 настай байх байсан өнөөдөр. Содон өдрөөр нэгэн жарныг элээх байжээ та минь. Эгэлийн эгэл амьдрал, хайрын дээд хайр, ухааны дээж байсан даа та минь. Хүүхэд бүрийн ээжүүд хүүхэд бүрдээ сайхан даа гээд дуулдаг шиг л аав, ээж маань хэний ч хувьд тийм л байдаг. Хүн бүрийн аав, ээжүүд тэдэндээ бурхад. Бүр амьд бурхад. Яагаад гэвэл тэд л биднийг бусдаас илүү хайрласан болоод тэр байх. 
Одоо бол тэр минь тэнгэрт байдаг бурхан болсон. Аавдаа би хайртай. Санаж байна таныгаа. 

Таныхаа нутаглуулсан газраас, өлмийд тань сөхөрч, адис аван, яг 30 жилийн өмнөх тэр өдрийн, хүүтэй болсон тэр өдрийн тань баярыг сануулан, гунигийг хуваалцан суухдаа та минь баярласанд, ховорхон харж байсан нулимсыг тань ч бас тэнгэрийн энгээс бас мэдэрсэн гэдэгтээ итгэж, дүү минь тэнд юу бодож байсныг төсөөлөх гэж оролдсон. 
Шиврээ зөөлөн бороотой, манан буусан нэг их сайхан өдөр байсан. Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо. 

2008-04-19

Бороо

Өнөөдөр анхны бороо орсон. Өглөө тэнгэрийн дуунаар цочиж сэрээд. Оройтож унтсан болохоор эргээд унтмаар байсан ч гэсэн бороо орох чимээ нойрыг хаа нэг тийш нь хулжаан хөөгөөд би гэдэг хүн чинь орноосоо үсрэн босох шив дээ. Гадаа хүмүүс шүхэр бариад алхаж байгааг харахад гоё байна лээ шүү :-) Би бол норох хүсэлтэй байсан учир зүгээр л зорилгогүй алхаад л...

Бороо бороо ороорой
Оросын маамуу ирээрэй

/Өнгөрсөн жил блогтоо бас л ингэж бичсэн санагдаж байна... Гэхдээ яахав/

Амьдрал бидний зүрхэн дундуур өөр өөрийнхөө өнгө, хэмээр урсаад л...

2007-08-02

Бас л бороо

Бороо гэгчийг марттал, халуун гэгчийг мартахгүй болтол хэд хоног түлсний ард 2 өдөр сайхан дэвтлээ. Халуун оронд бол борооны улирал гээд залхтал асгадаг энэ бороо яагаад манай эх оронд, говьд орох дургүй юм болоо. Яагаад ч гэж дээ, хэтэрхий эрс тэс хуурай уур амьсгалтай бүсэд оршдог болохоор тэр гэдэг ч ойлгомжтой л доо. Тэгээд "ховрын бараа" болохоор бороондоо дуртай гэж хачин. Хэд хоногийн халуунд бороо шиг хүссэн зүйл үгүй гэхэд болно. Гэвч хүсэхэд хясах гэгчээр өвсийг ногооноор нь хатаагаад, шатаагаад байсан халуунд дусал ч бороо орсонгүй.
Хүний насыг цэл залуугаар нь хатаж хорчийсон өвс шиг болтол нь гандааж байгаа хүмүүс сэтгэлийнхээ хур бороогоо жоохон ч гэсэн хайрлаасай даа. Тийм хүмүүс зөндөө л байх юм.

2007-05-30

Бороо...

...бороо ороорой
Оросын маамуу ирээрэй

2007-05-10

Бороо

Бороотой өглөөний мэнд хүргэе!
Гадаа хачин сайхан байна. Богд уул битүү манантай. Зөөлхөн бороо шивэрсэн өглөө эхэлж байна. Энэ хаврын хувьд миний таарсан анхны бороон дуслууд гэж болно. Өмнөх бороонуудтай нь таарч амжаагүй, эсвэл унтаж байхад, эсвэл байшин дотор байхад өнгөрчихсөн.
Модны навчис өчигдөр орой хажуугаар нь өнгөрөхөд байснаас илүүтэйгээр дэлгэрсэн байна энэ өглөө. Цоо шинэ навчис. Мод хоногоор биш хормоор ингэж навчилдгийг нь анх удаа мэдэрлээ. Харин мөчрийг нь тайрч шинэрүүлдэггүй том хөгшин модноос навч нь арай гарч амжаагүй, нахианы гэр гэмээр арзгар юмнууд унжсан харагдаж байсан.