2011-07-27

Халуурал

...
- Яаж ч бодсон танайд 100 их сургууль байх боломжгүй ээ. Арай дэндүү байна. Яаж ийм байж болох юм бэ? 3 сая хүрэхгүй хүн амтай, ганцхан хотдоо ихэнх нь амьдардаг. Тэгээд? Итгэж чадахгүй нээ. Тэгээд хэдэн оюутантай байх юм бэ? Хэн тэнд чинь явдаг байна аа? 
- Манайх танай Европ шиг хөгшин биш ээ, хүн амын ихэнх нь залуучууд. 
- Үгүй гэхдээ, масс их байлаа гээд, нийт хүн ам чинь ийм жаахан байхад... Энэ үнэхээр боломжгүй гэж бодож байна. Манай улс 70 шахам сая хүн амтай, 100 аад их сургуультай. Миний амьдардаг хот 3 сая хүн амтай, одоо 2 дахь их сургууль нээгдэж байгаа. Тэгээд харьцуулахаар толгойд үнэхээр буухгүй нээ. 
- ...

Яаж яваад ч юм ийм ярианд хүрсэн юм. Уншиж харж байсан 180 гэсэн тоогоо ДАРААД ДАРААД 100 орчим гэж хэлээд ч барсангүй. Саяхан хаагдсан сургууль 8, төрийн өмчийн их сургуулиуд бараг 10 орчим гэж бодоод харьцуулахад бодит тоо санагдаж байсан ч сүүлдээ өөртөө итгэлтэй байсан энэ тоонд ч эргэлзэж эхэлнэ биз дээ. Гүүглдээд үзтэл үнэхээр дээд сургууль, коллежуудаа оруулаад 180 юм байна.

2011-07-17

Дахиад адууны мах...

...
- Морины мах их хатуу байх аа?
- Яагаад тэгж бодож байгаа юм?
- Дандаа давхиж байдаг болохоор тэр чигтээ нэл булчин, их л хатуу, идэхэд хэцүү санагдаж байна.
...

ХАХА, Самет...

Адууны мах БА Нохойн мах

...
-  Яаж та нар морины мах иддэг байна аа?
-  Манайх хүйтэн учраас өвөлдөө илчлэг ихтэй хүнс хэрэглэхгүй бол болохгүй. Адууны мах чинь илчлэг ихтэй учраас тэр. Гэхдээ иддэггүй хүн ч байдаг.
-  Яг эд нар нохойн мах иддэг шиг санагдаж байна
-  Яаж тэрэнтэй зүйрлэж чадаж байна аа? Энэ чинь огт өөр зүйл.
-  Миний хувьд лав ялгаагүй. Нохойг хүний нөхөр болохоор нь иддэг гэхээр сонин байдаг юм. Морь ч гэсэн хүний нөхөр ш дээ...
...

2011-07-14

2011-07-10

"Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам"

Аргасан нүдэнд минь ч нулимс торуулж дөнгөдөг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шинэ яриаг, шүлгийг олж уншлаа. Дахиад л мэлмэрүүлж орхилоо. Хүмүүс түүнийг хүү Хасарыг нь Болор цом авах жил нь янз бүрээр их л хэлж байсан даа. Тэгсэн ч гэсэн яадгийн, би лав тэр хүнийг шүтдэг. Тэрүүгээрээ муу байсан ч яахав, надад падгүй. 
Нээсэн тоолонд минь түүний шүлгүүд гарч ирээд байх юм өнөөдөр, яг л "Сэтгэлийн чинь утсыг хөндөх гэсэн юм би" гэсэн шиг... Хэлэх гэснийг минь хэлдэг болохоор тэр байх. Нээрээ л түүний хэлснээр онгорхой цоорхой бүхнээ ойр тойрныхон, хэдэн найз найраараа нөхөж яваа он жилүүдийг минь сануулсан болоод тэр байх, өнөөдрийн яриа шүлэг онцгой байлаа. (Энэ тухай удахгүй дурдана)

Татсан тамхиных нь цэнхэр утаа хөвөрсөн бодлыг тань урлан, ухааны чинагш аялах үг бүрийг чинь олж ирэн, улам биднийг баясгах болтугай.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч  “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, Драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан–Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт  Б.Лхагвасүрэн

Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам

Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

2011-07-09

Наадам аа гэж...

Нэлээн дээр 4 хоногийн зураглал гээд агшин зуур хувирдаг Монголын цаг агаарын тухай дүрслэх гэж оролдож байж билээ. Харин өнөөдөр гэнэт наадмын өмнөх зураглал нүдэнд тодроод ирлээ. Буулгах гээд оролдвол...

Наадам дөхөөд л байдаг. Хөдөө бол... алив нэг нүдээ аниад төсөөлөх гээд оролдъё.


Наадам гэхээр хамгийн түрүүнд ногоон өнгө санаанд бууж байна. Цэл ногоон тал, уул хөндий , тэгээд тэнд дүүрэн алаглах асар майхан, унаа машин, морь хүн гээд л тэд ногоон дэнжийг өнгийн цэцэгс аятай чимсэн тийм зураг л бууж байна. Хаа сайгүй хардаг болоод тэр байх. 

Өнөөдөр их сунгааны өдөр. Морины хүүхэд, уяач нарын сэтгэл дэвэлзэж, наадмын өглөөний үүлийг харах л үлдлээ гэж суугаа байх даа. Нэг өдөр амраагаад л хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ дээ гээд л... Маргааш өглөө мандах нарнаар сэргэлэн горхиныхоо шүд хага ташим усаар морио усалж, шүүдэр бөнжигнөсөн өлөн өвс хэд хазуулаад... Ийнхүү бодол хөвөргөн суугаа байх даа.
Морьтойгоо ярих нь холгүй(ярьдаг ч биз) зүлгэн дээр завилан бодол болон суугаа тийм л хүн харагдаж байна. Хөгшин эсвэл, хүүхэд нь мэдэгдэхгүй ч шляп тавьсан, дээлнийхээ энгэрийг сул тавьж сугалдаргалсан, тийм л хүн байна.