2008-08-25

МААНИЙН СУРГААЛ

МЭРГЭН ГЭГЭЭН ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН

МААНИЙН СУРГААЛ
Ертөнц болбоос гаслант ертөнц мөний тул аливаа хүн бүү гутарч гунирч, биедээ төлж баршгүй хилэнц нүглийг хийгтүн! Ертөнцийн аливаа хүн цөм хилэнц нүглийг хийхгүйгээр сайн санаа бодь сэтгэлээр явбаас харанхуй замаас салж, Диваажингийн оронд дэвшин, үхэлгүй мөнхийн шидийг олж, үгүйршгүй баян шидийг олж жаргах нь магад болой!



Оломгүй далайн усыг

Онгоцоор үл гатлах

Орчлонгийн амьтан бүхэн

Мөнх үл суух

Оосоргүй тамд

Очих магад тул

Ум ма ни бад ми хум

2008-08-01

Сэтгэлийн зул

Өнөөдөр дүү минь 28 нас хүрэх байсаан.
Хүмүүний биеийг олж нарт ертөнцөд мэндлэхийн эцсийн үр дүн үхэл хэдийгээр мөн боловч үүлэн чөлөөний нар адил үзэгдээд л өнгөрөх тавиланд төрсөн гэж чамайг мэдсэнгүй хайрт дүү минь. Ийм зовлон ганц надад ирээгүй ч арай л дэндүү эрт таарч. Төрөхөөс үхэх хүртэл хүний амьдрал гэдэг "урт" атлаа асар богинохон тойрог байдаг хэдий ч чинийх хэтэрхий богинохон байжээ.
Харуусал, хүнд бодол, гашуун нулимс, үүрэг хариуцлагын дунд биднийг орхиод ийм хурдан одохыг чинь мэдсэн бол...
Тэр аймшигт өдрийн, асар богино хэдий ч хэтэрхий урт хэдхэн хоромд мэдэрсэн, бодсон бүхнийг чинь нүднээс чинь ч атугай уншиж чадсан бол...

Тэнгэрт алтан наран хиртэж байгаа бүүдгэр энэ өдөр шиг л зуны аагим халуун өдрүүд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийг мэдрүүлэн зүрхэн дундуур нулимстай хамт урсаад л байна. Элэг эмтрэх гэдэг энэ байх аа.

Орчлонг хамтдаа элээх байсан эгч нь дүүдээ сэтгэлийн зул өргөж байна. Орж ирсэн хүмүүс энэ зулыг асаан, мөнхөд бадамлаж байх болно оо гэж сэтгэлдээ бодсондоо тэр.

Ээж минь дүүг хэвлийдээ тээснээс хойш 29 жил мэднэ. Харин би ухаан орсон цагаасаа гээд бодвол 25 жил мэдэх байх. Гэвч энэ хугацаанд дүүгээ зэмлэж байсан нь олон. Бүр дэндүү их. Тиймээс хүмүүс ээ, бие биенээ амьд ахуйд нь хайрлая.

video

АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
ЗОВЛОН ҮНЭН
ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН
ЗОВЛОНГ ГЭТЛЭХ НЬ ҮНЭН
ЗОВЛОНГООС ГЭТЛЭХ АРГА ЗАМ ҮНЭН

ЭМГЭНЭЛ


Бидний хамгийн эрхэм дотны хүн Шинэ Жалайр овогт Чинбатын ХҮДЭРЧУЛУУН 2008 оны 7-р сарын 14-ний өдөр зуурдаар тэнгэрт хальж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач 1980 оны 8-р сарын 1-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1997 онд дунд сургууль төгсч 2001 онд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм. 2001-2006 онд Аэрогеодези ХХК-д техникч, инженерээр ажиллаж байгаад 2006 онд TOP SURVEY ХХК-ийг үүсгэн байгуулалцаад өнөөг хүртэл инженер, ахлах инженерээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулах ариун үйлсэд оролцон, хил шалгах Монгол Улсын багт орж, нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд идэвх зүтгэлтэй ажилласныг нь төр засаг, холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.

Талийгаач маань ханьдаа түшиг тулгуур, үр хүүхэддээ халамжит эцэг, эцэг эхдээ хайртай үр нь байж чадсан юм. Талийгаачийн ажилсаг, хичээнгүй, хүнлэг, шулуун шударга зан чанарыг мөнхөд санан дурсах болно.
Түүний минь эгэл гүндүүгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.

Цаг бусаар тэнгэрт хальсан хайрт хүний минь гэгээн дурсгалыг хүндэтгэн, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд
2008-07-18

"Өнөөдөр" 2008 оны долдугаар сарын 18. Баасан.
№164(3427) В2 тал