2007-12-29

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай.

2007-12-21

Он солигдох торгон агшинд
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж юм бүхнийг шинэ болгох гэж
Ертeнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй!
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.
Шинэ оноо хүлээгээрэй!
2008 ондоо Бизнес тань амжилт, орлогоор дүүрэн
Амдраль тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай

2007-12-20

Андын захидлаас...

Өнөөдрөөс эхлээд ийм нэгэн ангилалд надад ухаарал, урам нэмсэн андуудынхаа захидлаас оруулна гэж бодож байснаа эхэлж байна.
Танд ч бас нэгийг бодогдуулбал баярлана.

1. Зүүдний тэмдэглэл. (Туулын захидал)

...Байгалийн хатуу ширүүн шуурганы өмнө хүн бид өчүүхэн амьтад болон хувирч...
амьд мэнд үлдэхийн төлөөх тэмцэл явагдлаа.


Удалгүй зүүдний орчин солигдож... надад охиноо аваад зугтах зам үлджээ. Хил ч юмуу нэг тийм юмаар гарах гэтэл охиноо тэвэрсэн намайг гаргахгүй гээд. Намайг тэр чигээрээ гүйтэл араас буудацгаалаа. Би эргэж харлаа.. Бурхан минь нэг нь буудлаа... "үрийг минь бурхан өршөө" гэж шивнэсээр би сумыг алгаараа хаалаа, хоёр дахь нь гурав дахь нь буудсан ч би бас л алгаараа хаалаа. Тэд гайхсандаа дахиж буудалгүй орхичих юм.


2007-12-17

"Найз бол миний хоёр дахь мөр"

Хувьтай хүн хулгана жилийг үздэг нь үнэн юмуу эсвэл хүний сайн нь түрүүлж явдаг гэдэг нь үнэн юм уу? Хийж бүтээх ид оргил насан дээрээ явсан олонд танигдсан танигдаагүй хэчнээн сайхан хүмүүсийн орон зай хоосроод байна даа эргэн тойронд.

Найз минь энэ хорвоог орхин одоод 2 сарын нүүр үзэх нь. Амьдын зол... гэгчээр л өдөр тутмынхаа амьдралд автаад мартагнаж л явна даа бид чинь. Найз аа гэж... Нэгэн удаа блогтоо энэ тухай тэмдэглэж байсан санагдах юм.

Зүтгэж нэг нь ирж найзалдаг

Зугтаж нөгөө нь салж оддог ч билүү нэг иймэрхүү байсан санагдаж байна.


2007-12-13

Мессенжерээр...

Намайг Батболд гэдэг. Би хонины мах иддэг. Гэхдээ би хонио алаагүй. Бас сүү уух дуртай. Гэхдээ би сүүг үнээнээс сааж биш бас гуйж биш худалдаад авчдаг. Үнэ нь 850-1200 байдаг. Захаас бөөндөөд авсан ч болно. За энэ ч яахав. Өвөг дээдэс минь СОЁМБЫГ тугандаа тахиж үлдээсэн болхоос шилэнд тахиж үлдээгээгүй. Би СОЁМБЫГ туганд намирч явсаныг мэдэхээс шилэнд найгаж явахыг мэдэхгүйн байна. Зүгээр байгаарай Амараа!
БАЯРЛАЛАА

Ёстой сайхан хэлсэн байна аа, тасархай. Яг үүнийг чинь л шүүмжлээд байсан байхгүй юу. Гэхдээ ийм сайхан хэлж чадахгүй, хий дэмий бухимдаад байсан юм.

2007-12-10

"Ээжийн чанасан цай"

Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай
Ай хө ээжийн минь амттайхан цай

Миний дуртай хоол

Архиных гэхэд дэндүү гоёдсон сурталчилгааг харж суугаад бүр уур хүрчихлээ. Цуврал юм биш үү бүр. Өмнөхөөсөө өөр харагдаад байна шүү. Хамаг байдаг сайхнаа дурдаж байгаад л... нээрээ хүчтэй болжээ. Нөгөө архи тамхи сурталчлахыг хориглосон хууль нь үйлчлэхгүй. Тэдэнд дэндүү хөнгөхөн торгууль учир дуртайяа торгуулийг нь төлчихөөд л сурталчлаад байна. Үйлчилдэггүй хуулиар ч яадгийн. Бүр боливол таарна. Тэр хууль баталж суудаг хэдэн хүн ч өөрсдөө тэр хуулиа зөрчөөд л байгаа юм чинь дээ... Ингэж суудаг тийм хүмүүсийн хэрэг ч байна уу даа гэмээр.


Мессенжерээр...

Мөнхийн ус олдвол би уухгүй ээ, нүгэл ихэснэ
Мөр гаргасан замаар би явахгүй ээ, сэтгэл өвдөнө
Мөнгө хийгээд хөрөнгөнд би шунахгүй ээ, итгэл алдарна
Мөнхийн ус уугаагүй юм чинь дурлал, дарс хоёрт ойр явъя, сэтгэл дулаацаг

2007-12-07

УМ МА НИ БАД МЭ ХУМ

2007-11-22

Эргүүлэг

Хүүхэд байхад зуны амралтыг Завхан голын эрэгт байдаг Гуулингийн амралтанд аав ээжтэйгээ хамт, эсвэл хажууд нь байдаг "Нөхөрлөл" пионерийн зусланд найзуудтайгаа амарч өнгөрөөдөг байсан хүүхдүүд зөндөө. Голын усны эргүүлэг гэж аймаар зүйлийн тухай яриад л, живчих вий гэж болгоомжлоод л... Чөтгөр сүнс гэж нэгнийгээ айлгаад шал давс нэмчихсэн гашуун шорвог зүйлийг ч ярилцдагсан. Уулын оргил булаалдаад, бүлэг бүлгээрээ уралдаад л... сайхан зүйлс зөндөө. Ооны баяр гэж нэг гайтай баяр байна. Хамар амаар дүүрэн оо болчихоод бөөн заваарсан юм. Эргээд бодоход дэндүү жаргалтай бидний бага нас аа гэж.

2007-11-05

Мессенжерээр ирэв бас л

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэ

Үргэлжлэл нь дараа ирнэ гэж найдъя

?

Маш их хүссэн зүйл маань хямдхан амархан хүрээд ирэхээр, надад бий болчихоор яагаад амархан сэтгэл ханачихдаг юм бэ? Би тэгээд байна, та нар ??? Их хүссэн шигээ л өндөр үнээр надад олдсон бол үнэ цэнээ алдахгүй байсан юм болов уу?

2007-11-02

Манай ажлын өрөөний цонх нэг тийм битүү мухар руу харж байрладаг юм. Өнөөдөр санамсаргүй харсан чинь тэр мухарт, гадаа гудамжинд амьдардаг нэг хүн нас бараад цагдаа нар ирээд авч явж байгааг хараад маш их хямарлаа. Хэцүү юм аа хүний амьдрал гэж. Нэг нь даарч бээрч осгож амь наснаасаа хагацаж байхад 2 алхмын цаана хажууд нь байгаа цонхны цаана дулаахан халуун, амьдрал үргэлжлээд л... Тэр хөөрхий болсон ганц амийг аврахад хүрэлцэхүйц дулаан байгаа ч...

