2008-12-31

За ингээд нэг мэдэхэд оны сүүлчийн өдөр эхэлчихлээ. Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л...
Муухай хар дарсан зүүд шиг өнгөрч байгаа энэ жил баяртай. Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!

2008-12-28

MONGOLIA

За нөгөө аль дээр л ярьж байсан зүйлээ өнөөдөр нэг оруулъя даа, худлаа яриад он гаргах нь. Энд соёмбоны тухай оруулсан текстийн дээр төрийн далбаа наалттай байсан бөгөөд салаад уначихсан хойно нь зураг авсан байна. Тэгээд царайлаг биш гарчиж ;)) Соёмбоны тухай бичсэн зүйлийг Оюухай олсон нь таалагдсан учир далбаан доор наасан юм. Түүнийг доор хуулчихъя. Бас тэр гэрийн задаргаа зургийг сөхөхөөр гэрийн тухай бичээстэй байгаа юм.

2008-11-29

Ээж ээ, танд би хайртай

Өнөөдөр асралт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Тандаа маш их хайртай ээж ээ! Хэрэв та байгаагүй бол би аавыг, таныг, дүүгээ, цаашлаад ах дүүс, найз нөхөд, орчлон ертөнцийг ч харахгүй байх байсан. Зүгээр л хэлэхэд тангүйгээр би байхгүй.
Арван сар хэвлийдээ тээн, ангир уургаа хөхүүлэн, эрүүл саруул өсгөж, хүн шиг хүмүүжүүлсэн ээж минь таны ачийг хариулж би дийлэхгүй ч...

ХАЙРТАЙ...

2008-11-26

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ!

1. Монгол гэх юм байна уу?
Хэл шинжлэлийн ухаанд дэлхий дээрх хэлүүдийг
  1. үсэгт - alphabetical
  2. дүрст - pictogram
  3. ? - logogram (Үүнийг мэддэг хүн байвал хэлж туслаарай)
гэж 3 ангилдаг бололтой. Эдгээрээс дүрснээс үүссэн, дүрсээр тэмдэглэгддэг нэг хэл болох хятад хэлний тухай хэдэн үг бичмээр санагдаад.
Хамгийн муухай гэж үзэн яддаг байсан энэ хэлийг сурах гэж явах юм гэж төсөөлөөгүй ч харин одоо сонирхолтой санагдаад хичээж байна. Ингэлээ гээд дургүй хятаддаа дуртай болохгүй нь лав байх. Гэхдээ их өөр нүдээр харах болно.

2008-11-13

Аз жаргал

Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэ тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр...
Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Бүүр дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүндээ л хамгийн бага хэлж.

2008-11-03

Меламин...

Энэ магадгүй бага зэрэг оройтсон байж мэдэх ч энд оюутны холбооноос ирсэн мэдээн дотор байсныг үзээд хэрэг болж юу магад гээд, дээр нь сонирхолтой санагдаад... орчуулж тавихыг оролдов. Захиа ирснээс хойш бас нэлээн удаж, цаг алдсан байна.
Зураг нь чанар муутай байгаад хүлцэл өчье. Дараа сайжруулахыг бодно оо, шөнө болчихсон чинь залхуу хүрээд байна. Ялангуяа сүүлийн 2 зураг чухал учраас хүсвэл та дээр нь дараад чанартай хэлбэрээр нь хараарай.

Хятадад сүү хордуулсан хэрэг гарч хүн бүхэн л айж байгааг өдөр тутмын сонингууд мэдээлж байна. Өдөр бүр мэдээ өөрчлөгдөж байгаа хэдий ч бидэнд юуг идэж болох юуг болохгүй гэдгийг хэн ч хэлэхгүй л байна.

1. Хортой сүү гэж яг юу вэ?
Энэ бол меламин хольсон сүүг л хэлж байгаа юм.


2008-10-05

Надад хэрэггүй нэг дүрс байгаа ч...

Энэ нээрээ тас дуу болсон шүү.



