2012-12-03

 Өвөлд би дуртай байдгийн учир...


зөвхөн энэ биш ээ.

2012-11-30

2012-11-16

Ахиллийн шөрмөс - 8

2012-10-29
Нэг жил гэдэг харвасан сум шиг л өнгөрлөө. Өдийд, 365 хоногийн тэртээ, би огт санаандгүй байдлаар хөлөө гэмтээгээд, анх удаа л тэр шөрмөс тасрах гэдэг зүйлийг сонсож, мэдэрч билээ.  Сүүлд нь бодоод л байхнээ, жилийн өмнө л Боогий надад энэ тухай ярьж байсан нь толгойд харван орж ирээд, хүн гэдэг ч өөр дээр л ирэхгүй бол аливаа зүйлийг ингээд ойшоодоггүй л юм байна даа гэж бодож суусансан. 
Энэ хугацаанд хэрэндээ л их туршлагажлаа. Мэдээлэл авч, дүгнэлт хийж байсан ч дахиад л алдаа. 

2012-11-04

Намрын адаг сарын шинийн 20

Намар... Уйтай. Надаас алдууран холдох энэ л цаг мөч бүрийг баяр хөөртэйгөөр л үдэж баймаар байх юм. Хичээж байгаа. Гэхдээ ойрд үнэхээр болохгүй байна. Миний амьдралаас нэг хүн эргэлт буцалтгүйгээр гараад явчихлаа. Үлдээч гэж хэлэх эрхгүй болохоор... 
Цас ороосой. Хамаг юмыг арчиж угаан, сэтгэл сэргэтэл нээх сайхан нэвсийтэл ороосой. Халаасандаа гараа хийчихээд, даарвал үлээж, үрж дулаацуулчихаад... цасны чихран дуугарахыг чагнан, бодолдоо хөтлөгдөн жаал алхах юмсан. Уг нь ч цаг нь ирчихлээ л дээ. 

2012-10-18

Амьдралаа эхэлж байгаа дүү охинд

Дүү минь... Амьдрал бидэнд сайн сайхан олныг өгдөг шүү дээ.
Шувууд биднийг баясгах гэж жиргэдэг, нар биднийг дулаацуулах гэж ээдэг, салхи биднийг сэргээж, сэрүүцүүлэхээр сэвшдэг. Нүд алдуулан баясгах гэж өнгийн цэцэгс алаглаж, солонго татан зун болдог юм.
Гэхдээ бас, нар гарах ямар дулаахан, ямар сайхныг мэдрүүлэх гэж л үүл зангирч, бороо шивэрдэг юм. Цас ханзарч, яргуй хэнзлэн, шувууд ганганан, ирж буй цагаар сэтгэлийг минь хөглөх л гэж идэр есийн хүйтэн тачигнадаг юм ш дээ хонгор минь. 

Тийм болохоор... Битгий их гунигла аа. Гунигаа тайлан хаях ямар сайхан бэ гэдгийг чи мэдрэх гээд л өнөөдөр чиний сэтгэл хөнгөн гунигтай байгаа юм. Бүх юм сайхан болно оо. Инээмсэглэ  :-)

2012-10-14

Намрын өнгө - 4

Хустайн нуруу руу онгон байдлаар амьдарч байгаа адууны өвгийг үзэхээр явсан нь

Зургийг Фүмихико Шинохара

2012-09-28

Намрын өнгө - 3

2012-09-27. Найрамдал. Аймаар хүйтэн байлаа өнөөдөр. Тавхан хоногийн өмнө хотоос гарсан үеэс тэс өөр, даараад хонож ч чадалгүй буцаж ирэв. Баярлалаа, Бок.


2012-09-23

Намрын өнгө - 2

Санзай, Бага баян. 2012-09-22. Намрын ойн алагласан өнгийг харах гайхалтай байлаа. 
Дөнгөж очоод л гадаа... Тэр цаана толгой дээгүүр байгаа алаг моддыг л харах гэж явсан юм ш дээ. Гоё байсан шүү. Баярлалаа, Бака. 


2012-09-16

Намрын өнгө

Янз бүрийн үйл явдлаас хойш 5, 4 бас 1 жилийн дараа... дүүгийнхээ хийморийг гэрт нь авчрахаар явахдаа намрын өнгө, үнэрээс бөөн таашаал авч Багануур яваад ирлээ. 2012-09-15

Адуу мал нь багширсан
Алсад бороо зүсэрсэн...