2007-10-31

Мессенжерээр ирэв

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах

Хэрэглээгүй авъяас ууршдаг,
Ашиглаагүй булчин агшдаг ,
Тогтоол ус өмхийрдөг,
Салхигүй агаар мууддаг,
Түлхээгүй цаг зогсдог,
Хэнч орохгүй бол хаалга гацдаг
Харин маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг

2007-10-26

Харуусал

Нарт етөнцөд хүмүүний биеийг олж мэндэлсэн бидний төрөхөөс үхэх хүртэлх урт атлаа богинохоон амьдралын тойрог дээрх эцсийн учир минь юунд оршиж байгаа билээ?

Андын минь тэнгэрт хальсан явдал цочир байсан бөгөөд бидэнд олон зүйлийг сануулсаар одлоо.
Бид нэгнийгээ гомдоохгүй байхыг, гомдсон бол амжиж уучилж чаддаг байхыг, залуу гэлтгүй амь насаа бодож байхыг, нэгнээ амьдад нь хайрлаж явах ёстойг, ханиа хайрлаж явахыг, андууд чинь ийм сайхан хүмүүс гэдгийг ч хүртэл сая л ойлголоо. Энэ бүхнийг хэлсээр сануулсаар явчихлаа чи минь.

Хэлээд, харуусаад, уйлаад ч баршгүй, дуусашгүй байна анд аа...

Эмгэнэл

Бидний хайрт найз Даваацэрэнгийн МОЛОР-ЭРДЭНЭ 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цэл залуу 30-хан насандаа зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ар гэр, хань, үр хүүхэд, анд найз бидэнд хэзээ ч нөхөгдөшгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач маань 1977 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн бөгөөд 1985-1995 онд Алтай хотын 10 жилийн I сургуулийг дүүргэж, 2000 онд МУТИС-ийн харьяа ЭХИС-ийг цахилгаан электроникийн инженер мэргэжлээр төгссөн. 2004 онд электроникийн чиглэлээр Техникийн Шинжлэх Ухааны магистрын зэрэг хамгаалж, 2007 онд Удирдлагын академийг дүүргэсэн юм.
Тэрээр 2000-2003 онд Эрчим хүчний төвд багш, 2003 оноос өнөөг хүртэл ШУТИС-ийн ЭХИС-д багшаар ажиллаж байсан билээ. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн ном зохиол туурвиж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.
Найз минь аавынхаа ухаант хүү нь, ханьдаа халамжит хань өмөг түшиг нь, цэцэг шиг охиндоо хайртай аав нь, анд бидэндээ түшиг тулгуур нь болж явсан билээ. Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, хөгжилтэй зан, тусч сайхан сэтгэл нь үлгэр дууриал болж бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Цаг бусаар тэнгэрт хальсан, нэр шигээ л эрхэм нэгэн байсан андынхаа ар гэр, хань, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
1995 онд Алтай хотын 10 жилийн I сургуулийг төгссөн
Б.Алтангэрэл багштай 10г ангийн хамт олон.
/Өдрийн сонины 2007 оны 10-р сарын 24, 25-ны дугаар, 14-р тал/

Жич: Монголд хэвлэгдсэн сонинг уншиж амжихгүй байгаа алс хол амьдардаг найзын минь хайрт эхнэр Баярмаад болон ангийн анд Дээгий, Лхааяа, Буянаа нарт болон бусаддаа зориулан энд оруулав.

2007-10-22

Мөнгө хэрэггүй мэт ажилла. Хэн ч таныг гомдоогоогүй мэт бусдыг хайрла. Хэн ч таныг хараагүй байна гэж бодоод бүжиглэ. Хэн ч таныг сонсоогүй мэт дуул.

Hgj f;fj

Oythttj gabinumga /b 666

2007-10-09

"Тэмцэл"

Нэг application (Монголоор юу гэхээ мэддэггүй ээ, маягт гэвэл дөхөх юм шиг байна) бөглөснөө олж харлаа. Байнга өөрийгөө магтаастай юм аа хэхэ. Нэг л их сайхан хүн. Тэгээд одоогийн байдлаар илрүүлсэн байгаа муу талуудаа тоочъё гэж бодлоо. Хүн муу зуршлыг бол хүмүүст сайн зарлан тунхаглаж байгаад, жишээ нь би тамхи татахгүй шүү гэж хажуугийнхаа хүмүүст хэлэх ч юм уу, тэгж хаядаг гэсэн. Тэгэхээр тэдгээр муу зангуудтай сайн тэмцэл хийхийн тулд зарлан тунхаглахаар шийдлээ.

2007-10-06

4 хоногийн зураглал

Монголд маань хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашлав аа ингээд. Нээрээ л саяхан хурим найр хэсч, айраг эргүүлж явсан цаг ард хоцорлоо доо.

Уржигдарын өмнөх өдөр: Ёстой сайхан нарлаг өдөр байсан шүү. Намрын шар нар над дээр чам дээр тусаад л... :-) Сууж сурч байгаа бололтой хичээл дээрээ ч дохиод байх нь багасаад дажгүй... Газраар нэг навчис унаад, харин модыг ганц нэгхэн ногоон навч чимээд л...

2007-10-01

Олон...

Үнэхээр олон юм давхацсан 7 хоног өнгөрлөө шүү. Балжинням, Дашням нь "Бат-Эрдэнэтэйгээ" давхацсан хуримын өдөр дүүгийн хурим тохиогоод, дээр нь төрсөн өдөр давхцаад.. үгүй нээрээ...
Ядаж байхад ажил дээр бөөн юм, хэд хэдэн хүн томилолтоор яваад, тэднийхээ ажлыг зохицуулах энэ тэр... юу болов оо нээрээ. Өнөөдрөөс эхлээд бас номын дуу сонсох гээд суусан чинь байдаггүй дээ, ойрд номхон томоотой суугаагүй удаад, нойр хүрээд... нэлээн тэвчиж байж өнгөрлөө, яаж дуусгана аа :-)

За гэхдээ юу ч гэсэн ард нь гарсан 7 хоногийн дараах бодол минь...

Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж хуримаа хийсэн дүү нартаа амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе! Амьдралын утга учрыг ойлгож авахад чиний бодолд чимх ч гэсэн ухаан хайрласан хүмүүст талархаж байна. Чиний амьдралд, ухаанд чинь маш их өөрчлөлт авчирсныг эгч нь ойлгосон. Дардан биш амьдралын зам дээр дайралдах бартаа саадыг түүртэлгүй давж яваарай гэж хэлье дээ.