Өөр хувилбар нь

2008-09-27

Эр хүн

"Шөнө амталсан нулимс" жүжгийн дуу
СТА С.Жавхлан дуулсан.
Бороотой тэнгэрээс уйдахдаа
Оддоо газар нь зүүдлэх шиг
Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн
Дээлтэй хийморь нь биш гэж үү эр хүн би чинь

Тахилтай уулын оройгооос
Чулууг нь гуйж хөндөх шиг
Таван хана нь нар зөв тойрсон
Тооно нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Манантай уулнаасаа залхахдаа
Мэлмийн сэжүүр нь хөлөрдөг шигээ
Миний эзгүйд гал минь санаа алдсан
Голомт нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Салхитай саран намраас нь
Навчаа гуйж үлдээх шиг
Цайны дээж нь тогоондоо хүлээсэн
Айлын хоймор нь биш гэж үү эр хүн би чинь

Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ
Нулимсаа ханцуйдаа нуудаг ч гэсэн
Нүүгээд ирдэг шувуудын цувааг
Уйлж л угтаагүй гэж үү дээ эр хүн би чинь

Ижий аавын залбирлаар
Заяагаа дуудсан эр хүн би чинь
Инээж уйлдаг нарны дор
Ийм л амархан гудайна гэж үү
Эр хүн би чинь

Нэгэн цагт түүнд зориулан бэлдсэн байснаа орууллаа
Клипийг нь холбох гэхээр миний бичсэн сэтгэл харагдахгүй байхаар нь болилоо

2008-09-21

Халуун сэтгэл

Харанга хамтлаг дуулсан
Итгэлт сайхан хань минь дэргэд ч
Танаараа л дутаж явнаа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм

Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно

Ээжийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ

Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Тэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа

Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би

Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн

Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа

2008-09-20

“Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байна

БНХАУ-ын сvvний компаниуд хvvхдийн сvvндээ химийн хортой бодис меламин хэрэглэсний улмаас дөрвөн хvvхэд нас бараад байна. Vvнтэй холбогдуулан Хонг Конг тус компаниудын сvvн бvтээгдэхvvнийг зах зээлээсээ эргvvлэн татаж байна.
Одоогоор уг химийн бодисийг агуулсан сvv, зайрмаг, тараг зэргийг илрvvлээд байгаа бөгөөд тvvнчлэн бидний хэрэглэж байгаа “Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байгаа ажээ.

2008-09-01

Аймаар

Цагийн урсгал биднийг хүлээхгүй урсдагаараа урсан өнгөрсөөр. Уй гашуу, уйтгар гуниг, ганцаардал гомдол, атаа хорсол, учрал хагацал, сайхан сэтгэл, хайр дурлал, тус дэм, нөхөрлөл бүхний гэрч болон хэдэн зуун жилээр бидний зүрхэн дундуур зовлон жаргалаар ээлжлэн хувиралгүй, "цөхрөлгүй", тасралтгүй, зогсолтгүйгээр урсана. Урсахдаа зөвхөн урагшилж урсана. Харин бид эсрэгээрээ заримдаа ухарна. Түүний урсгал энэ бүхнийг элээн хуучруулна. Гэвч цагийн эргэлтэд хуучрах биш тодордог ч зүйл цөөнгүй.
Хэдийгээр хүн зовлонг туулж байж л цаг хугацаа өнгөрөн алс тэртээ одсон хойно нь аз жаргалын амт, үнэр, үнэ цэнийг мэдэрдэг ч гэсэн ийм хэтэрхий их үнэ цэнээр түүнийг мэдэрч байсан гэдгээ ухаараад ч яах юм. Тэрхүү бал бурам шиг цаг хугацаа зүүд зэрэглээ төдий хий хоосон зүйл болон үлдэнэ, аль хэдийн...

...аль хэдийн 49 өдөр 49 шөнийг ардаа үдэж. Гомдолтой, нулимстай өдрүүд бага тохиолдоосой.

АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МЭ ХУМ

2008-08-25

МААНИЙН СУРГААЛ

МЭРГЭН ГЭГЭЭН ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН

МААНИЙН СУРГААЛ
Ертөнц болбоос гаслант ертөнц мөний тул аливаа хүн бүү гутарч гунирч, биедээ төлж баршгүй хилэнц нүглийг хийгтүн! Ертөнцийн аливаа хүн цөм хилэнц нүглийг хийхгүйгээр сайн санаа бодь сэтгэлээр явбаас харанхуй замаас салж, Диваажингийн оронд дэвшин, үхэлгүй мөнхийн шидийг олж, үгүйршгүй баян шидийг олж жаргах нь магад болой!



Оломгүй далайн усыг

Онгоцоор үл гатлах

Орчлонгийн амьтан бүхэн

Мөнх үл суух

Оосоргүй тамд

Очих магад тул

Ум ма ни бад ми хум

2008-08-01

Сэтгэлийн зул

Өнөөдөр дүү минь 28 нас хүрэх байсаан.
Хүмүүний биеийг олж нарт ертөнцөд мэндлэхийн эцсийн үр дүн үхэл хэдийгээр мөн боловч үүлэн чөлөөний нар адил үзэгдээд л өнгөрөх тавиланд төрсөн гэж чамайг мэдсэнгүй хайрт дүү минь. Ийм зовлон ганц надад ирээгүй ч арай л дэндүү эрт таарч. Төрөхөөс үхэх хүртэл хүний амьдрал гэдэг "урт" атлаа асар богинохон тойрог байдаг хэдий ч чинийх хэтэрхий богинохон байжээ.
Харуусал, хүнд бодол, гашуун нулимс, үүрэг хариуцлагын дунд биднийг орхиод ийм хурдан одохыг чинь мэдсэн бол...
Тэр аймшигт өдрийн, асар богино хэдий ч хэтэрхий урт хэдхэн хоромд мэдэрсэн, бодсон бүхнийг чинь нүднээс чинь ч атугай уншиж чадсан бол...

Тэнгэрт алтан наран хиртэж байгаа бүүдгэр энэ өдөр шиг л зуны аагим халуун өдрүүд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийг мэдрүүлэн зүрхэн дундуур нулимстай хамт урсаад л байна. Элэг эмтрэх гэдэг энэ байх аа.

Орчлонг хамтдаа элээх байсан эгч нь дүүдээ сэтгэлийн зул өргөж байна. Орж ирсэн хүмүүс энэ зулыг асаан, мөнхөд бадамлаж байх болно оо гэж сэтгэлдээ бодсондоо тэр.

Ээж минь дүүг хэвлийдээ тээснээс хойш 29 жил мэднэ. Харин би ухаан орсон цагаасаа гээд бодвол 25 жил мэдэх байх. Гэвч энэ хугацаанд дүүгээ зэмлэж байсан нь олон. Бүр дэндүү их. Тиймээс хүмүүс ээ, бие биенээ амьд ахуйд нь хайрлая.

video

АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
ЗОВЛОН ҮНЭН
ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН
ЗОВЛОНГ ГЭТЛЭХ НЬ ҮНЭН
ЗОВЛОНГООС ГЭТЛЭХ АРГА ЗАМ ҮНЭН

ЭМГЭНЭЛ


Бидний хамгийн эрхэм дотны хүн Шинэ Жалайр овогт Чинбатын ХҮДЭРЧУЛУУН 2008 оны 7-р сарын 14-ний өдөр зуурдаар тэнгэрт хальж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач 1980 оны 8-р сарын 1-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1997 онд дунд сургууль төгсч 2001 онд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм. 2001-2006 онд Аэрогеодези ХХК-д техникч, инженерээр ажиллаж байгаад 2006 онд TOP SURVEY ХХК-ийг үүсгэн байгуулалцаад өнөөг хүртэл инженер, ахлах инженерээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулах ариун үйлсэд оролцон, хил шалгах Монгол Улсын багт орж, нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд идэвх зүтгэлтэй ажилласныг нь төр засаг, холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.

