2011-11-25

Филипок (Лев Николайвич Толстой)

За нөгөөх чинь бүүр тийм алдартай зохиолчийнх болж таарлаа шүү. Үргэлжлэлийг нь одоо бол чадан ядан орчуулах гэж оролдоод үзье.

Филипок (Лев Николайвич Толстой)
Үргэлжлэл

Тэр багш руу харан уйлчихав. Багш түүний толгойг илж, энэ хүү хэн болохыг хүүхдүүдээс асуулаа.. 
- Энэ бол Филипок, Костюшкиний дүү. Тэр сургуульд явахыг хүсдэг ч ээж нь түүнийг явуулаагүй. Тэгээд тэр нууцаар хүрээд иржээ. 

Филипок

Саяхан энэ өгүүллэгийн тухай дурдаад, эргэн санах гэж оролдсон ч цасан дээр унасан  хүүхдийн тухайгаас өөр юу ч толгойд орж ирээгүй юм. Гэтэл өнөөдөр санамсаргүй бүр хуучны дэвтэр олоод хартал оросоос орчуулж байсан бололтой гараар бичсэнээр олдог байна шүү. Дутуу юм гэхдээ. Яаж дуусдаг билээ дээ?  Бас би өөрөө орчуулсан юм байх даа гээд гайхаж сууна.

Филипп гэдэг нэртэй хүү байжээ. Хүүхдүүд бүгд сургуульд явцгаав. Филипп малгайгаа авч тэдэнтэй хамт бас явахыг хүсчээ. Гэвч ээж нь түүнд:
- Чи хаачих нь вэ Филипок? гэхэд
- Сургуульд
- Чи бага байна, бүү яв гэж хэлээд ээж нь түүнийг гэрт орхиод явав.

2011-11-20

Ахиллийн шөрмөс

Ээлжит асуудал бол шөрмөс. Өнгөрсөн жил өдийд л байх. Хөлөө удаан дарж суусны улмаас цус боогдож байснаа, гэнэт хүчтэй гүйгээд жирвэлзэн, мэдрэлгүй юм шиг бадайрдаг даа. Нэг тийм өдөр босч ирээд анзааралгүй тэр дороо алхах гэж оролдоод унаж, шагайн гаднах зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хоноод гайгүй болсон ч одоо хэр нь өсгийтэй гутал дээр удаан явах, зааланд тоглох г.м ачаалал өгөх үед өвдөөд салахаа байж.
Гэтэл харин саяхан зааланд тоглож байгаад нөгөө хөлийнхөө шөрмөсийг тасалж орхидог байна шүү.

2011-11-11

11.11.11


Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Тэр яг 60 настай байх байсан өнөөдөр. Содон өдрөөр нэгэн жарныг элээх байжээ та минь. Эгэлийн эгэл амьдрал, хайрын дээд хайр, ухааны дээж байсан даа та минь. Хүүхэд бүрийн ээжүүд хүүхэд бүрдээ сайхан даа гээд дуулдаг шиг л аав, ээж маань хэний ч хувьд тийм л байдаг. Хүн бүрийн аав, ээжүүд тэдэндээ бурхад. Бүр амьд бурхад. Яагаад гэвэл тэд л биднийг бусдаас илүү хайрласан болоод тэр байх. 
Одоо бол тэр минь тэнгэрт байдаг бурхан болсон. Аавдаа би хайртай. Санаж байна таныгаа. 

Таныхаа нутаглуулсан газраас, өлмийд тань сөхөрч, адис аван, яг 30 жилийн өмнөх тэр өдрийн, хүүтэй болсон тэр өдрийн тань баярыг сануулан, гунигийг хуваалцан суухдаа та минь баярласанд, ховорхон харж байсан нулимсыг тань ч бас тэнгэрийн энгээс бас мэдэрсэн гэдэгтээ итгэж, дүү минь тэнд юу бодож байсныг төсөөлөх гэж оролдсон. 
Шиврээ зөөлөн бороотой, манан буусан нэг их сайхан өдөр байсан. Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо. 

2011-11-02

Нүүрний мэдрэлийн саажилт

Эрүүл мэндийн асуудлаар өмнө тэмдэглэж байсан болон саяхнаас тохиолдсон асуудлуудынхаа талаар оруулахаар боллоо.
 Хүний нүүрний мэдрэлийн гол сувгууд чихний омогны урд байрлах цэг дээрээс салаалж тархсан байдалтайгаар нүүрийг мэдрэлээр хангаж, бид нүдээ аньж нээж, амаа ангайж, хааж, хоолыг зажилж, залгиж чаддаг байна.