ийм байх шив дээ.
:-)

2007-09-27

Намрын дунд сарын шинийн 17

Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ
гээд дуунд хүртэл дуулагдсан ийм нэгэн билэгт сайн өдрийн энэ жилийн тохиол болоход нэг хоног дутуу үлдлээ. Монголчууд маань энэ жил 8-р сарын 15-наас эхлээд л найр наадмын хөл тасарсангүй. Ганц 17-нд биш, энэ 9-р сар ер нь бараг л өдөр бүр хурим найр тасрахгүй байх шиг.
Гал голомтоо бадрааж байгаа бүх хүмүүст аз жаргал сайн сайхныг хүсэн би ч бас...
Хутга тавилгүй мах идэж
Хундага тавилгүй архи уухаар гарч одъё доо

2007-09-25

Мэндчилгээ

Баяр цэнгэл тань надаар дутаг
Дуу хуур бvхэн таны хоолойгоор дутаг
Хундаганд мэлтэлзэх оргилуун дарсны амтанд би шингэж
Чинийхээ бие сэтгэлээр бvрэн таръя

Мэлмэрсэн харцтай нvд нь шvлэг бичихийн шалтгаан
Нар саатам ааль нь улмаа дурлахын шалтгаан
Надад єгсєн хайр нь амьд явахын шалтгаан
Миний амраг миний бурханд очихын шалтгаан
Миний амраг миний буцаж ирэхийн шалтгаан
Мичид урсах орчлонд шvлэг бичихийн шалтгаан
Vзэсгэлэнд нь согтом дvр нь улмаа дурлахын шалтгаан
Vнэн зvрхний хайр нь амьд явахын шалтгаан
Миний амраг миний дахиж тєрєхийн шалтгаан

2007-09-24

2007-09-20

emuguoa

Hgxny /b dgah /b gg6 Nab emuguoa /b hnar dgasyg utr poo;tlvty x ouoa6 Hejnbsy dtj y, utjmtt hgjnxnhvgy8 yfhfj y, gjhn rre dgaugg x /b ee emgv y, vgluggvmga dn mtutt; mtjnau bt;vttj dgar e;ghuoa dklkh hejnbgy; y, ftl;tt; l

2007-09-08

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НУЛИМС

Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлдаг юм бэ?” гэж асуухад ээж нь “Эмэгтэй хүн учраас тэр дээ миний хүү” гэж хариулжээ. “Би ойлгохгүй байна“ гэхэд ээж нь түүнийг тэврэн “Чи хэзээ ч ойлгохгүй байх аа даа” гэжээ.
Дараа нь хүү ааваасаа “Ээж яагаад уйлдаг юм бэ?” гэхэд аав нь “Эмэгтэйчүүд гэдэг чинь бүгдээрээ л шалтгаангүй уйлдаг юм ш дээ” гэж хариулжээ.
Хүү том болоод бурхнаас асуув. "Бурхан минь, эмэгтэй хүн яагаад ийм амархан уйлдагийг надад хэлж өгөөч" гэхэд нь бурхан ингэж хэлжээ.
“Би эмэгтэй хүнийг бүтээхэд түүнд онцгой зүйл хэрэгтэй байсан юм. Тэр бол нулимс. Би эхлээд түүний мөрийг дэлхийг үүрсэн ч даахаар хүчтэй болгосон. Бас түүнийг их уян зөөлөн болгосон. Би түүнд хүүхдүүддээ амьдрал бэлэглэхүйц их хүч тэнхээ өгсөн. Би түүнд, өвчнийг ч ядрахыг ч үл тоон гэр бүлээ хамгаалах тэнхээ өгсөн. Би бас түүнд, үр хүүхдүүддээ гомдсон ч гарцаагүй тэднийг л хайрлах тийм мэдрэмжийг өгсөн. Мөн, эр нөхрийнхөө алдаа эндэгдлийг тэвчин уучлах хүч чадлыг ч марталгүй өгсөн юм даа.

Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хэрэгтэй үедээ гаргаж байх нулимсыг өгсөн юм.

Хүү минь сонс, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн түүний өмссөн хувцсанд биш, түүний царайнд ч биш, түүний сайхан үсэнд ч байдаггүй юм. Тэдний гайхам сайхан үзэсгэлэн нүдэнд нь нуугдаж байдаг юм. Энэ бол ХАЙР оршин байгаа түүний зүрхэнд нэвтрэх хаалга юм шүү. Тэгэхээр эмэгтэй хүний нулимснаас чи түүний зүрхийг харж чадна гэсэн үг” гэж бурхан хариулжээ.

2007-09-04

Сургамжит үлгэр - 3

Нэгэн эмэгтэй ганц хүүгээ алдаж уй гашууд автан байснаа бурхан багшаас гуйхаар очжээ. Хүүгээ аваад очсон эмэгтэй "Бурхан багш минь, та хүний хүслийг биелүүлдэг учир танаас би нэгэн зүйл гуйхаар ирлээ. Та газар дээрх ганц хүүг минь амилуулж зовсон намайг зовлонгоос минь ангижруулж өгөөч" гэж гуйжээ. Гэтэл бурхан багш "Болно оо. Гэхдээ нэг болзолтой. Чи ерөөсөө зовлон үзээгүй айлаас 10 ширхэг будаа олоод ир" гэжээ. Эмэгтэй ч дуртайяа зөвшөөрч тосгоныхоо айлаар хэсч эхэлжээ. Гэтэл айл болгон тодорхой хугацаанд их бага ямар нэг хэмжээгээр зовлон амссан байж гэнэ. Ингээд будаа олж чадаагүй ядарсан эмэгтэй бурхан багшаас очиж хүүгээ аван нутаглуулахдаа "Би ямар азгүй хүн бэ, аравхан будаа олж чадахгүй. Зовлон үзээгүй айл таардаггүй азгүй хүн юм" гээд шаналж суухдаа энэ орчлонд зөвхөн тэр ганцаараа зовсон хүн биш, хүн бүр өөр өөрийн зовлонтой гэдгийг ойлгожээ.
Хэрэв бурхан түүнд шууд л "Хүн бүхэн өөрийн гэсэн зовлонтой шүү дээ, та ганцаараа л зовж яваа нь биш. Энэ бол мах цусанд төрсөн хүний хувь тавилан учраас боломжгүй" гэж хэлсэн бол эмэгтэй насан туршдаа бурханд гомдон явах байсан даа.

2007-09-01

Ариухан сэтгэлд чинь хөнгөн гуниг төрвөл яриарай
Хархан нvднээс чинь сувдан нулимс дусвал хэлээрэй арчъя
Сайхан сэтгэлд чинь сэв суувал мэссэж бичээрэй аргадъя
Хэзээ нэгэн цагт чи намайг санавал залгаарай би очъё.

2007-08-16

Нүүдэл суудал

Гэрт ч яахав хэд хоног л нүүдэл хийх гээд л байгаа болохоор сэтгэл санааны бэлтгэлтэй байсан би өнөөдөр десктоп дээр байсан илүү дутуугаа нааш цааш болгоод харсан чинь яг нүүх гээд юмаа боож баглаад тавьсан аятай болчихлоо шүү. Энд тэнд хэдэн тарсан юм үлдэж. Харсан чинь нээх эвгүй санагдчихлаа.
Нүүе дээ, маргааш форматлаад л нүүдэл хийчлээ гэсэн үг. Шинэ байранд орно оо ;))


Л.Түдэвийн "Нүүдэл суудал" романыг бага байхдаа уншаад их л таалагдаж байсан санагдах юм, гэтэл одоо бараг санадаггүй ээ??? Хачин юм аа...

2007-08-09

Чадаагүй (2014-01-03)

Б.Лхагвасүрэн
Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа
Азгүй хүнээ дээ би
Аманд багтдаг байсан тэр жаахан хөл нь
Алтан дэлхийг онож ядан тэнчигнэнэ.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай..
Аавыгаа чи лав 2 болгон харж байгаа
Нэг нь үхэхэд нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа...