Талийгаач маань ханьдаа түшиг тулгуур, үр хүүхэддээ халамжит эцэг, эцэг эхдээ хайртай үр нь байж чадсан юм. Талийгаачийн ажилсаг, хичээнгүй, хүнлэг, шулуун шударга зан чанарыг мөнхөд санан дурсах болно.
Түүний минь эгэл гүндүүгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.

Цаг бусаар тэнгэрт хальсан хайрт хүний минь гэгээн дурсгалыг хүндэтгэн, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд
2008-07-18

"Өнөөдөр" 2008 оны долдугаар сарын 18. Баасан.
№164(3427) В2 тал

2008-07-30

Боржигоны бор тал

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрийг нь залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг, эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи
Торго шиг зөөлөн байсаан
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээрээ эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгилж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг ч
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний минь шархнаас хождож аньдаг юм аа тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон дошгин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь ирт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Байдуу мянганы уулсаа дуурайж
Толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн минь сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ ээ
Боржигоны бор тал минь

2008-06-25

"Би хэзээ төрөө вэ?"

Дорнын их найрагчийн "Би хаана төрөө вэ?" найраглалыг мэддэггүй Монгол хүн ховор биз. Тийм ээ, Хаана төрснөө би мэднэ, та ч бас, ер нь бид бүгдээрээ мэднэ. Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрсөн бидний цөөхөн Монголчууд. Гагцхүү харин "Хэзээ төрсөн бэ?" гэдэг нь сонин болоод байна.
Би хэзээ төрөө вэ?
Социализм, коммунизмын үед төрсөн бол??? Бидний аав ээж, эмээ өвөө шиг амар тайван, авдаг цалингаа хүргээд л санаа амар. Дөрвөн төгрөгний элсэн чихэр, Төгрөг нойл тавын талх, есийн тос, хорин дөрвийн чихэр хэрэглэсэн шиг ээ... Нийтээрээ нийгмээрээ дундаа өмчтэй, хэлэх ярих зүйлгүй, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гээд л сайхан ч байсан юм уу? Сонголтгүй сонгууль явуулчихаад л.

2008-05-15

Хаврын адаг сарын шинийн 28


Хан Хэнтийн дархан цаазат газрын салбар Тэрэлжийн уулс, "Аянчин" жуулчны баазад

2008-04-20

Гайхалтай авъяас

ПиСи-гээ нэгжиж суугаад гайхамшигтай зүйл оллоо. Ямар нэг зүйлийг... юуг ч хамаагүй, ингэж эзэмшихсэн. Та заавал үзээрэй, таалагдана.

video
Нэг жилийн өмнө ПиСи-д маань хадгалагдсан энэ зүйлийн эх сурвалжийг тавих гээд олоогүй болохоор нэт-ээс хайсан чинь энд байж байх юм аа... YouTube дээр өөр гайхамшигтай бичлэгүүд нь ч байна лээ. Жишээ нь: Хүн-Аалз, Скарлет Йохансон гэх мэт

2008-04-19

Бороо

Өнөөдөр анхны бороо орсон. Өглөө тэнгэрийн дуунаар цочиж сэрээд. Оройтож унтсан болохоор эргээд унтмаар байсан ч гэсэн бороо орох чимээ нойрыг хаа нэг тийш нь хулжаан хөөгөөд би гэдэг хүн чинь орноосоо үсрэн босох шив дээ. Гадаа хүмүүс шүхэр бариад алхаж байгааг харахад гоё байна лээ шүү :-) Би бол норох хүсэлтэй байсан учир зүгээр л зорилгогүй алхаад л...

Бороо бороо ороорой
Оросын маамуу ирээрэй

/Өнгөрсөн жил блогтоо бас л ингэж бичсэн санагдаж байна... Гэхдээ яахав/

Амьдрал бидний зүрхэн дундуур өөр өөрийнхөө өнгө, хэмээр урсаад л...

