2009-04-28

Гарчиггүй

Одоогоос яг нэг жилийн өмнө энэ өдөр...
Учиргүй их улаан шороогоор шуурч билээ Улаанбаатарт. Орой ажил тарахын хэрд дүү минь утастаад “Би чамайг оройн хоолонд урьж байна. Гэрэлээ бид хоёр Хүнсний 20-ын тэнд байдаг Грийн кафе гэдэг газар байна, хүрээд ир” гэв. Ажлаасаа гарах гэтэл юу ч харагдахгүй улаан. Ёстой л жинхэнэ утгаараа Улаанбаатар болчихсон байсансан. Хүлээж хүлээж арай гайгүй болохоор нь гарч, Баяраад төрсөн өдрийн мэндчилгээ өгөхөөр зам хөндлөн гарч ФМ 102.5 орох хооронд эгээтэй л төөрчихөөгүй. Мэндчилгээгээ дамжуулж, түүний юу хэлэхийг нь сонсчихоод л гараад гүйсэн дээ. Үнэхээр удсан л даа би ч. Тэр хооронд “хурдан ир л дээ, хоолыг чинь захиалж байх уу, юу идэх вэ, хоол чинь ирчихлээ ш дээ, очиж байна л гээд байх юм аа ямар их уддаг юм бэ, яг хаана явна аа, хоол чинь хөрчихлөө ш дээ” гээд л утастаад л утастаад л... тэвчээргүй хүн байсан ч юм уу чи?
Хамт сууж тухтай хооллосон сүүлчийнх нь тэр байж дээ. Цаг хугацаа гэдэг мөнхийн эргүүлэг намайг буцаагаад тэр зөрлөг дээр аваад ирж. Цаана нь бас өч төчнөөн ийм, үүнээс хэцүү өдрүүд ар араасаа хөврөөд л байх болно доо.
Хүний амьдрал богинохон. Гэтэл тэрийг хэд дахин богиносгоод явчихсан чамайг би яалтай...


Солонго билээ би

МУ-ын төрийн соёрхолт,

ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн


Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоо эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой
Гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний
Өвөр дээгүүр татсан
Солонго билээ би

Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад өнгөрөх
Зургийн алаг
Солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд
Чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд
Цэцэг илж татсан

Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр
Олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр
Бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би

2009-02-24

Сайхан шинэлээрэй бүгдээрээ

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинэ нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

Мессенжерээр ирсэн сайхан мэндчилгээг оруулав

2009-02-15

ОЛЗ

Энэ сайхан зүйлийг ийм орой олж уншиж байгаадаа гайхаж байна. Найзынхаа зөвлөснөөр дөнгөж сая шүү... Тэгээд бас оройтоогүй дээр нь хэн нэг нь уншаасай гэж бодоод...