Үргэлжлэл нь бас нэр нь байдаггүй ээ. Хайж олсон нь энэ л байна даа, бүрэн эхээр нь олох гэсэн юм, эх сурвалжийг нь зааж өгч туслаач андууд аа?
Эсвэл ийм л хэмжээтэй юм болов уу? Үүнийг би Зөв явъя блогоос олсон юм.

Нэг хүнийг ухааруулъя уу гэж...
("ухааруул юу" гэж бичдэг юм болуу)

Яадгийн, би худлаа хэлдэг. Тэгээд юу гэж?

Худлаа хэллээ гээд байх юм аа. Үнэнээ хэлээд байхад шүү. Тэгвэл одоо яахав дээ. Тэгж л бодохоос биш. Өөрийнхөөрөө л болно биз.
Үнэхээр тийм, худлаа хэлдэг. Яахав дээ, хүнд болон надад хор болохооргүй л бол хамаагүй ш дээ. Жишээ нь ээжийгээ уурлуулж мэдрэлийн эсийг нь үхүүлж байснаас эвтэйхэн уурлуулахгүй аргалаад худлаа хэлчихвэл юу нь буруу гэж. Би найзуудтайгаа ууж байна, шоудаж байна гэснээс ажил дээрээ байна аа, ажил их байна.. гэчихвэл дээр ш дээ. Ээжийгээ битгий хэл эхнэрээ ч тэгж хуураарай гээд зурагтаар рекламддаг л биз дээ.
Төрд байгаа томчууд энэ зэргийн бүү хэл нэг бус нэлээд хүнийг, хэдэн жил дараалаад хуурчаад яах ч үгүй л байна даг. Тэгэхээр энэ зэргийн худлаа хэлэлтийг хойд насандаа эрлэгийн өмнө нэг их нүгэл гэж тооцогдохгүй байх гэж найдъя. Ийм л байна.

2007-08-08

УМ МА НИ БАД МЭ ХУМ-ын утга

Дээхнэ бурхан болсон эгчийнхээ хоног хураасан өдрөөр нь ийм бичлэг тавьсан чинь Викторий "Маань мэгзэм ер нь ямар учиртай юм болоо" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Тэгээд өчигдөр нэлээн хэдэн ном цуглуулаад харж байгаад олсноо энд тэмдэглэе гэж бодлоо.
***
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай Лам
Ум мани бад мэ хум зүрхэн тарнийг унших нь асар их ач тустай бөгөөд 6 үсгийн утга ямар өргөн гэдгийг санаж байх хэрэгтэй.

2007-08-02

Бас л бороо

Бороо гэгчийг марттал, халуун гэгчийг мартахгүй болтол хэд хоног түлсний ард 2 өдөр сайхан дэвтлээ. Халуун оронд бол борооны улирал гээд залхтал асгадаг энэ бороо яагаад манай эх оронд, говьд орох дургүй юм болоо. Яагаад ч гэж дээ, хэтэрхий эрс тэс хуурай уур амьсгалтай бүсэд оршдог болохоор тэр гэдэг ч ойлгомжтой л доо. Тэгээд "ховрын бараа" болохоор бороондоо дуртай гэж хачин. Хэд хоногийн халуунд бороо шиг хүссэн зүйл үгүй гэхэд болно. Гэвч хүсэхэд хясах гэгчээр өвсийг ногооноор нь хатаагаад, шатаагаад байсан халуунд дусал ч бороо орсонгүй.
Хүний насыг цэл залуугаар нь хатаж хорчийсон өвс шиг болтол нь гандааж байгаа хүмүүс сэтгэлийнхээ хур бороогоо жоохон ч гэсэн хайрлаасай даа. Тийм хүмүүс зөндөө л байх юм.

Сайхан баярласан уу?

Их хожуу ч гэсэн ингэж асуумаар байна. Монгол хүн байна даа. Муугийн ёс биш Монголын ёс.
Наадмын маргааш намар гэж... Аргагүй л болчих шив дээ. 8 сар гарна аа гэдэг чинь тэгээд амралт чинь дууслаа гэсэн үг дээ.
Наадмаар...

Газарт боссон моридын тоосонд
Гараа дэвсэн бөхийн хийморьт
Галтай харваачийн мэргэн ухаанд
Газар дэлхийгээ баясган сайхан наадаарай

2007-07-10

Монгол Наадам

Дэлхийд ганцхан дэнж хотойтол наадах МОНГОЛ НААДАМ эхэллээ. Уг нь ч болдог ёсоороо болдог л бол сайхан л байлгүй яахав. Монголчуудын төрт ёсны их баяр шүү дээ.
Даанч... Энэ жил наадмаас нэг л тасархай байна. Өнөөдөр 10 гэхэд одоо ажил дээрээ байна гээч.

2007-07-08

Зурагт үзэв.

Бас л гай гамшиг болчихож. Гэхдээ азаар хүмүүс нь эсэн мэнд гарч ирлээ. Яанаа, яасан бол гэж бодоод гарах ажилтай байснаа ч хойш тавин ТВ-ээр шуурхай мэдээ харсаар байгаад оройтов өнөөдөр.
Налайхад өчигдөр ердөө л 20 минут аадар орж үер бууснаас 1 уурхайд цооног руу нь ус орж битүүрээд 8 уурхайчин боогдсон гэнэ. Өглөө мэдээ харсан чинь л ийм юм аль хэдийн болчихож. Огцрох өргөдлөө өгсөн Онцгой байдлын сайд нь газар дээр нь ажиллаж байгаа харагдсан. Үйлдвар худалдааны сайд нь байгаа гэсэн. Харин гишүүн Б.Жаргалсайхан байсан, ямар учиртайг нь мэдээгүй ч хүмүүстэй зөвлөж байгааг нь харахад зөв зохион байгуулдаг юм уу даа гэж бодлоо.

2007-07-07

"Ээждээ би согтуу очихгүй"

Ээждээ би согтуу очихгүй

Ижий тэнгэрт нар мандахаа больчихно

Намайг гэх цацлын сүү ээдэж

Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө

Ээждээ би согтуу очихгүй

Ижий минь бүүвэйн дуугаа мартана

Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л

Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.

Ээждээ би согтуу очихгүй

Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад

Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод

Ижий минь надаасаа алсад явчихна.

Ээж дээ би согтуу очихгүй

Хэнийх гэдгийг нь мэдэхгүй юм оо

2007-07-06

"Агь гашуун ч анхилуун..."

Ийм нэртэй гэр бүлийн хөгжлийн технологийн цуврал лекцийн эхний дугаарыг амтархан чагнав. Чингис зочид буудлын хурлын танхимд 2 өдөр болсон эл лекцийн талаар сонссоноо товч хэлэх гэж оролдъё.

2007-07-03

Битгий сал!

Амьдралын гашуун үнэнийг дандаа хэлдэг найз маань холын газраас эрдэм өвөртөлж ирэхээр өнөөдөр алсын замд гарлаа. Хэсэг хугацаанд хол байх чамайгаа санах байх даа.
Хүн өнөөдрөөрөө л амьдрах хэрэгтэй гэж тэр хэлдэг юм. "... Амьдралын утга учир гайхалтай. Док, чи бод доо. Магадгүй бид урт насаллаа гэхэд 40 жилийн дараа ч юм уу, тэр үед өнөөдрийн би эсвэл чамайг мэдэхгүй, сураг сонсогдохгүй, сайн бол амьд эсэхийг чинь магадгүй сургаар л сонсоно. Бүүр сонсохгүй ч байж магадгүй. Өнөөдрийнхөөр харвал байрныхаа гадаа хэдэн эмгэн өвгөчүүлтэй нарлаад л буу халаад л сууж байх биз..." гэнэ. Эхэндээ дэмий юм ярих юм гэж боддог байснаа сүүлдээ ойлгоод ирэхийн цагт өнөөдрийн байгаа маань ч утгагүй юм шиг санагдана. Хэлэхээр "Яг тэгж мэдрэхгүйн тулд л..." гээд л ярьдагсан.