2008-04-18

Өчигдөрхөн улаан шороогоор шуурч, Богд уул ч харагдахаа больж байсан тэнгэр өнөөдөр "Тэр чинь би биш" гэсэн аятай хачин дулаахан, тогтуун, нарлаг... бүр +25 хэм дулаантай халуун өдөр болж байх чинь. Хаврын тэнгэр ээ гэж... Тэнгэрийн муухай арилах л юм даа. Өчигдөр шиг өдөр олон битгий байгаасай.

2008-04-15

За яахав хэлье л дээ...

Нөгөө миний хэлэх гээд яараад байсан гоё хариулт бол

"Эр хүн бол хүчинд суурилсан ухаан, урагшлах хүчний нэгдэл"

Үүнийг хэлсэн Баяраад баярлалаа.
Миний бодлоор оновчтой хариулт санагдсан.

2008-04-04

Эр хүн

Эр хүний мөн чанар юу вэ? Би маш гоё хариулт олсон, тэрийг бичихээсээ өмнө таны бодлыг сонсъё.

2008-03-19

Гоё

Эртээдээс хойш хайж байснаа олчихлоо. Их хөөрхөн байгаа биз :-)
video

2008-03-18

Баяр хүргэе

Эр цэргийн албанд зүтгэсэн, зүтгэж байгаа, ирээдүйд зүтгэх, зүтгэхийг хүсч байсан ч чадаагүй, зүтгэснээс бараг ялгаагүй, зүтгэх дургүй алин боловч “амьдралын төлөөх албанд амь хайргүй зүтгэж яваа” эр хүн танд 03-18-ны баярын мэндийг дэвшүүлье.

Эх орныхоо төлөө цусаа урсгаж үзээгүй ч
Эрдмийн их далайд хөлсөө дуслуулж яваа
Цэрэгт явж үйлээ үзээгүй ч
Цээжиндээ үргэлж эх орноо багтаадаг
Хөх Монголынхоо Хөгжлийн ирээдүй болсон
Хүчтэй биш ч ухаантай
Соёлтой биш ч боловсролтой /энэ 2 мөр утгагүй юм аа/
Эр хүн танд

Цэргийн биш Эрчүүдийн баярын мэндийг хүргэе!!!

/мессенжерээр ирэв/

Хавар нээрээ л сэтгэл хөвсөлздөг бололтой. 3-р сар дундаа ороход л өмнөх 2 сарынхаа бичлэгийг нийлүүлснээс бараг 2 дахин ихийг тэмдэглэж. Хэрэгтэй хэрэггүй ч гэлгүй л бичмээр санагдсан хэрэг байх :-)
За тэгээд өнөөдөр...
Үнэхээр хүлээн зөвшөөрсөн тул доорх зүйлийг, Y!M-ээр ирдэг зөндөө олон зүйлсийг миний жагсаалтанд нэр нь байхгүй хэн нэгэн бас уншаасай гэж бодоод үлдээдэг тэр л зангаараа энд үлдээхээр шийдлээ. Бодол маань явсаар байгаад тавилан болох бололтой. Зөв бодолтой явбал хувь тавилан зөв эргэнэ гэсэн үг байх нь...

Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог.
Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог.
Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог.
Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил маань зан чанар болдог.
Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог.

Хэрэв Та үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол бусдын тусын тулд цааш нь дамжуулна уу!!!
/мессенжерээр ирэв/

2008-03-14

Олчихсон шүү, хайр хаана байдгийг ;))

Өнөөдөр бас бичихгүй байж болмооргүй сайхан өдөр байна. Улаанбаатарт 2 хоног шороо шуурсан чинь өглөө босоод иртэл сайхан цас орчихсон, тэгээд бас хүйтэн биш дулаахан сайхан өглөө эхэлж байна.

Өчигдөр орой зураг үзэж суухдаа нэг зураг олсон. Энэ зураг хайр хаана байдагт хариу өгөх юм шиг санагдлаа. Сонирхвол томруулаад хараарай. Тархинууд бас зүрхнүүдийн хооронд нь холбоо тогтсон байгаа биз?