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.
Харин бидэнд бол гар чанга байсан юм. “Бид ямар мөнхийн хүн биш. Хэзээ нэгэн цагт өнхрөөд өгнө. Одооноос юухан ч гэсэн хийж сур!…” гэж аав хэлнэ. Ээж, хар үүрээр бидний хучлагыг хуулж “бос…” гэх бөгөөд дүү бид ч уралдан босч ээжийн хэлсэн, заасан бүхнийг ёсоор гүйцэтгэнэ. Үнээ тугал нийлүүлэх гэр орон цэвэр бус байх, аяга таваг хиртэй, эсхүл айлын хүүхэдтэй муудсан тохиолдолд “хашрааж” өгнө. Гэхдээ хэзээ ч бидний толгой руу тоншиж байсангүй.
Мод шийдмээр цохиж байсангүй. Нарийхан сураар ороолгох буюу хөл гарыг хэд сайн чимхэнэ. Ийнхүү сургамж авсны дараа хөл хөнгөрч, чихний бөглөө арилж, хэд хоног хөнгөн шингэн дэгдэнэ. Удалгүй сар орчим болоод мартаж эхэлнэ. Тэр үеэс “та хэдийн зовлого нь загатнаад байна даа…” гэсэн сануулга ирнэ. Иймэрхүү сануулга зүгээр үг биш бөгөөд эл явдал хэд давтагдсаны дараа сураар ороолгуулах чимхүүлэх цаг ирнэ.
Ингэсний хүчээр л бид ахас ихсийг хүндэлж, ажил хөдөлмөрт хойш сууддаггүй болсон юм. Ээж минь жар хүртлээ ер амсхийлгүй хөдөлмөрлөсөн бөгөөд биднийг өсгөөд бас үр хүүхдийг маань, өөрөөр хэлбэл ач, зээ нараа өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ээж маань хүнийг бүү хэл, амьтныг хайрлахад биднийг сургасан. Жилд хэд хэдэн удаа маш их махтай, шар будаа чанаж хавийн нохой хооллодог сон. Мөн хүүхэд их баярлуулдаг сан.
Том ширмэн тогоо дүүрэн үзэмтэй, шар тостой цагаан будаа чанаж, ойр хавийнхаа хүүхдийг хооллон, атга дүүрэн чихэр боов өгч, бидэнд ч гэсэн хүүхэд, нохой баярлуулж бай гэдэг сэн. Насан туршдаа л хүүхэд, нохой хооллож явсан даа. Амьдралынхаа сүүлчийн долоон жил буюу ааваас хойш харин гэр орны ажлаа орхиж “Ээж нь үхэхээсээ өмнө хэдэн жил буян үйлдье” гэж билээ.
Чингээд намар болохоор л манайд ирж хар үүрээр босч мөргөл үйлдэж (1-2 цаг мөргөнө), ажилтай хүн шиг бидэнтэй цуг гарч, Гандан, Зүүнхүрээ зэрэг хурал номын газраар явж, өдөр ирж цайгаа уугаад маань мэгзэмээ тасралтгүй, уншиж, үдэш орой зул хүжээ бариад мөргөлөө эхэлнэ. Үүнийгээ хамаг амьтны тусын тулд залбирч буй юм гэдэг сэн. Дүү бидний өгсөн хэдэг төгрөгийг хадгалж “Ээж нь хүүхдүүддээ тийм ном уншууллаа, ийм хурал хурууллаа” гэсээр л орж ирнэ. Үргэлж инээж явдаг сан. Ээж минь сайхан дээл хувцас оёно. Залуудаа их сайхан дуулдаг. Хааяа “Жаахан шарга”-ыг дуулахад нь гангар шаазан жингэнэж байх шиг санагддагсан…
“Та нар өөрсдийн муугаас үхвэл, би харамсахгүй шүү. Миний нэг өндөг хагарлаа л гэж бодно. Харин амьтны үр хүүхдэд л битгий гай болоорой” гэж хатуухан захина. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ… амьтанд тус бол!…” гэж байнга хэлнэ. Ээж минь ийм л хүн байлаа. Эмэгтэй хүн гэхэд зориг чанга, хэр баргийн юманд гуниж гутрахгүй, уур нь хүрвэл таг дуугүй болчихно.
Маш их сүсэгтэй, Зул хүж барих, маань мэгзэм унших, мөргөл хийх, настай хүмүүс, лам нарт хоол цай барих л ээжийн минь дуртай ажил байсан. Хоёрдугаар ангид байхдаа бичсэн анхны гэнэн шүлгүүдээ ээждээ л уншиж өгч билээ. “Ээж нь яаж мэдэхэв дээ. Сайхан л болж…” гээд үнссэн. Ийнхүү яруу найрагч болох анхны урам хайрласан юм. Хэрвээ надад жаахан авьяас буй аваас тэр нь ээжээс минь улбаатай гэдгийг л би зөвшөөрөх байна.
Хэдэн чихэр өгсөн ч, сайхан үг хэлсэн ч дүү нартай утсаар ярьсан ч баярлана. Үнэн сэтгэлээсээ баярлаж чаддаг тийм хүнийг би амьдралдаа мөн ч цөөхөн үзсэн дээ.
Ээж минь 66 жил амьдрахдаа үргэлж үүр цүүрээр босч, 66 жил нар мандахыг харсан юм. Үргэлж бусдын зовлонг хуваалцаж, тэр гуайн хүүхэд өвдөж, энэ гуайн бие муудаж гээд гүйж явдаг сан.
Ээж минь дүү бидний хэнийг нь ч эрхлүүлээгүй, бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан. Ээж минь хөдөөний мянга мянган эхчүүдийн адил өвөл цас мөс үүрч, хайлж, зун, намар аргал түүж, үнээ тугалтай ноцолдож, цагаан идээ хийж, гэр орон, үр хүүхэд гэж явсаар л насыг элээсэн. Харин сүүлийн хэдэн жилд ач нараараа ном, сонин, үлгэр домог, ялангуяа бурхны шашны холбогдолтой юм уншуулах дуртай болж, толгойгоо үл мэдэг гилжийлгэж, нүдээ анийлган сонсож суухдаа эрихээ эргүүлдэг сэн. Хүний амьдарч чадсан эсэхийг яаж үхсэнээр нь тогтоож болно гэж дорнын мэргэн үг байдаг.
