2018-01-02

Карьерыг чинь "алж хаях" гуравхан үг

Жеймс Майкл Лафферти (CEO, Олимпийн дасгалжуулагч)

Урьд өмнө маш олон хэлсэнчлэн бурхнаас заяасан гайхамшигтай авъяасыг ашиглаж чадахгүй юу ч биш болгож байгааг харахаас илүүтэй гутрам зүйл үгүй билээ. Хэн нэгэн сайн тамирчин өөрийн боломжид хүрч чадалгүй алдах, эсвэл залуухан СЕО бүдрэхэд нүдний нулимс эрхгүй хуралддаг юм. Ямар агуу боломж хэрэггүй хог болж байна гээч...

Үндэсний баг тамирчидтай ажиллах нь агуу их баяр бахдал, бас асар их харууслын эх болдог юм.

Саяхнаас миний дасгалжуулж буй нэгэн марафон гүйгч бол нэгэн баяр баясал минь билээ. Тэрээр үндэсний шигшээгийн тамирчин биш. Филиппиний Спортын Хорооноос цалин тэтгэлэг авдаг мэргэжлийн хүн биш юм. Түүний нэрийг Кристи Абелло гэдэг бөгөөд чи түүний тухай дуулаа ч үгүй байх. Хүүхэд байхын гоц авъяастай ч юм уу эсвэл Паларонг Памбассагийн аварга ч байгаагүй. Тэр хэдхэн жилийн өмнөөс гүйж эхэлсэн бөгөөд Проктер энд Гэмбл гэх дэлхийд тэргүүлэгч компанид АйТи менежер хийдэг ажлынхаа их дарамтаас зугтааж үүнийг хийдэг юм.

Тэр өөрийнхөө цаг мөнгийг заран байж их хүч шаардсан Канадын Оттавад болсон марафонд оролцсон. Нэр хүнд бүхий Бостоны марафонд тэнцсэн. Тэр Пайнэйн шилдэг 15 марафон гүйгчид тооцогдсон. Энэ бүхэн ажлынхаа хажуугаар гүйдэг түүний хэдхэн жилийн гүйлтийн зарим амжилт.

Яаж ингэж чадаад байна? Үнэхээр боломжтой гэж үү? Хариулт нь үнэхээр энгийн. Кристи бол миний ажиллаж байсан тамирчдаас дасгалжуулахад хамгийн амар хүн. Тэр сонсдог. Тэр заавар зөвлөгөөг авдаг. Би түүнээс хүний карьерыг үгүй болгож чаддаг "Би үүнийг мэднэ" гэдэг үгийг хэзээ ч сонсч байгаагүй юм.

Тийм ээ. Тамирчин ч бай, бизнес хийдэг ч бай "Наадхыг чинь мэднэ" гэж үргэлж хэлдэг хүмүүс өөрийнхөө карьерыг үгүй хийж байдаг юм.

Сурах юм асар ихтэй залуухан менежерүүдээс энэ үгийг ажил дээр сонсоход үнэхээр харамсмаар. Эргээд харахад ингэж хэлдэг байсан хүмүүс өнөөдөр аль хэдийн байр сууриа, боломжоо алдсан  байдаг билээ. Зүрх шархлуулам байгаа ч үнэн юм. Тэд бурхнаас заяасан гайхамшигт авъяасыг үгүй хийчихдэг.

Үнэндээ хэлэхэд амархан ч амжилтад саад болдог энэ гурван үгийн цаана 2 том асуудал байна.

Эхнийх нь сурах ямар ч боломж байхгүй байх. Шилдгүүд өөрийгөө өдөр бүр тордож байдаг. Амьдралынхаа туршид өөрийгөө суралцагч байлгадаг. Өнөөдрийн ертөнцөд бизнест, спортод, ер нь амьдралын аль ч хэсэгт тасралтгүй өгсөж байх хэрэгтэй. 1999 онд маш сайн гүйцэтгэлд тооцогдож байсан зүйл өнөөдөр хангалтгүй байна. Хүн бүр зогсолтгүй өсч байх хэрэгтэй. Заавар зөвлөгөөг сонсдог хүмүүс сурдаг. Тийм хүмүүс өргөн мэдлэгтэй байдаг. Тэд туршлагаас өөрийн төрөлх үнэ цэнийг, ахмад хүмүүсийн эрдэм оюуныг олж авдаг бөгөөд хэн ч бай үнэ цэнээ нэмэгдүүлж чадна гэдэгт би итгэдэг юм. Бүхнээс илүү ухаантан гэж байхгүй гэдгийг тэд мэддэг. Тийм болохоор л зөвлөгөөг хүлээж авдаг. Сурдаг. Өөрийгөө чадваржуулдаг. Хэрэв чи "Би үүнийг мэднэ" гэж хэлсээр байх юм бол аливаа шинэ ирээдүйг хаах болно. Чи өсч хөгжихгүй. Ард унасан чигээрээ суусаар л байх болно.

Хоёр дахь асуудал нь "Би үүнийг мэднэ" гэж бувтнах тоолондоо чи хүмүүст дохио өгч байдаг. Хамгийн гол нь наад 3 үг чниь далдуур "Амаа татаж үз. Би чамаас ухаантай. Мэдэж байгаа бүхнийг чинь би мэдэх болохоор ..." гэж хэлж байдаг юм даа. Ингээд л таг. Хүний уур дургүйг хүргээд зогсохгүй бусадтай ажиллах нь шүүмжлэлтэй байдаг учир чи хөл рүүгээ буудчихлаа л гэсэн үг. Бүхнийг мэддэг хүнтэй хэн ажиллахыг хүсэх билээ дээ?
Дараагийн дохио бол чи өөртөө итгэлгүйн шинж. Бусдыг хүндэтгэн сонсч чаддаггүй, "Наадхыг чинь мэднэ" гэж хөөрдөг хүмүүс өөрийгөө үнэлж чаддаггүй юм. Тархиныхаа хэмжээгээр онгирч байгаа нь гарцаагүй. Хэрэв үнэхээр мэддэг юм бол сонсоход юу нь хохиролтой гэж? Хүндэтгэлтэй байх уу? Хамаагүй ярихаас татгалзах нь магадгүй дараагийн сонсох зүйл шинэ мэдээ болохоор уу? Бусдын хэлж байгааг таслан "Наадхыг чинь мэднэ" гэж хэлснээр яг үнэндээ чиний хийж байгаа зүйл бол яриаг өөрийн "тархины хэмжээ" рүү эргүүлчихэж байгаа байдал юм шүү дээ. Ингэснээр өөртөө итгэлгүй байгааг чинь л бусдад харуулна. Карьерыг чинь доош татна.

Эцэст нь энэхүү гурван үг энэ дарааллаараа бол аюултай хослол. Үүнийг үгийн сангаасаа авч хаяасай гэж би зөвлөмөөр байна. Сонс. Суралц. Нээлттэй бай.

Энэ бол Кристи Абеллогийн нууц. Тэр үнэхээр сурдаг. Тийм болохоор эргэн тойрныхоо ертөнцөөс хамгийн шилдэг мэдлэг, эрдмийг өөртөө авч байдаг. Тийм болохоор тэр бизнест ч марафонд ч од болон гялалзаж байгаа юм.


Зарим тамирчдыг, миний өөрийн ажилчдаас ч зарим нь эндээс ямар нэг зүйл өөртөө олж аваасай гэж би хүсч байна.

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)