Тэгэхээр үнэхээр тийм юм байна. Хайр зүрх, тархи хоёрт хоёуланд нь зэрэг оршдог юм шиг санагдлаа. Хаана нь эхлээд үүсдэг нь харин сонин байж болох юм.

Энэ зургийг надад илгээсэн Хуягаадаа баярлалаа. :-)

2008-03-13

Хайр хаана байдаг вэ?

Хайр хаана байдаг вэ? Хайр зүрхэнд байдаг гэж бүгдээрээ хариулах байх. Тэгвэл зүрх шилжүүлэн суулгах мэс заслын дараа яахуу? Шал танихгүй хэн нэгнийг хайрлаад эхэлбэл ... хэхэ. Бодсон чинь инээд хүрчихлээ.
Зүрхэн дэх хайр уураг тархи, оюун ухаанаар жолоодогддог юм болов уу?

2008-03-11

Болсон явдал

Бяцхан хүү зурагтынхаа араар гүйж ороод "Аав аа, би зурагтаар гарч байна уу?" гэхэд нь аав нь "Гарахгүй байна" гэж. Хүү гарч ирээд зурагт руугаа хараад дахиад л араар нь ороод ааваасаа асууж. Аав нь мөн л гарахгүй байгааг нь хэлэхэд хүү нь зурагтаа түлхэж унагаад хагалчихсан гэнэ ээ хэхэхэ.
Мартын 8ны өдөр байсан болохоор залуу эхнэртэйгээ зурагт хулалдаж авахаар гараад тэндээсээ нэг баярын хүлээн авалтанд ороод тасраад унаж дээ. Эхнэр нь хүүхдүүд рүүгээ харьж хоноод, шартсан залуу маргааш өглөө нь зурагтаа тэврээд харихаар явж байна гэнэ шүү.

2008-03-10

Тэмцэл-2

Эхний удаа хэтэрхий олон дутагдлаа бичээд тэмцэхээр шийдсэн ч олигтой амжилтанд хүрээгүй байх аа. Харин одоо бага багаар урагшилъя гэж бодлоо.
Энэ удаа илүүдэл жинтэйгээ тэмцэхээр шийдлээ. Турах юмсан гэсэн блог руу хэдэнтээ шагайгаад тэмцэх хүсэл өөрийн эрхгүй төрөөд...

2008-03-07

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе

2008-03-06

Тэнцэтгэл

Нэгэн цагт Чингис хаан "Өөрийнхөө эзнийг хайрлаагүй хүн намайг ч бас хайрлахгүй" хэмээн боолуудыг цаазалсан тухай Монголын нууц товчоонд бичигдсэн байдаг. Түүнтэй адилтгаваас "Энэ чинь өөрийнхөө эх орныг ч хайрладаггүй өнөөх Монгол хүн шүү дээ..." гэж бид хэлэгдэх вий дээ

Єнгєрсєн vеийнхээ булшин дээр амьдарч буй бид
Євєг дээдсийнхээ цусаараа тамгалж нулимсаараа бvлээцvvлсэн
Єлгий сайхан эх орноо
Єр зvрхнээсээ хайрлахгvй юм бол
Татсан тамхиний иш, талаар тарсан лонх
Тагтаршиж муудсан хєрс шороо болж
Хатгах модгvй, урсах голгvй
Халуун зун цас орж, хvйтэн євєл бороо шивэрч
Цєл газар, цэвдэг мєс
Цээрлэх ёсгvй Цагааныг хар гэж
Ясаан тавих газаргvй
Ядрах цаг ирж мэднэ

Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай
/мессенжерээр ирэв/

Сонирхолтой

/ UNO /

What is the plural of 'mouse' on a computer? mice or mouse?

MOUSE is an acronym, and is short for Manually-Operated User-Selection Equipment so technically MOUSE is already the plural (... Equipments?) Most people, however pluralize acronyms, and initials in general, by adding a small s, so it would be MOUSEs, which seems a bit silly. Mice is also wrong, as it doesn't stand for anything.