Ээж минь амьдарч чадсан шигээ үхэж бас чадсан юм. Маш их зөн билигтэй хүн байж билээ. Дарьгангаас Баруун-Урт руу явж байх замдаа гурван дүүтэй минь хамт машины осолд орж азгүй явдал үүдсэн 1994 оны тавдугаар сарын 21-ний гунигт тэр үдэш гэнэт “Өмнөө яваа автобусыг гүйцэж, урд нь гарч яв!…” гэж хэлсэн гэдэг. Чингээд хэлснээр нь явсаар байтал аймгаас 60-аад км зайтай газар машин осолд орсон бөгөөд 30 минутын дараа арынх нь автобус гүйцэн ирж, тэднийг эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрвээ автобусны ард явсан бол тэр шөнөдөө хээр хонож (шөнө өөр машин яваагүй гэдэг) маргааш нь үд хүрэхэд бэртэж гэмтсэн дүү нар маань цус алдаж, бүгд аюулд орох байсан юм. Иймд ээж минь өөрийн зөн билгээр гурван үрээ аварсан билээ.
Яг ойчихоосоо хоёр хоногийн өмнө машинд сууж чадахгүй тул дүү биднээр тэврүүлэн гурван дугуйтад сууж, аймгийнхаа хийдэд очсон бөгөөд тэнд хүнээр тэврүүлэн сууж сахиусаа тахиулаад бүх бурхан тахилд мөргөж, бас арай ядан хөдөлж буй хэрнээ бүх бүх ламаас нь хоёр хүнээср сугадуулан явж адис аваад гарсан. Гэртээ ирээд авдрын өмнө сууж байхдаа “Ээж нь хэдэн хүүхдэдээ нэмэр болохгүй ч гэсэн харагдаж байвал хэрэгтэй л юм даа.
Ээжтэй хүний сэтгэл өег байдаг юм” гэж билээ. Хатуу чанга зоригтой хүн тул, зуны бүгчим халуун, өвдөхийн бэрх хоёрыг давж ер “ёо” хэлээгүй бөгөөд харин ч бидэнд “Миний хүүхдүүд уйлж л болохгүй шүү. Усан бороогоор нүдэх шиг хэцүү байдаг юм гэнэ лээ. Маань мэгзэм л сайн уншицгаа. Яг үхэх үед бурхныг минь л сануулаад байгаарай…” гэж билээ.
Ээжийн минь бие алгуур хөрсөөр л…Би бүх бурхныг нь авчирч толгой дээр нь адис тавив.
“Ээжээ, энэ бурхан багш байна. Одоо Очирваань бурхнаар адис тавилаа. Одоо дарь эхээр…” гэх мэтээр би шүтдэг бурхнуудыг нь нэрлэж нэг бүрчлэн адис тавив. Үг дуугүй толгой дохино. Хоёр гараа цээжиндээ авчирч арай ядан залбирч буйг нь харахдаа сэтгэлийн тэр их хүч хаанаас нь гарч буйг гайхсан юм.
Сүхбаатар эмчтэй би тав гурван үг шивэгнэж зогстол эгч намайг дуудаж, “Амьсгаа хураах гэж байх шиг байна” гэв. Би ээжийн ор руу дөхвөл амьсгаа нь давхцаж ам нь өмөлзөж байлаа. Би яаран өвөг дээдсийн шүтээн Ногоон – дарь эхийг гартаа барьж “Ээжээ, бурхнаа хараарай. Бурхан чинь таныг харж байна. Бурхнаа л хараарай” гэв. Ээж нүдээ нээлээ. Бурхнаа харав. Ногоон-дарь эх чинь … гэж би дахин хэлэв. Хоолой зангирч, нулимс бүрхэж ирэв. Би үг хэлэх гээд чадахгүй, уйлчих гээд бөөн юм хоолойд тээглэв. Магсаржав ламыг би хонхоо цохь, номоо эхэл гэв. Тэрбээр хоолой нь чичрэн ерөөлийн хаан уншиж, хонхоо цохиж эхлэв. Би, дүү нартаа маань мэгзэм уншицгаа, бүү уйл, ээж чинь ингэж захисан гэв.
Ээж минь бурхнаа харсаар л байлаа. Эцсээ хүртэл ухаан саруул байв. Бурхнаа харсаар байгаад нүднийх нь галыг дотроос нь ямар нэг юм хураагаад авчих шиг… бүүдийсээр… Гэвч энэ эцсийн харцанд Ногоон-дарь эх бурхан шингэж, ээж минь сүүлчийн удаа Ногоон-дарь эх бурхнаа ширтсээр амьсгал хураав.
“Амьсгал хураачихлаа, гэхдээ зүрх нь одоохоноо цохилж байна” гэж Сүхбаатар эмч хэллээ. Удалгүй зүрх нь зогсов. Хорвоо дуусчээ. Ээж минь таалал болов. Энэ насны нь зовлон дуусав. Зул сүүмэлзэнэ. Магсаржав лам толгой дээр нь хонх цохиж, ерөөл уншсаар… Батхүрэл дүү минь ээжийнхээ хөлд өвдөг сөгдөн чимээгүй уйлав. Би, түүний толгойг илж, бүү уйл, маань мэгзэм уншицгаа!… гэв. Тэр уйлахаа больж дүү нар маань уйлахаа хүчээр барьж, эрихээ чимээгүй эргүүлж, маань мэгзэм уншиж эхлэв. Би тэднийг уруу татахгүйн тулд нулимс унагахгүй, шүд зуун тэслээ. Ээж минь ийн одсон юм. Үүнээс хойш бид ээжгүй болсон.
Чи ямар ч сайхан юм үзсэн, түүнийгээ ярихад чинь үнэн сэтгэлээсээ баярлан хүлээж авдаг хүн тэр хоёроос өөр хэн буй? Чи яаж ч баярлалаа гэсэн тэр баярыг хоёр хөгшнөөс чинь өөр дүүрэн хуваалцах хэн буй бол? Чиний зовлонг ч чиний эдэлж буйн дайтай мэдэрч адилхан зовох нь хэн бол? Араас чинь сүү өргөөд үлддэг ээж чинь алга болохын цагт нутгаас буцахдаа чи нэгийг бодож, нөгөөг ухаарах буй заа. Ээжтэй хүн бүхэн, ээжийгээ амьд байгаад, ээжтэй байгаадаа нэг баярлагтун!
Ээжийгээ баярлуулах боломж буйдаа хоёр баярлагтун! Хэмээгээд цаглашгүй ачит ээжийнхээ дурсгалд зориулсан эл бичлэгийг өндөрлөе

