2009-04-28

Гарчиггүй

Одоогоос яг нэг жилийн өмнө энэ өдөр...
Учиргүй их улаан шороогоор шуурч билээ Улаанбаатарт. Орой ажил тарахын хэрд дүү минь утастаад “Би чамайг оройн хоолонд урьж байна. Гэрэлээ бид хоёр Хүнсний 20-ын тэнд байдаг Грийн кафе гэдэг газар байна, хүрээд ир” гэв. Ажлаасаа гарах гэтэл юу ч харагдахгүй улаан. Ёстой л жинхэнэ утгаараа Улаанбаатар болчихсон байсансан. Хүлээж хүлээж арай гайгүй болохоор нь гарч, Баяраад төрсөн өдрийн мэндчилгээ өгөхөөр зам хөндлөн гарч ФМ 102.5 орох хооронд эгээтэй л төөрчихөөгүй. Мэндчилгээгээ дамжуулж, түүний юу хэлэхийг нь сонсчихоод л гараад гүйсэн дээ. Үнэхээр удсан л даа би ч. Тэр хооронд “хурдан ир л дээ, хоолыг чинь захиалж байх уу, юу идэх вэ, хоол чинь ирчихлээ ш дээ, очиж байна л гээд байх юм аа ямар их уддаг юм бэ, яг хаана явна аа, хоол чинь хөрчихлөө ш дээ” гээд л утастаад л утастаад л... тэвчээргүй хүн байсан ч юм уу чи?

2009-02-24

Сайхан шинэлээрэй бүгдээрээ

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинэ нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

Мессенжерээр ирсэн сайхан мэндчилгээг оруулав

2009-02-15

ОЛЗ

Энэ сайхан зүйлийг ийм орой олж уншиж байгаадаа гайхаж байна. Найзынхаа зөвлөснөөр дөнгөж сая шүү... Тэгээд бас оройтоогүй дээр нь хэн нэг нь уншаасай гэж бодоод...

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.

2009-01-16

Хөөе, чи гэртээ харьсан бай даа!

За, эргэн тойрон юу болоод өнгөрөв гэдэг шиг юу болоод байна? Толгой эргэм олон блог дунд нэг мэдсэн явж байна ш дээ. Юу вэ, уншиж дуусна гэвэл нас хүрэхгүй бололтой. Дээр 2 жилийн өмнө нэг удаа тэрнээс болж бас шантарч байж билээ. Одоо бүүр замбараагүй болсон нь мэдээж. За энэ яахав.

Нэг мэдээ уншлаа. Би ч мэдээнээс илүү сэтгэгдэл уншиж нэг бол хаха инээж кайф авах, эсвэл уурандаа шууд кийбордоо идэвхтэй ажиллагаанд оруулж эхэлдэг болохоор харж явтал, сэтгэгдэл дотор "Тэр 3 эмэгтэйг Монгол улсын баатар цолоор шагна" гэнээ. Уншаад учиргүй их инээв. Уг нь тэр уншсан мэдээ нь бол эмэгтэйчүүд нийлээд нэг хужааг алчихсан бололтой. Ийм аймаар юм уншаад яанаа гэмээр юм аа, тэсэхгүй инээж л суулаа.

2009-01-14

Хагас. Жил.

Өнөөдөр, дүү минь од болоод... хамаг юмыг хагасруулан, эзгүйрүүлэн орхиод гэнэтхэн явчихсанаас хойш яг хагас жилийг өнгөрөөж байгаа өдөр. Түүнгүйгээр, зөвхөн түүний зураг, түүний тухай зүүд, зүүднээсээ хэлтэлж ирсэн хэдэн дусал нулимс... бас дандаа ийм муу биш ээ, түүнийхээ тухай гэгээн сайхан дурсамжууд, гэнэн хонгор хүүхэд насных нь үлгэр шиг, зүүд шиг жаргалтай олон олон өдрүүдийн нандин бүхэнтэйгээр амьдарч байгаа хагас жил өнгөрч. Ээ цаг хугацаа...