2007-07-01

?

Өнөөдөр ороод ирсэн чинь хэд хоног услаагүй цэцэгнүүд маань халуунд хатаад гундаад өнгө зүсээ бүр алдчихаж. Гэхдээ нарны зүг бүх л навч, цэцэг нь эргэсэн байна урьдын адил. Ер нь цэцэг ч гэсэн нэг амьдрал л юм болохоор наранд тэмүүлж, усаар дутвал гандаж ургадаг бололтой. Эргүүлээд л тавихаар маргааш нь гэхэд бүгд нар руу эргэсэн байдгийн, хөөрхөн.
Хүмүүн бидний амьдрал ч ялгаагүй. Хайр, элбэрэл, халамж руу тэмүүлж, тэдэнгүй бол хатаж гундаж, түүгээр дутаж явдаг. Таны хайр, халамжаар хэн нэгэн "цэцэг" дутаж гандаж яваа юм биш биз? Услаарай хө :-)
Тэр ус бол
"Ээж ээ/аав аа/хонгор оо/миний хүү... би хайртай..."
гээд л эхлэх байх даа. :-)

2007-06-27

Ойрдоо...

Ойрд нээрээ хачин байна аа. Тунгалаг гэдэг ухаалаг нэгэн эмэгтэйд туслах сайн санааны хандив гээд л намжаагүй байтал онгоцны осол болоод хайран сайхан залуу халуун амь хэд хэдээр нь аваад явчихлаа. Харамсаад ч баршгүй.
Тэгтэл одоо бас энэ нэг 20хон настай сайхан охин. Харахаас нүд хальтрам аймшигтай өвдчиж. Гол нь хэн нэгний буруутай үйлдлээс болж энэ хүмүүс ингэж зовж шаналж, үхэж үрэгдэж байгаа нь дэндүү харамсалтай. Хэчнээн ч мөнгөөр сольшгүй хүмүүн заяа биз дээ.

2007-06-22

АРЬЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ

2007-06-16

Борооноос үүдсэн бодол

Ойрын хэдэн өдөр хүн малын зоо тэнийнэ гэдэг шиг зөөлөн дулаахан бороотой сайхан өдрүүд Улаанбаатарт лав л байна. Хөдөө хэр байгаа юм бүү мэд. Энэ жил Архангайгаас бусад газар тааруухан зун болж байгаа гэж сонссон юм байна.
Өчигдөр юм бодож суугаад...

2007-06-01

Баярын мэнд хүргэе

Монголын үрс маш олон болтугай.

2007-05-31

Буян тань арвижин дэлгэрэх болтугай

Бурхан багшийн мэлмий гийсэн зуны эхэн сарын 15-ны өдөр Монголд өнөөдрийн энэ өдөртэй тохиохдоо урьд шөнө нь хуртай хоносон учир их сайхан чийглэг зөөлөн агаартай, нарлаг дулаахан сайхан өдөр таарч байна. Өнөөдөр бүгдээрээ буяныг хурааж, нүглийг тэвчин сайн үйлс ихийг бүтээе!
Энэ өдөр хийсэн буян 1000 дахин арвиждаг гэсэн.
Саяхан "25-р суваг" ТВ-ийн сэтгүүлч Алтантүрүүгийн бэлтгэдэг "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарсан элэгний хүнд өвчтэй хэдий ч амьдралын төлөө зүтгэж байгаа эмэгтэй, түүний хоёр хүүд буяны гараа сунгасан Монголчуудын тоо асар их нэмэгдэж хандив нь багагүй болоод байгаа тухай хаа сайгүй бичсэн байна лээ. Тэр хүмүүсийн сайхан сэтгэлийн үүднээс хийсэн буян нь арвижна байх аа. Манай найз лав өнөөдрийг тохиолдуулаад хандивын дансанд нь мөнгө хийж байгаа.

2007-05-30

Бороо...

...бороо ороорой
Оросын маамуу ирээрэй

2007-05-28

"Шавж"

Гэрээсээ гараад ажилдаа ирэх гэж бараг л 2 цаг боллоо. Учир нь замын бөглөрөл. Түгжрэл дунд бараг унтах шахан байхдаа замын хажуугаарх моддыг харсан чинь их сайхан ногоорчээ. Цэцэглэх нь цэцэглээд, навчлах нь навчлаад дуусч. Энэ жил бараг бороогүй хуурайд зун эхэлж байгаа ч үндэстэй бүхэн сэргэдэг улирал нь ирсэн болохоор эрхгүй л ногоорсон бололтой. Газрын хөрснөөс бат зуурсан үндсээрээ тэжээгдэн амилсан нь энэ байх.

2007-05-18

Дахиад алдаа гаргачихлаа. Бичлэг доторх сэтгэгдлүүд 13 comments гээд харагдаж байгаа хэр нь уншигдахгүй, бүр олдохгүй болчихлоо. Ёстой дургүй хүрч байна, "Ёо новш гэж" гэж өөрийн эрхгүй хараалаа. Ёстой дургүй хүрч байна. Миний хувьд блог бичдэгийн нэг учир нь зарим нэг зөвхөн өөртөө зориулсан бичлэгээс бусдыг нь хүмүүстэй санал солилцох гэж бичдэг. Өөр өөр өнцгөөс харж бичсэн тэдгээр зүйлсийг уншихад үнэхээр таатай сайхан байдаг. Тэгсэн чинь нөгөө үнэтэй зүйлсээ өөрийнхөө гараар алга болгочихоод байвал яахуу? тэнэг юм аа.
Доорх бичлэгт сэтгэгдэл бичсэн байсан хүмүүст баярлалаа, та нараас уучлал хүсье. Санаатайгаар устгаагүй шүү.

Тэгээд нэг бол өөр блог руу нүүдэг юм уу, эсвэл бүр бичихээ болих уу, эсвэл анхааралтай байх хэрэгтэй юм уу гэсэн бодол толгойд эргэлдээд байх юм аа

2007-05-12

тайлбаргүй


Амьдралд: төрөх үнэн бас үхэх үнэн, өөр бусад бүгд худал гэдэг үг үнэн үү?











Фото зургийг Yahoo-гоос


Бүгд л ийм болж хувирахаас хойш юунд нэгнийгээ хуурч мэхэлж, зовоож, хахир хатуу хүйтэн үг хэлж, уйлуулж, шаналгадаг байна аа?
Бүгд л ингээд хоосон үлдэх юм байж юунд нь тэгж их идэж ууж, ханаж цадахаа мэдэхээ больдог байна аа, гайхаж байна.