2009-01-20

Цуурхал

Хөөе манайхаан, биш гэнэ шүү тэр хуи жиа чинь хужаа биш юм байна. Бараг л хальт цуурхал тараачихдаг юм даа. Сэтгэгдэл унших дургүй хүн байж магад гэж бодоод ил гарган тавихаар шийдлээ. Бас блоггер Өлзийд мунхаг намайг төөрөгдлөөс аварсанд баярлалаа гэж хэлье дээ.

Өмнөх бичлэгт үлдээсэн сэтгэгдэл:

Hitaddaas orj irsen ugnuud ih baigaa,manaihnii idej baigaa hool hunsnii zuils barag bugd hitad nernees garaltai,arga ch gui dee,manaihan ymar nogoo taridag baisan bish,mahaa,suu tsagaan idee 2 l bolood baisiim chini,ene hoyort l hitad ner baihggui baih,ternees busad buh nogoo,gurilan ideh yom hitad ugnees garaltai.harin ter hujaa gedeg ug hui jia(回家)gedeg ugnees garaagui harin hua qiao(华侨)gedeg ugnees garaltai,ene ni hitaddiin tsagaach gesen ug,ene hua qiao-d ni delhiin buh ornuudad baigaa,zarim pilipiin,indones zeregd hun amiih ni 20-30n huviig ezelsen baih jisheetei,hitaduud ni ch gesen ene ugeer tedniigee duuddag.harin mongold 1910-onii uyed iheer orj irj baisan hitaddiin tsagaachdiig manaihan hua qiao gedgiig ni hujaa gej duudaad,ene ni yavaandaa haraaliin utgatai bolson,ternees ene hujaa gedeg chini bol yag l hitadiin tsagaachaa l gsen ug.
Ter gamin gej ug yunaas garaltain bol gej suuliin bichlegendeeree bichsn baisan,ene bol harin hitadiin guo min dang(国民党)gedeg ugnees garaltai,ene ni hitaddiin ardiin namiin ner,mun l 1919 onii uyed hitadiin ene namiihan manaid orj irsnees manaihan gamin gej neriidsen.

2009-01-16

Хөөе, чи гэртээ харьсан бай даа!

За, эргэн тойрон юу болоод өнгөрөв гэдэг шиг юу болоод байна? Толгой эргэм олон блог дунд нэг мэдсэн явж байна ш дээ. Юу вэ, уншиж дуусна гэвэл нас хүрэхгүй бололтой. Дээр 2 жилийн өмнө нэг удаа тэрнээс болж бас шантарч байж билээ. Одоо бүүр замбараагүй болсон нь мэдээж. За энэ яахав.

Нэг мэдээ уншлаа. Би ч мэдээнээс илүү сэтгэгдэл уншиж нэг бол хаха инээж кайф авах, эсвэл уурандаа шууд кийбордоо идэвхтэй ажиллагаанд оруулж эхэлдэг болохоор харж явтал, сэтгэгдэл дотор "Тэр 3 эмэгтэйг Монгол улсын баатар цолоор шагна" гэнээ. Уншаад учиргүй их инээв. Уг нь тэр уншсан мэдээ нь бол эмэгтэйчүүд нийлээд нэг хужааг алчихсан бололтой. Ийм аймаар юм уншаад яанаа гэмээр юм аа, тэсэхгүй инээж л суулаа.