2012-09-09

Зурхай

Энэ жил ер нь миний зурхай яаж буусан юм бол доо. Хараад байхад хүүхнүүд бид эндэх тэндхийн зурхай унших, тэрэндээ итгэж айх, баярлах нь эрчүүдээс хамаагүй их хүмүүс шиг байгаан. 

2012-08-31

Цаг хугацаа - 2

2012-08-14
Зуны дулаан өдөр. Уулын хярд

Цаг хугацаа

Цаг хугацаа юм бүхнийг элээн хуучруулж...

2012-08-14 11:37AM
Өдрийн наранд дэлбээгээ дэлгэж нар ээгээд...


2012-08-14 7:59 PM 
Орой болоод дэлбээгээ хумьчихаж.


2012-08-20 6:43AM. 
Наранд дэлгэрч амжаагүй л байна, эрт байгаа болохоор.


2012-08-21 7:08 AM. 
Харин өнөөдөр шүүдэр буугаад хонож.


2012-08-27 6:31 AM. 
Удахгүй бүр хагдрах нь. Манайд зун урт байсан бол энэ цэцэг гоёороо удах байсан болов уу? 


Одоо тэнд харин, ийм гоё цэцэг ургаж байсан гэхээргүй, ямар ч ул мөргүй л байгаа даа...
/2012-09-28/

2012-08-04

Соёлын төв өргөө VS ХУ намын байр

Яг 4 жилийн дараа буюу өнгөрсөн 6 сарын сүүлээр авсан зураг
СТӨ-ний урд хэсэг:

2012-07-16

Морь буусан шагай

 Эхний оролдлогоор...


Үнэхээр л онцгой өдөр байлаа.

2012-06-01

Эх үрсийн баярын мэнд!


Энэ дэлхийн хүүхэд бүр аз жаргалтай инээж байх болтугай!

2012-05-31

Шороотой Монгол

Шороо + Бороо/Ус = Чийгний үнэр
Борооны өмнөх/дараах чийгний гоё үнэр цардмал замтай газар мэдрэгддэггүйн учир энэ юм уу? Тэгвэл энэ их шороо байж л байг уу?

2012-05-30

Буяны сэтгэлээр...

Зүүдэллээ урьд шөнө. Хэн нэгэн, ойр дотны минь хэн нэгэн, хайртай хүн минь ч юм уу аймаар өвдөөд... Түүнийг нь би мэдээд... Бүр харагдаад байсан. Аймаар хар дарж зүүдлээд сэрлээ. Айгаад унтаж чадсангүй хэсэгтээ л. 
Тэгээд бодлоо. За өглөө босоод ажилдаа очих замаараа хийд орж ном уншуулъя гэж. Би нэг их шашин шүтээд сүйд болдоггүй, тууштай байдаггүй нэг тийм саармаг хүн л дээ. Хэцүү үедээ бурханыг дуудчихаад л... Гэхдээ сайн явбал санасан үедээ аль болох "Баярлалаа бурхан минь" гэж хэлэхийг л харин боддог юм. 

2012-05-23

Шуурга

"Жаахан тогт, Сэтгэлээ тогтоо, хүндрүүлэгч хэрэгтэй байна чамд" гэж Туул хэлсэн. Үнэхээр тийм байна. Дотогшоогоо өнгийгөөд харсан чинь... тэгж хэлэнгүүт нь нүдээ аниад өөрийгөө чагнасан чинь дотор бөөн шуурга. Харагдах үзэгдэх юмгүй л хар шуурга. Юу ч тодорхойгүй. Хаана зогсохоо ч, хаанаас гарснаа ч мэдэхгүй, харах баримжаа ч үгүй л аймаар санагдлаа. 
Шуурга намдааж, тэнгэр цэлмээх хүчин зүйл надад хэрэгтэй байна. Тэр бол ном гэж Туул хэлсэн. Уншаад байж дээ... 
Ном нь юу ч байж болох шүү дээ. Хүн гэдэг чинь бүхэл бүтэн ном. Гайхам сайхан ном, бүр агуу том ертөнц. Тийм болохоор сайхан "ХҮН-НОМ" олдвол зүгээр л юм байна.