2007-05-17

2007-05-10

Бороо

Бороотой өглөөний мэнд хүргэе!
Гадаа хачин сайхан байна. Богд уул битүү манантай. Зөөлхөн бороо шивэрсэн өглөө эхэлж байна. Энэ хаврын хувьд миний таарсан анхны бороон дуслууд гэж болно. Өмнөх бороонуудтай нь таарч амжаагүй, эсвэл унтаж байхад, эсвэл байшин дотор байхад өнгөрчихсөн.
Модны навчис өчигдөр орой хажуугаар нь өнгөрөхөд байснаас илүүтэйгээр дэлгэрсэн байна энэ өглөө. Цоо шинэ навчис. Мод хоногоор биш хормоор ингэж навчилдгийг нь анх удаа мэдэрлээ. Харин мөчрийг нь тайрч шинэрүүлдэггүй том хөгшин модноос навч нь арай гарч амжаагүй, нахианы гэр гэмээр арзгар юмнууд унжсан харагдаж байсан.

2007-05-08

Хольж хутгаад...

Амралтын өдрүүдээр ерөнхийдөө амрав :-)
Тэрэлж тийш нэг явлаа. Ядарлаа, уг нь Ганбаагийн хэлснээр "агаартав" болсон л доо. Гэхдээ тэрэндээ болоод ядарсан ч байж болох. Бас дээр нь амьдралын утга учир юунд оршдог тухай нухацтайгаар эргэцүүлэн бодоход хүрсэн юм. Тэгээд олигтой хариу олоогүй ч өөрийнхөөрөө нэг дүгнэлт хийсэн нь: Ямар ч байсан өнөөдрийн, одоогийн... өдөр тутмын байгаа шиг бол хэзээ ч биш юм байна гэж үзлээ. Аав ээж, хань ижил, үр хүүхэддээ, хайртай хүмүүстээ зарцуулах цагаасаа хомслон ажил ажил гэж явдаг бол ямар ч утгагүй гэж бодсон хэрэг. Уг нь хүн алдаан дээрээ суралцаж, алдаагаа засч чадахгүй бол тэнэг хүн гэсэн л дээ. Гэхдээ одоо байдал эргээд хэвэндээ орчихсон л байна. Тэгэхээр би...

2007-05-05

Бас л...

...амьдрал.
Энэ амьдрал гээч чинь биднийг хурцлаад байна уу, мохоогоод байна уу?
Залуу хүний омголон зан хаачив гэмээр тонгорог шиг л хурц байсан хүнийг мохоогоод л байгааг би харж байна. Залхаад, шантраад... эсвэл уяраад тэгдэг юм болов уу?
Харин заримдаа чулуу шиг хүйтэн, алмааз шиг хатуу болж байгаа хүнийг ч бас харж л байна. Юунд ч сэтгэл нь хөдлөхгүй, хэрийн юманд уйлахгүй бас инээх ч үгүй тийм хачин.

Хатуужихдаа хатуужиж, зөөлрөхдөө зөөлөрч байж хүн болдог байх л даа. Таны саналыг сонсмоор байна.

2007-05-04

Хувьсал

Удаан уулзаагүй найзтайгаа уулзсан юм шиг л магнай тэнийв, блогоороо орж ирээд. Үнэхээр бууж өгсөн шүү хэсэг ч. Уншиж барагдахаа байгаад, сүүлдээ бичихгүй юм үлдэхгүй болтлоо биччих гээд ч байх шиг байхаар нь хэсэг холдсон чинь "хайртыгаа" харин ч таг мартах шахдаг байна шүү хэхэ.
Гүүгл рийдр-ээр шагайсан чинь 100+ гэхээр нь шууд л зугтаасан. Хэзээ нэг бүртгэсэн хүмүүсийнхээ бичлэгийг уншиж дуусдаг юм байгаан бүү мэд. Сүүлдээ хүмүүс загнаад байх юм билээ.

2007-05-03

"Амьдрал"

Ийм нэртэй жүжгийг нээлтийн өдөр нь үзлээ. Суудал маань жаахан эвгүй таарсныг эс тооцвол ойрд жүжиг үзээгүй байсан надад сайхан байлаа. Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг зүүсэн, хүмүүсийн хүндэлдэг жүжигчид тоглосон, найруулагч редакторууд нь ч мундаг хүмүүс байна лээ.
Илт харахад, дууных нь клипэн дээр нь гардгаас тэс өөр үйл явдал өрнөхөд нь гайхасхийж байсан ч жүжиг, клип хоёрын санаа нь харин яг ижилхэн байгааг анзаарсан.

2007-04-14

Үргэлжлэл

Сайн уу бүгдээрээ? Найз нь бүрмөсөн ирэх арай л болоогүй байгаа шүү ;)) Удахгүй блоггер Марта шиг л Би эргэж ирлээ... гээд л хэхэ.
Гэхдээ та нарыг бол уншаад л байгаа. Халти ч гэсэн гүйлгэж хараад л...
Энэ Док нээрээ шагайхаар юун дайлах бүү хэл аяганы амсар зуулгахгүй юм аа нээрээ гэж бодсон уу? хэхэ Удахгүй олон сэдвээр бодол санаагаа хуваалцана гэж найдаж байна.

2007-04-12

Шинийн нэгний өглөөний нар


Энэ жилийн шинийн нэгний өглөө Баянхонгор аймгийн нэгэн сумд наран дээр харагдсан бурханы /магадгүй бурхан багшийн/ дүр 1 иймэрхүү байсан гэнэ.
Харах тусам сонин гоё ч юм шиг санагдаад байгаа.

Та нар энэ тухай мэдсэн үү? ТВ-ээр гарсан гэсэн.

Фотог Н.Магсаржаваас...
Үргэлжлэл бий...

2007-04-02

Би бууж өглөө
Монгол-эрх чөлөөт орон

2007-03-22

2007-03-19

Замбараагүй... Дурлалын түүх

Анх түүнийг би 2 жилийн өмнө олж хараад нэг их санаанд орсонгүй.
Нэлээн хэдэн сарын дараа санамсаргүй таарсан чинь би түүнийг шал өөр өнцгөөс харлаа. Тэр их өөр болжээ. Түүнд намайг татах маш олон зүйл байна аа. Өнгөлөг, цоглог, гэгээлэг, өөдрөг... Тоочвол маш олон сэтгэл татам чанарууд. Дээр нь бас тэр яг өөр шигээ маш олон найзтай гэдгийг нь олж мэдлээ. Найз нөхдөөр нь шинж... гэж зүйр үг байдаг даа.
Ингээд би түүнд татагдаж эхлэв. Эхэндээ түүнийг өдөр бүр хардаг боллоо. Тэр миний бодлыг яаж эргүүлж өөрчилж байна, өөрөө яаж өөрчлөгдөж байна, найзууд нь яаж байна гээд л чимээгүйхэн ажигладаг болов.

Удирдагч,Чингис, Ард Аюуш, Сэргээш...

Амралтын өдрүүдэд нэлээн кино үзлээ. Нэг их ТВ үзээд байдаггүй болохоор нэг үзэхдээ нүдээ ширгэтэл ТВ рүү бараг орчихсон... хэдэн ч цагаар хамаагүй үзэх юм. Эртээд хагас сайнд орноосоо ч босолгүй орой болтол кино үзэж хэвтсээр байгаад хүзүү хугарах шахсан, балай юм байна лээ.