За тэгээд нэгэнт хужаатай холбогдсон юм чинь жоохон тэр талын юм бичдэг юм уу? Ер нь байна ш дээ, энэ хужаа гэдэг үг чинь хуи жиа = 回家 гэдэг үг юм шиг байна гэж манай Оюухай хэлсэн. Үнэн байх. Хэрэв тэгвэл энэ нь гэртээ харих, нутаг буцах гэсэн утга илэрхийлж байгаа бөгөөд тэд энэ үгийг шууд ойлгоод байдгийг нь бодоход үнэн л байх. Тэднийг хараад нүд нь хорсохдоо л тэгж дууддаг болсон байх, "Хөөе, чи гэртээ харь!" гэж. Нэг хүн хэлсэн ш дээ, энэ муу хужаа гээд Монголоор хэлсэн чинь нөгөөх нь барьж байсан ундааны саваа шидчихсэн гэсэн. Бид ч Монголдоо л нэг иймэрхүү амьдарч байгаа хүмүүс дээ.
Жунгаа гэдэг үг нь ч мэдээж жонг гуо = 中国 = дундад улс гэдгээс үүссэн бололтой. Харин тэр гамин гэдгийг тэгж байгаад нэг хайж үзнэ ээ. Өмнө нь хэдэн хятад үгтэй тулж ажиллаад бага зэрэг сонирхолтой санагдаад байгаа шүү.

За тэр яахав, цаашилбал энд нэг нэлээн алдар нэр олох магадлалтай нэг блог гарчээ. Хөтлөгч нь хятад эмэгтэй. Хараад байхад манай Монголчуудын цөсийг хөөргөхөөр л юм бичиж. Харин авууштай нь хөөрөх нэг нь хөөрч ална шулна дээрээ тулсан байх нь гарцаагүй ч үнэхээр тулхтай, баримттай, ухаалаг бичсэн байгаа олон залуусыг хараад баярлав.
Харин бичлэгүүдийг нь уншаад хятад хэл сурахаас дургүй хүрсэн ч гэнэт энэн шиг сурчаад энэн шиг эх хэл дээр нь бичээд бас дотроос нь жоохон арзагануулбал сайхан аа гэж бодоод бас л хаяхгүй байхаар шийдлээ. Учир нь тэрний Монгол хэл сайн юм аа. Харж байгаагаар бол нээрээ сайн юм. Артанъян, Гамп энэ тэр хүмүүс бас харууштай. Тэд сайн бичдэг ч товчилж, тасдаж, залгаж, эвдэж, эвлүүлж бичсэн эх хэлийг чинь цаана чинь хятад хүн чамаас дээр ашиглаж байна. Энэ тухай Яг тийм ээ блог дээр бас байсан, үнэхээр сайхан хэлсэн байна лээ. Гамп аа гоё бичвэл чи бүүр гоё шүү. Ямар ч л гэсэн эх хэлээ нээрээ л тэгж тасдаж, дэвсэж болохгүй л баймаар санагддаг шүү.
Баярлалаа бурхан минь санаа өгсөнд гэж гар бариад туслаарай гээд бугуй барихаас ;)) Хятад хэлийг сурахаас...
Тэр блогоос бас авууштай нь бид хятад хүний нүдээр өөрсдийгөө хараад авна гэдэг чинь ч бас зүгээр. Тэр оюутан охидын тухай бол арай аймаар бичиж. Гэхдээ үнэн ийм байвал яанаа л гэдэг бодол эргэлдэж байна. Линкдэх гэтэл хаагдчиж блог нь. Өөрөө үнэхээр хаасан юм болов уу, эсвэл худлаа хэлсний чинь төлөө хаалгачихъя гээд байсан нөхдүүдийн ажил юм болов уу?

Өө бас еэвэн сарын тухай, еэвэнгийн тухай, одоо тэр хэрүүлийн алим болоод байгаа зурхайны тухай бас нэг газраас уншсан юм байна. Уншиж байхдаа бичсэн хүнийх нь боловсролыг, магадгүй хятад хэлийг гайхаж л суулаа. Хятад эх сурвалжуудаас авч бичсэн энэ нийтлэл үнэхээр сайн болсон байна лээ, та эндээс уншаарай. ЗААВАЛ ШҮҮ. Энд ч бас арай өөр эх сурвалж байна. Тэгээд дараа нь "хөдөөний энэ олон замбараагүй замын алинаар нь явж, хаагуур нь гарч" цагаан сар хийхээ шийднэ биз таминь ээ.

2009-01-14

Хагас. Жил.

Өнөөдөр, дүү минь од болоод хамаг юмыг хагасруулан, эзгүйрүүлэн орхиод гэнэтхэн явчихсанаас хойш яг хагас жилийг өнгөрөөж байгаа өдөр. Түүнгүйгээр, зөвхөн түүний зураг, түүний тухай зүүд, зүүднээсээ хэлтэлж ирсэн хэдэн дусал нулимс... бас дандаа ийм муу биш ээ, түүнийхээ тухай гэгээн сайхан дурсамжууд, гэнэн хонгор хүүхэд насных нь үлгэр шиг, зүүд шиг жаргалтай олон олон өдрүүдийн нандин бүхэнтэйгээр амьдарч байгаа хагас жил өнгөрч. Ээ цаг хугацаа...

