2008-08-25

МААНИЙН СУРГААЛ

МЭРГЭН ГЭГЭЭН ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН

МААНИЙН СУРГААЛ
Ертөнц болбоос гаслант ертөнц мөний тул аливаа хүн бүү гутарч гунирч, биедээ төлж баршгүй хилэнц нүглийг хийгтүн! Ертөнцийн аливаа хүн цөм хилэнц нүглийг хийхгүйгээр сайн санаа бодь сэтгэлээр явбаас харанхуй замаас салж, Диваажингийн оронд дэвшин, үхэлгүй мөнхийн шидийг олж, үгүйршгүй баян шидийг олж жаргах нь магад болой!



Оломгүй далайн усыг

Онгоцоор үл гатлах

Орчлонгийн амьтан бүхэн

Мөнх үл суух

Оосоргүй тамд

Очих магад тул

Ум ма ни бад ми хум

Ганга мөрний ус нь

Ганганд үл багтах

Галбын амьтан бүхэн нь

Мөнх үл суух

Гайхагдсан орчлон нь

Магад хоосон тул

Гайхамшигт маанийн зургаан үсгийг

Уншилтай ажгуу

Ум ма ни бад ми хум

Алт нь байгаад мөнгө нь байвч

Тамд үл хүнс болох

Амраг нь байгаад тавтай байвч

Эрлэгт үл дагах

Ангижраад салахын үест

Энэ бие ганцаар тулд

Ариун мөрийн цагаан үйлст

Зүтгэлтэй ажгуу

Ум ма ни бад ми хум

Эд нь байгаад мөнгө нь байвч

Тамд үл хүнс болох

Эвтэй нь байгаад тавтай нь байвч

Эрлэгт даган үл явах

Эвдрээд салахын үест

Энэ бие ганцаар тулд

Эрхэм цагаан ариун үйлст

Хичээлтэй ажгуу

Ум ма ни бад ми хум


Гар нь хэдий урт боловч

Тэнгэрийг үл тулах

Ганц бие нь сайн эр боловч

Галбыг үл сахих

Гайхавч маны биес

Гайхамшигт зургаан үсгийг

Ганц сэтгэлээр итгэж уншилтай ажгуу

Ум ма ни бад ми хум

Хөл нь хэдий урт боловч

Луст үл хүрэх

Хүний бие нь сайн эр боловч

Мөнх үл суух

Хүсэвч маны биес

Магад хоосон тул

Хүч ихт зургаан үсгийг

Хүчлэн зүтгэж уншилтай ажгуу

Ум ма ни бад ми хум

Аавын буян байна хэмээн !

Аван бүү хөөрөгтүн

Аяга барьсан гуйранч гэж

Дороор бүү үзээрэй

Адилгүй үйлийн үр

Анхын хийсэн хөрөнгө

Ариун цагаан үйлсийг

Санаж явах хэрэгтэй

Ум ма ни бад ми хум

Баян ноён болов хэмээн

Бардам бүү аашил!

Баахан буурай болов хэмээн

Гутарч бүү бодоорой!

Энэхүү ертөнцийн хүмүүсийн

Баян, ноён, жаргал гэдэг нь

Өглөө, үдшийн шүүдэр!

Ийнхүү жамыг мэдэн авч

Үүрдийн сайн үйлсийг бүтээхээр

Шамдалтай ажгуу

Ум ма ни бад ми хум
Хулгай дээрэмд үл автах
Сурсан эрдэм мөнх!

Хоцролгүй нэхэж гүйцэх

Үйлийн үр мөнх

Хуурмаг үнэнд үл ялгагдах

Доорд суртал хэврэг
!
Хувцас мэт элэгдэн барагдах

Янаг амраг хэврэг!

Ум ма ни бад ми хум
Аяганы төдий харагдавч Нарны гэрэл мөнх!Амьтан бүхнийг соёрхон сургах
Номын хүчин мөнх
!Асар хот шиг харагдахЗэрэглээ хоосон!Ашиг хонжлогод хөөцөлдөх
Сэтгэл үйл хоосон
!Ум ма ни бад ми хум




















Тайлбар: Их нигүүлсэгч бодисад Аръяабал зургаан их ертөнцийн амьтны зовлонг арилгахын тулд маанийн зургаан үсэг “Ум ма ни бад ми хум”–ыг бүтээн хайрлажээ. Иймээс энэхүү маанийн зургаан үсгийг “Аръяабалын зүрхэн тарни” гэдэг билээ. Үүнд “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тул” гэсэн утга багтаж буй. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан гэдэг нь тэнгэр, асури, хүн, адгуус, бирид, тамын амьтныг өгүүлж буй!



Маанийн сургаалийг монгол бичгээс кирил үсэгт буулган, олонд түгээсэн ач буянаар буянт үйлстэн арвидах болтугай!



Ш.Чоймаа

3 comments:

  1. Ум ма ни бад ми хум

    ReplyDelete
  2. http://www.sergegsuns.blogspot.com/ УМ МА НИ БАД МИ ХУМ
    dagan bayslaa

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)