2011-07-09

Наадам аа гэж...

Нэлээн дээр 4 хоногийн зураглал гээд агшин зуур хувирдаг Монголын цаг агаарын тухай дүрслэх гэж оролдож байж билээ. Харин өнөөдөр гэнэт наадмын өмнөх зураглал нүдэнд тодроод ирлээ. Буулгах гээд оролдвол...

Наадам дөхөөд л байдаг. Хөдөө бол... алив нэг нүдээ аниад төсөөлөх гээд оролдъё.


Наадам гэхээр хамгийн түрүүнд ногоон өнгө санаанд бууж байна. Цэл ногоон тал, уул хөндий , тэгээд тэнд дүүрэн алаглах асар майхан, унаа машин, морь хүн гээд л тэд ногоон дэнжийг өнгийн цэцэгс аятай чимсэн тийм зураг л бууж байна. Хаа сайгүй хардаг болоод тэр байх. 

Өнөөдөр их сунгааны өдөр. Морины хүүхэд, уяач нарын сэтгэл дэвэлзэж, наадмын өглөөний үүлийг харах л үлдлээ гэж суугаа байх даа. Нэг өдөр амраагаад л хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ дээ гээд л... Маргааш өглөө мандах нарнаар сэргэлэн горхиныхоо шүд хага ташим усаар морио усалж, шүүдэр бөнжигнөсөн өлөн өвс хэд хазуулаад... Ийнхүү бодол хөвөргөн суугаа байх даа.
Морьтойгоо ярих нь холгүй(ярьдаг ч биз) зүлгэн дээр завилан бодол болон суугаа тийм л хүн харагдаж байна. Хөгшин эсвэл, хүүхэд нь мэдэгдэхгүй ч шляп тавьсан, дээлнийхээ энгэрийг сул тавьж сугалдаргалсан, тийм л хүн байна.


Хурдан морь ирэхийг харах үнэхээр хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй шүү. Гэхдээ барууны тэр морин тойруулгын уралдаан тэгтэл юм бодогдуулдаггүй ш дээ. Харин наадмын өдрийн морьд бол ч... Тээр жил наадмаар... Ээжийнхээ урласан цэнхэр даашинзаар гоёод аавынхаа шинэхэн ногоон автобусанд суугаад наадам үзэж билээ. Цэнгэлдэхийн суудалд сууж анх үзэж, хурдан морь ирэхийг анх харсансан. Тэгэхэд хэд хэдэн морь унаад (бодвол үхсэн байх) өөрийн эрхгүй уйлж билээ, үнэхээр өрөвдөм юм билээ. Тэгээд дахиж морь үзэх сонирхолгүй болчихсон. Зурагтаар харахаар тийм тал нь харагдахгүй амар. Гэхдээ л сэтгэл хөдлөм сайхан агшин шүү яах аргагүй. 

Эмээл дээрээ шувуу шиг босоод
Наадмын морио унадаг байлаа
Эрээхэн цамцаа дэрвэн дэрвүүлсээр
Агтны түрүүнд ирдэг байлаа

гэдэг дуу хүүхэд байхад дуулдаг байсан ш дээ, гэнэт толгойд ороод ирлээ. Хурдны байтугай хонины морь унаж чадахгүй ч тэгж бодогддог л байсан юм даа. 

Ээжүүд харин ханьдаа, хүүхдүүддээ шинэ дээл оёж дуусгах гээд завгүй. Энэ жил бороо хур ихтэй, түүнээ дагаад сэрүүхэн байгаа сурагтай. Дээлээ дуусгахгүй л бол... чухам л хэрэг болно энэ чинь.

Хотод бол арай өөр өө. Наадмын хоол хүнсээ бэлдээд, зурагтаа үзэн тухалж авна. Уртын дуу хангинаж, морьдын уралдаан, бөхийн барилдаан харж, наадмын хуушуур амталсан шигээ сайхан тухална даа харин ч нэг. Тэгээд ч энэ жил их удаан сайхан амрах юм чинь...
Харин Нарантуул, Хархорин дээр бол 10-ны орой болтол багширна даа манайхан. Баяр болохоор л нөгөө цаг цагаар нэг цаддаг гэдэг шиг л амарч, идэж ууж, наргиж гэртээ өнгөрөөдөг болохоор хамаг юмаа бэлдээд л гүйлдэж гарна. Ядаж цалин пүнлүү нь цагийг нь тулгаж буудаг болохоор өөр ч аргагүй. Харин наймаачид баярыг далимдуулан овоо "новш"-ноосоо салж аваад, үлдсэнээ маргааш нөгөөдөр наадмын талбай хавиар дуусган, хөнгөрөх тухай бодож байгаа байх.

Энэ жил цагаан сараар ганцаараа байсан чинь наадмаар бас л ганцаараа байх нь. Сонин л юм. За гэхдээ яахав. Сэтгэл жаахан хөдөлж байна шүү. Өнөөдөр хагас сайн ч гэсэн ажлын өдөр болгосон болохоор сонин хэвлэлүүд ажиллаад унших юм нэлээн харагдаад...



Бөх. Бөх уг нь их сайхан л даа. Ялангуяа цол олгодог болоод тэр үү, наадмын барилдаан их сайхан байсан. Даанч одоо бас бөх үзэх дургүй болчихсон бас. Яагаад гэвэл тэд худлаа барилдаж, хүмүүсийг хуурдаг болохоор. Нар, бороо, шорооноос залхалгүй сууж тэднийг л харж баясан суугаа хүмүүсийг огтхон ч хүндэлдэггүй болохоор хүмүүс улам дургүй болоод л байгаа.

Сурын харвааг ч угаасаа сайн мэдэхгүй болохоор... 

Миний мэдэх наадам нэг иймэрхүү л төсөөлөгдөж байна доо. Тэгээд сайхан мах чанаж идээд, айраг олдвол уугаад л зурагтаар Мандухай цэцэн хатан, 3 Магнай-г үзээд л наадам дуусдаг даа. 


Дэлхийд ховор 
Дээлтэй түмнийхээ
Дэнж хотойлгосон наадмаар 
Уясан морь нь хурдан 
Дэвсэн бөх нь хүчтэй 
Тавьсан сум нь эрчтэй мэргэн байж
Түмэн олноороо сайхан наадаарай! 

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)