2008-12-31

За ингээд нэг мэдэхэд оны сүүлчийн өдөр эхэлчихлээ. Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л...
Муухай хар дарсан зүүд шиг өнгөрч байгаа энэ жил баяртай. Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!

Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэл чинь баяраар гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх 2 оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Танд шинэ жилийн мэнд хүргэе!

2008-12-28

MONGOLIA

За нөгөө аль дээр л ярьж байсан зүйлээ өнөөдөр нэг оруулъя даа, худлаа яриад он гаргах нь. Энд соёмбоны тухай оруулсан текстийн дээр төрийн далбаа наалттай байсан бөгөөд салаад уначихсан хойно нь зураг авсан байна. Тэгээд царайлаг биш гарчиж ;)) Соёмбоны тухай бичсэн зүйлийг Оюухай олсон нь таалагдсан учир далбаан доор наасан юм. Түүнийг доор хуулчихъя. Бас тэр гэрийн задаргаа зургийг сөхөхөөр гэрийн тухай бичээстэй байгаа юм.
(Зураг дээр дараад томоор харж болно)

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ

Soyombo is the symbol of the Freedom and Independence of the Mongolian people. The Soyombo appeared on the flag at different times in Mongolian history. In 17th century and 1911-1912 years it was used. And in 1921 the Mongolians fighting the Manchu emperor put it on their flag. In 1924 during the first conference of the new Republic of Mongolia it was appointed the Soyombo as part of national flag.


Always spread like fire

Always shine like the moon and the sun
Always be sharp like an arrow and a spear
Always be strong like armor
Always be strong like a big wall
Always be watchful like fish
Always be numerous

2008-11-29

Ээж ээ, танд би хайртай

Өнөөдөр асралт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Тандаа маш их хайртай ээж ээ! Хэрэв та байгаагүй бол би аавыг, таныг, дүүгээ, цаашлаад ах дүүс, найз нөхөд, орчлон ертөнцийг ч харахгүй байх байсан. Зүгээр л хэлэхэд тангүйгээр би байхгүй.
Арван сар хэвлийдээ тээн, ангир уургаа хөхүүлэн, эрүүл саруул өсгөж, хүн шиг хүмүүжүүлсэн ээж минь таны ачийг хариулж би дийлэхгүй ч...

ХАЙРТАЙ...

2008-11-26

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ!

1. Монгол гэх юм байна уу?

Хэл шинжлэлийн ухаанд дэлхий дээрх хэлүүдийг

  1. үсэгт - alphabetical
  2. дүрст - pictogram
  3. ? - logogram (Үүнийг мэддэг хүн байвал хэлж туслаарай)

гэж 3 ангилдаг бололтой. Эдгээрээс дүрснээс үүссэн, дүрсээр тэмдэглэгддэг нэг хэл болох хятад хэлний тухай хэдэн үг бичмээр санагдаад.

Хамгийн муухай гэж үзэн яддаг байсан энэ хэлийг сурах гэж явах юм гэж төсөөлөөгүй ч харин одоо сонирхолтой санагдаад хичээж байна. Ингэлээ гээд дургүй хятаддаа дуртай болохгүй нь лав байх. Гэхдээ их өөр нүдээр харах болно.

Хятад хэл нь дээр дурдсанчлан дүрс, зургаас үүсэлтэй бөгөөд тэр үг илэрхийлсэн дүрсийг ханз гэнэ. Зарим ханз хэрхэн үүссэн тухай ханзны ном үзэхээр сонирхолтой юм билээ.

Орчин цагийн Хятад хэлний үгийн сан 1 сая гаран үгээс бүрдэх бөгөөд хамгийн идэвхтэй хэрэглэгддэг нь 58000 орчим үг байдаг юм байна. Эртний хятад хэлэнд үг бүр нэг ханзаар дүрслэгддэг байсан бол орчин цагийн хятад хэл үг бүр 2 үетэй, өөрөөр хэлбэл 2 ханзнаас тогтдог болж. Нэг ханз нь тухайн үгийн утгыг илэрхийлдэг бол нөгөөх нь утгаа алдан, бие даасан утга илэрхийлдэггүй дагаж явдаг гэсэн үг. Ингэснээр ханзнууд өөр өөр утгаар, өөр дуудлагаар ашиглагдах болсон гэсэн үг.

Эдгээрийн дотроос сонирхол татсан нь字 ба 子 тэмдэгт. Ханзнуудын өөрийн утга нь эхнийх нь үсэг, хоёр дахь нь хүүхэд гэсэн утгатай. Аль аль нь хэд хэдэн өөр утгатай. Харин хоёулаа ЗИ гэж уншигддаг, нэр үг үүсгэдэг дагаварууд. Жишээ нь:

Дүрс - дуудлага - орчуулга

汉字 - хан зи - ханз

胡子 - ху зи - сахал, манайхан хууз гэдэг

袋子 - дай зи - сав, уут. Сумны дайз гэж бас мэднэ.