Ардын Армийн 86 жилийн ойн баярын өдөр байсан учир ерөнхийдөө цэрэг, дайны сэдэвтэй кинонууд Монголын бараг бүх сувгаар гарч байлаа. "Ард Аюуш" уг нь... үгүй ээ бодоод байсан чинь "Ард Аюуш" биш юм байна. Арай өөр, тэр чинь нөгөө манлай баатар Дамдинсүрэн энэ тэр гардаг ш дээ. Миний энд ярьж байгаа нь нөгөө пулемётчин Аюуш гардаг кино. Дашдондог гэдэг найзтайгаа Халх голын байлдаанд гавъяа байгуулсан цэрэг эрийн тухай кино л доо.

2007-03-18

Сургамжит үлгэр - 2

Өнөөдөр Огоогийн блогийг уншиж суутал коммент дотор нь Нана нэг номны тухай бичжээ. Тэр бол Mila Bogd-Mял богд -ын тухай ном. Энэ номыг уншаагүй ч нэг үлгэр бичихээр бодоод л яваад байснаа өнөөдөр сийрүүлье гэж бодлоо. Сэдвээсээ хазайгаад ном унших талаар нэг зүйл хэлэхэд бодоод байсан чинь би ном уншдаг хүүхэд байсан энэ тэр гэж бодохоо бүр болихоор шийдсэн. Уншдаг байсан уу гэвэл тийм, энэ тухай өмнө ч бас хэлж байсан. Гэхдээ энэ их уншигчдын хажууд бол ичмээр санагдаад л тэр. Харин "Би уншдаг болно" гэж ярьж байя гэж бодлоо. Өнөөдөр Хишигээгийн блог дээр ном унших = уух гээд бичсэн байна. Тэгэхээр уух мэт уншдаг хүмүүсийг гүйцэхгүй ч цаашид хичээнэ ээ.

Нээх гомдов, гэхдээ уучилчихсоон

Нэг их гомдов.

Тэгснээ арай уужран бодоод тайвшрав.

10 хоноод тэсэхгүй гомдсоноо дахиад бичлээ. Жич: Хариу харан хоцорсонгүй ээ Тайвширсан сэтгэлээр уучилснаа ч бичлээ. За ингээд 10 хоногийн дараа эхний хариугаа авлаа. Яг л бодсон шиг минь сайхан захидал байсан юм. Сэтгэл минь хүрээгүй юм болуу гэж айж байсан чинь...
Би баяртай байна

2007-03-14

Хөгжил хаанаас эхлэх юм бол?

Хүний хөгжил нийгмийн хөгжил хоёрын хоорондын шүтэлцээг аль талаас нь харахаа ойлгодоггүй. Хүний хөгжил нийгмийн хөгжлийг дагадаг уу? Эсвэл эсрэгээрээ юу?
Эмээ маань "Модон /чулуун ч гэлүү/ барын бичиг гэдэгт өглөө төрсөн хүүхэд орой гал бариад гүйнэ гэж бичсэн байдаг гэсэн. Одоогийн хүүхдийг хараад байхад миний хүүхдүүдийн, та нарын үеийн юм алга. Нээрээ л өсөлт хөгжил нь хурдан байна" гэдэгсэн. Үнэхээр одоогийн залуусын хөгжил өмнөхтэй харьцуулахааргүй өөр болсон байх. Бие бялдар, оюун санаа гээд зөндөө олон талаараа. Хүний хөгжил өөрөө нийгмийн хөгжлийг авчирч араасаа дагуулдаг уу? Тэгээд бодвол...

2007-03-13

Онигоо

Үгүй нээрээ, энэ хүмүүс нээрээ хачин юм аа. Тийм сайхан мэндчилгээ дамжуулсан байхад юу ч хэлэхгүй хэрнээ жоохон муу юм хэлчихээр л тал талаас зөндөө юм хэлэхийг нь яанаа. "За уучлаарай л даа, хулгайлцийнмаа" гээд хэлэхгүй л бол бүсгүйчүүддээ /бас өөртөө гсн хи хи ;))/ зориулсан мэндчилгээ маань үнэд хүрэхгүй нээ. Гэхдээ уг нь "...мэндчилгээнүүдээс..." гээд тэмдэглэсэн л юмсан.
ХН... гүйээ мөн... Эртээд яасан, тэр ерөөл энэ тэр хэлсэн байхгүй, Нана тойрч тойрч нэг юм.

2007-03-08

Нийт бүсгүйчүүддээ баярын мэнд дэвшүүлье


Энэ дэлхийн хаа сайгүй сурч, ажиллаж, амьдарч байгаа миний хайртай бүх эмэгтэйчүүдэд, үл таних блоггер найзууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Үрийн заяаг сүүгээрээ сүлж
Бүүвэйн дуугаар хорвоог уяраажГэгээн хайраараа дэлхийг зөөлрүүлсэнГоо маралын удамт үзэсгэлэнт бүсгүй танд

Оюуны элчээр гэгээ хайрлая
Оддын тоогоор инээд хайрлая
Цэцгийн баглаатай цэнгэл хайрлая
Цээжний гүнээс урам хайрлая


Хамгийн сайхан цэцэг сарнай биш гэж үү
Хамгийн сайхан улирал хавар биш гэж үү
Хамгийн сайхан учрал хайр биш гэж үү
Хамгийн сайхан бүсгүй найз минь чи биш гэж үү

2007-03-06

Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр
Зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар
Зүхэж зарим нь тангараг тасарсаар
Зүтгэж зарим нь найзалж зэрэгцсээр
Өөрийгөө эцэст нь
Өгч төгсдөг /хаа нэгтээгээс олж харав/
амьдрал аа гэж.

Шүүмжлэлийн мөрөөр...

Их цэвэрлэгээ гэж нэг юм бичсэн чинь юу болов оо... хэхэ, зад шүүмжлүүлдэг байна шүү. Нээрээ эргээд олон талаас нь харахад болохгүй юм ч зөндөө л бичсэн бололтой. Гэхдээ уг нь акадна гээгүй ш дээ... хэхэ, тийм аргаар нийгмээс нэг хэсгийг шууд арчдаг байсан бол, өнөөдөр яах вэ л гэх гэж.
Одоо тэгвэл тэр нийтийн тээврийн хэрэгслийг манай саарал ордон гээд төсөөл дөө...
За. Одоо, тийм дуракуудыг цэвэрлэхэд яадгийн гэж та хэлж чадах уу?

2007-02-25

Ерөөл

Дорнын заслаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа цайгаа дээжлэн
Өргөө гэртээ морилон сууж
Өндөр сэтгэлээр хүндэтгэн золгоорой

2007-02-23

Баяр хүргэе

Өчигдөр найз маань JICE-ийн шугамаар Япон-д суралцах болсон сайхан мэдээ сонсоод...
Сүүлийнхээ шатанд шалгарч үлдсэн байна. Хамгийн гол нь миний хоёрын хоёр найз маань явах 20 хүний дотор орж үлдсэнд туйлаас их баярлаж байна. Үнэхээр хаа нэгтээ суралцахаар явах уралдаант шалгаруулалтанд бүү хэл, амьдралын хүнд бэрх даваа, шалгуурыг ч даваад л ард нь гарч чадах хүмүүс.
Баяр хүргэе та хоёртоо! Хүссэндээ хүрээд хурдан эргэж ирээрэй найзууд минь! :-)

Би залуу хүн

Би залуу хүн, бүр жоохон хүүхэд гээч...хи хи Хүмүүс та гээд байхийн. Үгүй ш дээ. Гэхдээ бас би том хүн.
Нэг зүйл. 10 жилийн хүүхэд байхдаа гадуур орой үдэш явах биш. Харин оюутан болсон хойноо бол аргагүй оройтох үе байдаг байсоон. Тэгэхэд оройд гудамжны гэрлэн чимэглэл асаад эхлэхээр л орой болчиж гээд айдаг хүүхэд байлаа. Одоо бол айхаа больсон том хүн. Харин ч бараг л өдөр бүр харанхуйд харина гээч.