English Language Institute ~ Missouri State University

2008-03-04

Хүйтний ам цаашилж Хүүхний гуя наашиллаа гээд л радиогоор рекламдаад байх юм. Уг нь хөхүүрийн ам наашилна гэдэг билүү?
Хавар ийм хурдан, ийм эрт ирж, ийм дулаан болж, ингэж их сэтгэл хөдөлгөдгийг бараг мэдэхгүй юм байна гэмээр байна энэ хавар. Онцгой сайхан дулаахан байна шүү цагаан сараас хойш. Усны шувууд бараг ирэх гэж байгаа байх даа.

2008-03-03

Баярлалаа

Сайн уу бүгдээрээ? :-) Өнөөдөр орж ирээд түрүүчийн бичлэгт маань хэн нэгэн сэтгэгдэл үлдээж үү гэж харсан чинь "5 сэтгэгдэл" гэж хараад, хамгийн анх удаагаа сэтгэгдэл унших гэж байгаа юм шиг догдоллоо ш дээ хэхэ. Баярлалаа найзууд минь манайхаар шагайж байсанд. Та бүхэнд бүгдэд чинь амжилт хүсье!

2008-02-29

Ашиггүй наймаа

Өнөөдөр онцгой өдөр учир энд ямар нэг юм бичмээр санагдлаа. Бичих санаа байсан боловч бас л нөгөө арьсаа хамгаалсан "завгүй" гэдэг үгээр бүгдийг таглаад л юу ч хийхгүй л яваад л байна ойрд. Блогоо хаагаад, хавтаслаад таг дараастай хэдэн сар болов доо. Өвөлжөөд хаваржчих бололтой юм аа. Монголд цагаан сараас хойш хавар ирж дулаараад сайхан байна. Бас дээр нь хамаг юм баяр, сонгуулиар амьсгалаад хэрэг алга. Цагаан сар, Валентин... одоо Март, тэгээд цэргийн баяр гээд явж өгөх бололтой юм аа. 14-ний орой 2 дүүтэйгээ уулзаж чухал яриа хийх гээд гартал унаа олддоггүй, их дэлгүүр хүртэл алхаад, тэнд уулзаж ороод суучих газар хайх гэж юу болов оо. Гудамжинд бэлэг барьсан, хайсан хүмүүс дүүрэн, дэлгүүрт орно бас л бэлэгний худалдаа, тухтайхан суучих кафе хайгаад ийш тийшээ шагайна бас л битүү.

2008-02-07

Шижрүү мөнгөн өвлийг өнтэй давсны баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны баяр
Хөрст алтан дэлхийд шинэ жил ирсний баяр
Хөхөөн дуутай хавартай найртай учирсны баяр

XVII жарны “Хотлыг баригч” хэмээх Шороон Хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье! Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе!
ХОТЛООРОО САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

2008-02-06

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр
XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн
Сар шинийн мэнд дэвшүүлье
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

2008-01-12

Бүх өглөгийн дээд нь номын өглөг болой
Бүх амт шимийн дээд нь номын амт шимт болой
Бүх баяр баяслын дээд нь номын баясгалан болой
Бүх шуналыг устгах нь зовлонг дийлэх болой

2008-01-09

Зүүдний тайлал

За ингээд яаж ийсээр байтал он гараад 10 хоночихлоо. Ихийг хийж бүтээх он гарч байгаа байх гэж найдаж байна. Бас та бүхэнд ч сайхан зүйл олныг авчрах болтугай гэж хүсье.
Энэ оны анхны бичлэгээ зүүдээр эхлэх нь. Урьд шөнө олигтой унтаж чадсангүй. Элдэв өнгийн юм зүүдлээд. Компьютерт маань вирус орчихлоо гэж хүртэл зүүдэлдэг байна шүү. Унтахын өмнө нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөн элдэв өнгийн юм бодсоных л байх даа.