包子 - бао зи - бууз

гэх мэтээр үг бүтээнэ. Энэ нь дээхнэ "З" үсгээр төгссөн бүх үг хятад хэлнээс орж ирсэн байдаг гэж сонсож байсныг минь батлаад байх шиг. Хэрэв тэгвэл арз, хорз, банз, дүнз гээд олон үг хятад болж таарах нь ээ. Би үүнийг сонсоод НАЙЗ гэдэг үг битгий л хятад үг байгаасай гэж бодож байж билээ. Одоогийн байдлаар биш эсэхийг нь яг мэдээгүй ч, толиноос ойролцоо дуудлагатай үг хараагүй, бас найзыг бүр их өөрөөр дууддаг болохыг мэдээд санаа амар байгаа.

Гэтэл түүнээс ч гадна шууд хэрэглэгдэж байгаа үг их олон юм.

Дүрс - дуудлага - орчуулга

馒头 - ман тоу - мантуу

麻烦 - ма фан - маафаан, маапаан, төвөг, бэрхшээл

斤 - жин - хагас кг

样子 - ян зи - янз байдал(нөгөө алдарт зи)

灯 - дэн - дэн, гэрэл

画儿 - хуа р - зураг, хуар

萝卜 - луо бо - лууван

醋 - цу - цуу

白菜 - бай цай - байцай

西瓜 - ший гуа - шийгуа, тарвас

黎 - ли - лийр

葱 - цонг - сонгино

窗户 - чуан ху - цонх

За тэгээд ханзыг нь мэдэхгүй үг бас зөндөө. Зүү, жинтүү, мөөг, чинжүү, сампин, жонхуу, ший, бин гээд л өдөр өдрөөр энэ жагсаалт уртсаад л байх бололтой.

Бас дээр нь 不 - бү - бүү, битгий, үгүй гэсэн утгатай бөгөөд манай "бүү"-тэй адил ч юм шиг.

Сүүлдээ хятадаас манайх руу орсон уу, манайхаас хятад руу орсон уу мэдэхээ байлаа. Бодсоор байгаад толгой эргээд, хаячихдаг ч ижил үг гараад ирэнгүүт уур ч хүрэх шиг.

Монгол улс, Монгол хүн, Монгол хэл... гээд Монгол юмнуудаа тоочих гэтэл ийм холилдсон юм болчихоод гайхаж байлаа. Гэтэл дээр нь Монгол хувцас олдохгүй нь ээ. Өнгөрсөн жил нэг найз маань Япон явах гээд бүсэлдэг Монгол дээл хийлгэж авч явсан юмдаг. Азид бол ялангуяа манайхны загварын дээл гэж нэрлэдэг гоёог хэн ч гэсэн хятад хувцас гэж хэлэхээр байдаг болоод тэр. Гэтэл энд ирээд хараад байсан чинь нөгөө манай дээл, миний Монгол дээл гээд байгаа чинь Хятадууд хаа сайгүй кинон дээр өмсөөстэй. Зах, энгэр заам, товч, шилбэ... дутуу юм алга. (Угаасаа нээрээ товчийг зангидаж хийхээрээ сампин гэдэг) Бүс нь харин байгаагүй байх. Хүрэм гэсэн чинь бас л эрчүүд нь өмссөн. Тоорцог, хантааз(энэ бас нөгөө алдарт ЗИ байх даа) бүгд л байна. Энэ чинь Монгол дээл гэхээр одоо 2 сая хүнтэй биднийх гэх үү мэдээж Хятадынх гэх үү? Эмээ жоохон байхад мөрөн дээрээ бондгортой дээлийг эхнэр дээл гэж хэлдэг байсан, гадуураа давхар уужтай. Тэр л Монгол дээл юм болов уу? Эсвэл бас манайх эднийхээс авчихав уу?

За дээр нь цагаан сар. Энэ жил ядаж байхад манай цагаан сар, Хятадын хаврын баяр 1 сараар зөрж байгаа юм байна лээ. Зурхайчид бөөн хэрүүл тэмцэл хийж, шар сонингууд Бхэсэгтээ хийх ажилтай, хуудас дүүргэх юмтай болох байх даа. Дэлхий дахинд энэ баярыг Хятадын хаврын баяр, шинэ жил гэж мэддэг. Бид л Монголын цагаан сар гэнэ.

Харин Монгол бичгийн тухайд бас л өөр асуудал хөндөгдөх байх. Дэлхийд ганц манай босоо бичиг гэдэг ч бидний ихэнх мэдэхгүй, мэддэг нь ашигладаггүй. Гэтэл өвөрлөгч Монголчуудын албан ёсны бичиг.