2007-02-21

Сар шинэдээ сайхан шинэлцгээв үү

Өнөөдөр битүүний өдөр. Өдөр ч гэж шөнө орой болжээ, удахгүй шинийн нэгний өдөр гарах гэж байна.
Цагаан сар сонин баяр шүү. Сарын хүнсээ идэх гэж яарна, ихдүүлчихээд зовно. Эсвэл манайхан л ингэж тэмдэглэдэг юм болов уу? Уг нь ЦАГААН САР юм чинь мах идэхгүй цагаан идээ хэрэглэнэ, бэлэг сэлт гэхгүй гэдэг ч аймаар өөхтэй тарган хонины ууц, махан бууз, зууш салат, жимс чихэр, архи дарс гээд л явж өгнө. Нөгөө муу ходоод өнгөрсөөн өнгөрсөн.

2007-02-16

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Өнөөдөр хэдэн өдөр ирээгүй, ороогүй өрөө болох БЛОГ-оороо орж ирлээ. Сэтгэл санаа тиймхэн байгаад, бас завгүй байгаад. Гэхдээ дөнгөж сая хамаагүй дээр болоод, хэдэн өдөр нухсан зүйлээ учрыг нь олж баярлаад, босч 00 орчоод, тэгээд шууд наашлах шив.
Монголд маань үндэсний томоохон баяруудын нэг болох гээд, хүмүүс гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. IT Park дээр үзэсгэлэн гарч байгаа юм байна. Очиж ходоодоо шоколадаар баярлуулчаад гарч ирлээ. Сав баглаа боодлын хувьд ч тун дажгүй зүйл олон байна шүү, таалагдлаа. Зөндөө л юм зарж байна л даа уг нь.

2007-02-01

Их цэвэрлэгээ

Өнөөдөр Монголд маань болохоосоо болохгүй нь их байна уу даа гэж бодлоо. Мэдээж бүхнийг хараар харсандаа биш л дээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр та зорчдог уу? Мэдээж олон хүн тийм гэж хариулах байх. Саяхан автобусанд суулаа. Нисдэг авс хочтой микро автобус гэдэг хурдан атлаа аймшигтай унаа хаа сайгүй үйлчилдэг учир том оврын автобусанд бараг суудаггүй ш дээ бид. Тэгээд харин ч сонин санагдаад.

2007-01-29

Уучлал эрэв.

Өшөө хорслын эсрэг Өршөөл уучлал
ммммм... энэ үг бичсэнтэй минь дүйсэнгүй, гэхдээ яахав сайхан үг байна, үлдээчихье.

Ойрд хэрэг алга аа. Тэглээ гээд өдөр бүрийг "Өнөөдөр буруу хөл дээрээ босчиж..." гэж буруутгалтай биш. Сэтгэл санаа хямраастай, ажил бүтэмжгүй, гараас ч юу ч гарахгүй... Тэгээд дээр нь олигтой юм ч сонсохгүй... нээрээ хэрэг алга аа. Хамаг юмс эмх замбараагүй болоод байрнаасаа холдоод явчихсан ч юм шиг.

2007-01-28

Хүмүүс ээ, надад урам хайрла

Ойрд... ойрд биш ээ, 14 хоногийн туршид юу ч бичсэнгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч зүгээр суугаагүй л байхад хоног хугацаа нисэн өнгөрч одож. Энэ хооронд...

  • Даваа гаригийн өглөөний мессеж илгээдэг Оргил маань мессежээ явуулахаа больчиж...

  • Оюутнуудын амралт дуусаад хичээл эхлэх болчиж...

  • Уншиж амжаагүй блогууд, бичлэгүүд үй олноороо нэмэгдчиж...

  • Бичих юм маань бас овоорчиж...

2007-01-16

MONDAY MORNING MESSAGES /7 дахь долоо хоног /

Өчигдөр ажил ихтэй байгаад Даваа гарагийн өглөө гэдгийг мартаж :-)

БУСДЫН ТӨЛӨӨ САНАА ТАВЬ


Миний амьдралын гадаад болон дотоод хүчин зүйлүүд бусад хүмүүсийн зүтгэлээр бий болсоныг цаг тутам би ухаардаг. Амьдрал ч, үхэл ч ажилчдын маань зүтгэлээр бий болсон учир тэднээс авсныхаа хирээр буцаан өгөх нь хүний ёс юм.
Алберт Энштэйн

Жил бүр л шинэ жилийн мэндчилгээнүүдийг мянга мянгаар нь солилцдог. Заримдаа тэд амьдралд ямар их нөлөө үзүүлдэг гээч? Франк Капра гэдэг захирал найз нараасаа есөн сувгаар мэндчилгээ авдаг байлаа. 1946 онд энэхүү мэндчилгээнүүдийг хүлээн авч байхдаа хүн бүрийн амьдрал чухал боловч бие биенээсээ байнга хамаарч байдгаараа илүү утга учиртай болдог амьдралын тухай “Энэ бол гайхамшигт амьдрал” нэртэй кино хийх санаа төржээ.

2007-01-12

ТЭНГЭР ШИГ БАЙ

Найз минь ээ, Амьдралд дандаа бидний зөв байх албагүй. Үнэхээр тэр сэтгэлээр ядуу өчүүхэн хүмүүсийн өмнө чи гайхалтай агуу гэдгээ харуулаарай. Чи чадна аа.

ТЭНГЭР ШИГ БАЙ
О.Дашбалбар:
Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

2007-01-11

Хэзээ ч vхэхгvй мэт vйл хий, Хэзээд vхэхэд бэлэн бай

Анх блог нээж байхдаа л энэ үгийг олж харж, тэмдэглэж авчаад...
Бичих гэхээр нэг л болж өгөхгүй явсаар байгаад 3 сар гарангийн нүүр үзчихсэнээ өнөөдөр харлаа. Хэрэв танд энэ үг сэтгэгдэл төрүүлж байвал санаснаа бичээрэй.

2007-01-08

Шинэ жилийн мэндчилгээ

Баяр болохоор л sms мэндчилгээнүүд хөвөрч гарна, бүгдээрээ л уран цэцэн үгтэй гэдэг нь хачаан хачин. Монголчууд бүгд л ийм яруу найрагчид уу, эсвэл...
Бусдын үгийг хулгайлж будаа идэгчид үү ;-)

За тэгээд юу ч гэсэн энэ удаагийн шинэ оны мэндчилгээнүүдээс сонирхуулбал...

MONDAY MORNING MESSAGES / 6 дахь долоо хоног /

УРСГАЛ СӨРЖ СЭЛ
Аугаа хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг.
Эдмунд Бурке
“Жэрри Магуар” гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти “Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна.” гэж хариулдаг юм.