2008-11-13

Аз жаргал

Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэ тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр...
Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Бүүр дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүндээ л хамгийн бага хэлж.



Ер нь аз жаргал гэгч чинь юу билээ дээ? Зовлонгийн сүүдэр туссаны дараа сая л жаргалыг ухаарах нь хүний зан юм уу? Нарны гэрэл, солонгын өнгө, бороон дусал, салхи шороо, ширхэглэн будрах цасан гэх мэт байгалийн төрх, догшин ширүүн бороо, тэнгэрийн дуунаас айх, нар мандах, сар шингэхийг харах мэдрэмж, өглөө сэрэх, инээх баясах, хайрлах дурлах бүхэлдээ жаргал мэт. Энэ бол амьд байгаагийн жаргал. Бүр уйлах ч жаргал. Тэгвэл энэ хорвоо бүхэлдээ жаргалын диваажин юм уу? Үгүй ээ, харин ч зовлонгийн далай гэлтэй. Төрсний эцэст үхнэ, учирсны эцэст хагацна, өвдөж зовно, үгээгүй хоосны зовлонг ч амсана. Жаргал нь зовлон болно. Амьдрал нэртэй зовлонгийн далайд сэлж байгаа аятай. Хааяа арай гэж том, бага "арал олж" тухлах нь мөнөөх жаргал юм болов уу? Би мэдээж том эх газар хайж яваа учир сэтгэл ханахгүй цааш явна, нөгөө л зовлон дундуур сэлнэ.
Жаргал гэж юу вэ гэдгийг л мэдрэх юу юунаас чухал юм шиг. Энэ тухай би өмнө бичиж байсан санагдаж байна. Дээр нь Р.Чойном агсаны "Жаргал Зовлон" гээд агуу утгатай бүтээл байна. Энд олон хүний нүдээр бичсэн байгаа.

Энэ бүхнийг орхиод...

Саяхан АЗ ЖАРГАЛ гэдэг сүрлэг "уул"-ын бэлд тухлан, утааг нь үнэрлэж, аагтай цайг нь амталлаа. Тэр "уул" бол насан өндөр буурай аав, ээж хоёр минь билээ. 80 хол гарсан насандаа нэгнээ түшин, нүүр тулсан зовлонг хагаслан хувааж суух гэдэг үгээр хэлшгүй жаргал юм гэдгийг мэдэрлээ. Өтөл болсон ч гараасаа хөтлөлцөн үр хүүхэд, ач гуч, бүр тэдний хүүхдүүдийг ч тойруулан суугаа өвөө, эмээ хоёроо хараад цээж огшино гэдгийг мэдэрсэн. Энэ бол аз жаргал юм байна гэдэг бодол толгойд орж ирсэн цагаас эрхгүй л хамар шархирч, ярилцаж байгааг нь, хоорондоо харилцаж байгааг нь чимээгүй л удаан ажиглалаа. Тэр тусам гэгээ орон тодрох тэдний минь амьдрал, тоолшгүй олон зовлонг хамтдаа туулсан ч сөхрөөгүй сэтгэлийн хат, үр хүүхэддээ үлдээх алтнаас ч үнэт сургаал үгс, хайр энхрийлэл... Үнэхээр гайхамшигтай. Надад эцгийн, бас эхийн хайраар хандаж байгаа та нарынхаа хүчээр би олон зовлонг бас давах юм гэдгээ ч бас ухаарсан.

Дээрх бичлэгийг 9 сард бичиж байгаад ноороглоод үлдээчиж. Хэвээр нь гаргаад тавьчихлаа.

9 comments:

  1. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор аз жаргал гэдгээ чухам юу юм гэж ойлгохоос л хамаарах байх л даа. Хүнд хайр өгч, хүнээс хайрыг авч учирсан бүхнээ хамтдаа туулах шиг сайхан юм хаа байхав. Чамайг эцэг эхийнхээ тэр агшинг харж чадсанд талархах учиртай.

    ReplyDelete
  2. Миний найз өөрийн аз жаргалаа олжээ. Хүн бүр л өөрийн аз жаргалын уултай байдаг. Арга билиг ээлжлэн ихсэж буурч байдаг хорвоод энэ тэнцвэрийг хадгалж амьдрана гэдэг л ухааных даа гэж бодох юм...Чи чадна аа...

    ReplyDelete
  3. ямартай ч хариугаа заавал авдаг мэт. би сайн мэдэхгүй байгаамаа энэ тал дээр. одоохондоо манан дунд байгаа хүн болчихоод байна

    ReplyDelete
  4. az jargalaa oloh zamiin ereld mordson ho

    ReplyDelete
  5. гоё бичжээ..Ноорог нь л ийм байна штээ мийш минь хэхэхэ

    ReplyDelete
  6. Хаа сайгүй нуугдсан аз жаргалуудыг бид өөрсдөө л олж харах хэрэгтэй юм байна.
    Түүнээс биш, амьдрал аз жаргалаар бус зовлонгоор дүүрэн, хорвоод сайн хүн нь муугаасаа олон гэдэгт итгэж байна аа.

    ReplyDelete
  7. та энэ хорвоо дээр амьдарч байгаа тань л хамгийн их аз жаргал юмшүү

    ReplyDelete
  8. үнэхээр тийм шүү

    ReplyDelete
  9. Сайн ханьтай учрах, тэрэнтэйгээ өтөл болтлоо хамтдаа байх гэдэг ёстой л хувь заяаны бэлэг шүү дээ. Ийм бэлгийг гардсан хүн аз жаргалтай байлгүй яахав. Аз жаргалын томьёолол хүн хүнийхээр янз янз юм даа.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)