Мэдээж Их Монгол улсын үед Хятад бүхэлдээ л тэр эзэнт гүрэнд багтаж байсан болохоор тэр цагаас бидний л зүйлс энд ингэтлээ шингэсэн байх гэж маш ихээр найдавч бид үүнийгээ хэрхэн нотлох вэ? Эсвэл тэгэх хэрэггүй юу?

Манай гэхээр юм байна уу?

2. Байна . Монгол хэл байна.

Хоосон толгойдоо жаахан юм олж хийх гэхээр хамаг юм англи хэл дээр. Миний англи хэл хангалтгүй болохоор заримдаа ойлгохгүй юм маш их гарна. Тэгээд ч эх хэл дээрээ уншиж ойлгох, сэтгэх, бичих шиг хэзээ ч чадахгүй байх даа гэж бодох юм.

Одоогоос яг 3 жилийн өмнө Африк залуутай ярьж байхдаа тэнд албан ёсны хэл нь Англи хэл гэж сонсоод атаархаж билээ. Хэлний асуудал гарахгүй нь ээ гээд юу ч бодолгүй атаархсан. Харин саяхан англиар тогтохгүй франц, испани хэлүүд ч албан ёсны хэл байдаг, хоёр ч хэлийг нь хэрэглэдэг орнууд цөөнгүйг мэдлээ.

Тэр Африк залууд Монголд цор ганц албан ёсны хэл бол Монгол хэл бөгөөд Монгол даяар бид эх хэл дээрээ ярьдаг гэхэд "Маш сайн хэрэг. Эх хэл дээрээ ярилцах нь..." гэхэд л нөгөө атаархал өөрчлөгдсөн юм. Тэр залууд баярлалаа.

Нээрээ тусгаар улсын хувьд өөрийн гэсэн хэлтэй байх нь бараг л бахархал юм гэдгийг ойлгож билээ. Тэгээд ийм агуу 2 гүрний дундах бидний цөөхөн Монголчууд шүү.

Мэдээж зөвхөн хятадаас гадна бидэнд орос хэлнээс ч нэвт шингэсэн үгс их олон. Тэгэхээр эх Монгол хэлээ авч үлдэх л хэрэгтэй байх даа. Саяхан бас нэг ийм мэдээлэл уншсан, сонирхолтой санагдсан. Эндээс уншиж болно.

Улам даяаршиж байгаа ертөнцөд авч үлдэхийн тулд бид харин юу хийх хэрэгтэй вэ? Юу хийх вэ гэхээр болохгүй нь ээ. Цаг гаргаад юм хийх болох гээд байна. Хүн бүхэн завгүй энэ цагт юун тэр манатай. Тэгэхээр бид яаж болох вэ? гэвэл илүү тохиромжтой юм байна. Миний бодлоор бид зүгээр зөв утгаар нь ашиглаж байхад л өөрийнхөө зүгээс хүч, цаг заралгүйгээр хэрэгтэй, яг тэр хэрэгтэй зүйлээ хийж байгаа мэт?

3. Тусгаар тогтнолын өдрөөр

Энд хятадуудаас өөр Монголыг мэддэг хүн ховор, хааяа мэддэг нь "Аан, Чингис хаан" гэнэ. Харин Япончууд мэдээж маш сайн мэднэ. "Долгорсүрэн Дагвадоржийг танина биз дээ?" гэж асууна.

Хятадууд болохоор "Аан мэднэ, та нар морь унадаг, гэрт амьдардаг" гэнэ. Сайн мэддэг нь "Архи их уудаг, баян...Хонины мах иддэг. Өргөн тал нутаг, морь..." гэнэ. Зарим нь харин хөрш улсаа мэдэхгүй уур хүргэнэ.

Энэ ч гадаадад амьдардаг хүмүүсийн хувьд хаа сайгүй л тааралддаш асуудал байх л даа. Тэгээд улс тунхагласны баяраар гадаад оюутнуудад, мэдээж бас Хятадуудад зориулж Монголын тухай мэдээлэл бүхий самбар гаргах боллоо. Энд байдаг ганц Монгол хүн болох Оюухайтайгаа нийлж хоёулаа хэдэн өдөр нухалдаж байж өөрсдөдөө л хөөрхөн юм хийж гаргалаа. Хийж байхдаа Монголын үзэсгэлэнт байгалийн зургуудаар өөрсдөө ч нүдээ хужирлан бахархаж, бас хүмүүс Интернэтээс хайхаар аймаар утаа энэ тэр л гарч ирэх байх даа гэж санаа зовж байлаа.

Самбарынхаа зургийг авч амжаагүй байгаа болохоор дараа оруулна аа. Харин бэлдсэн бахархал болсон зургуудаа харуулъя. Мэдээж бүх зургуудыг Интернэтээс авсан. Бид эвлүүлэх л ажил хийсэн гэсэн үг.

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