2012-04-12

Тэндхийн оюутан

Манайхтай харьцуулшгүй л байх даа энэ байдал? 
Хятадын дундаж л хот. 76 хотыг жагсаахад 30 орчимд байдаг. Тэндхийн хамгийн том сургуулийнх нь барилгын инженерийн сургуулийн оюутнууд дадлага хичээл хийж байгаа нь. Материаллаг байдал нь манайхтай харьцуулшгүй байх даа? Тэнд аль ч сургуулийн хотхонууд оюутны амьдрах, сурах орчныг дээд зэргээр гэж хэлэхээргүй ч боломжийн хэмжээнд хангасан байдаг. Гол нь Америк, Японтой харьцуулаагүй, бидний муулаад байдаг Хятад болохоор л жоохон гол харлаад байгаам даа. Аймаар атаархуу наасан. 

2012-04-04

Сэлэнгийн замд, Малчны хотонд...

Сарын дараа, яг сарын дараа буцаад явсан чинь Хавар жинхэнэ утгаараа айлчлаад ирчихжээ.

Хоёрхон өнгө, үнэхээр гоё...
2012-02-25


2012-04-02

Ахиллийн шөрмөс - 7

Хагалгаанаас хойш яг 5 сарын дараа одоо өсгийтэй гуталд огтхон ч түүртэхгүй алхаад, сайхан байна аа. Харин намхан юм өмсчихвөл өвдөх гээд байгаа шүү. Хүн бүрийн байдал өөр болохоор зарим нь асуудалгүй болсон, зарим нь удаан хугацааны дараа ч хүндрэл байдаг л гэж байна. Минийх аль нь болохыг мэдэхгүй ч, гайгүй байх гэж найдаж байна. Баруун хөлийн булчин ерөнхийдөө л нэг тийм сулбагар үлдсэн байна. Яваандаа, аажимдаа өөрчлөгдөнө гэж найдаж л байхаас даа.
Дараа харахад, бас өөр хэн нэг нь иймэрхүү тохиолдолд баримжаа авбал гэж бодоод бичээд л байдаг. Энэ гэхдээ баримтгүй сонин бичлэг болчихлоо. Гэхдээ яахав.

2012-02-17

Эндхийн оюутан

Эндхийн оюутан буюу Шинэ цагийн Монголчууд.
Ирээдүйн эзэд маань нэг иймэрхүү...  70 > 21 юм чинь арга ч үгүй биз дээ...

2012-02-17

2012-02-12

Мөсөн угалз

Өвөл дуусах гээд л... Жавар тачигнасан энэ өдрүүдэд цантсан цонхон дээр хээ угалз урлаад, дуусахаас нь өмнө амжуулъя гэсэн шиг л завгүй байх. Хэчнээн ганган гээч тэр нь... Цаг хугацаатай уралдан байгаа болохоор тийм ганган юм уу?


2012-02-07

Ахиллийн шөрмөс - 6

Хагалгаа хийлгэснээс хойш 3 сарын дараа хөл нэг иймэрхүү болж байна. Эрүүл талаасаа бүдүүн, хатуу шөрмөстэй болсон. Яваандаа зүгээр болно гэж найдаж байна. Татагддаг хэсэг нь ялгаатай харагдаж байгаа биз? Явахад бас тийм ч сайнгүй байгаа, гэхдээ л харьцуулшгүй өөрчлөлт гарсан байна энэ хугацаанд. Харин удаан хөдөлгөөнөө хорьж байсны шанд олж авсан илүүдэл жинтэйгээ л тэмцэх хэрэгтэй болох нь дээ.  :D

2012-01-02

МАРШ!!!

Оны эхний ажлын өдрөөс, хагалгаа хийлгээд яг 2 сарын дараагаар ажилдаа маршиллаа. Хөл тийм ч сайн болоогүй хэвээрээ л байна. Гэхдээ хийх ажил маш их, намайг хүлээгээд овоорч байгаа учир ажиллаад байж дээ.
Бүх хүмүүст шинэ оны мэнд хүргээд, ирж буй шинэ онд таны гэр аз жаргалаар дүүрэн бялхаж байх болтугай гэж хүсье!