2009-02-15

ОЛЗ

Энэ сайхан зүйлийг ийм орой олж уншиж байгаадаа гайхаж байна. Найзынхаа зөвлөснөөр дөнгөж сая шүү... Тэгээд бас оройтоогүй дээр нь хэн нэг нь уншаасай гэж бодоод...

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.

2009-01-16

Хөөе, чи гэртээ харьсан бай даа!

За, эргэн тойрон юу болоод өнгөрөв гэдэг шиг юу болоод байна? Толгой эргэм олон блог дунд нэг мэдсэн явж байна ш дээ. Юу вэ, уншиж дуусна гэвэл нас хүрэхгүй бололтой. Дээр 2 жилийн өмнө нэг удаа тэрнээс болж бас шантарч байж билээ. Одоо бүүр замбараагүй болсон нь мэдээж. За энэ яахав.

Нэг мэдээ уншлаа. Би ч мэдээнээс илүү сэтгэгдэл уншиж нэг бол хаха инээж кайф авах, эсвэл уурандаа шууд кийбордоо идэвхтэй ажиллагаанд оруулж эхэлдэг болохоор харж явтал, сэтгэгдэл дотор "Тэр 3 эмэгтэйг Монгол улсын баатар цолоор шагна" гэнээ. Уншаад учиргүй их инээв. Уг нь тэр уншсан мэдээ нь бол эмэгтэйчүүд нийлээд нэг хужааг алчихсан бололтой. Ийм аймаар юм уншаад яанаа гэмээр юм аа, тэсэхгүй инээж л суулаа.

2009-01-14

Хагас. Жил.

Өнөөдөр, дүү минь од болоод... хамаг юмыг хагасруулан, эзгүйрүүлэн орхиод гэнэтхэн явчихсанаас хойш яг хагас жилийг өнгөрөөж байгаа өдөр. Түүнгүйгээр, зөвхөн түүний зураг, түүний тухай зүүд, зүүднээсээ хэлтэлж ирсэн хэдэн дусал нулимс... бас дандаа ийм муу биш ээ, түүнийхээ тухай гэгээн сайхан дурсамжууд, гэнэн хонгор хүүхэд насных нь үлгэр шиг, зүүд шиг жаргалтай олон олон өдрүүдийн нандин бүхэнтэйгээр амьдарч байгаа хагас жил өнгөрч. Ээ цаг хугацаа...

2008-12-31

За ингээд нэг мэдэхэд оны сүүлчийн өдөр эхэлчихлээ. Урсаад барагдахгүй бас тасардаггүй ганц юм энэ цаг хугацаа гэлтэй. Хэзээ ч давтагдахгүй хэрнээ тоолшгүй их хором мөчөөр хэлхэгдсэн өдөр хоногийн урсгал бидний хэн маань ч мэдэх боломжгүй хорвоо дээрх бүхний цорын ганц гэрч болон хөвөрсөөр л байна. Байсан, байгаа бас байх ер юм бүхэн гагцхүү түүний өмнө ээлжлэн солигдож, эргэж хөрвөсөөр байх аж. Он цагийн хэлхээсэнд сайн муу намтар, түүх зузаараад л...
Муухай хар дарсан зүүд шиг өнгөрч байгаа энэ жил баяртай. Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!

2008-12-28

MONGOLIA

За нөгөө аль дээр л ярьж байсан зүйлээ өнөөдөр нэг оруулъя даа, худлаа яриад он гаргах нь. Энд соёмбоны тухай оруулсан текстийн дээр төрийн далбаа наалттай байсан бөгөөд салаад уначихсан хойно нь зураг авсан байна. Тэгээд царайлаг биш гарчиж ;)) Соёмбоны тухай бичсэн зүйлийг Оюухай олсон нь таалагдсан учир далбаан доор наасан юм. Түүнийг доор хуулчихъя. Бас тэр гэрийн задаргаа зургийг сөхөхөөр гэрийн тухай бичээстэй байгаа юм.

2008-11-29

Ээж ээ, танд би хайртай

Өнөөдөр асралт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Тандаа маш их хайртай ээж ээ! Хэрэв та байгаагүй бол би аавыг, таныг, дүүгээ, цаашлаад ах дүүс, найз нөхөд, орчлон ертөнцийг ч харахгүй байх байсан. Зүгээр л хэлэхэд тангүйгээр би байхгүй.
Арван сар хэвлийдээ тээн, ангир уургаа хөхүүлэн, эрүүл саруул өсгөж, хүн шиг хүмүүжүүлсэн ээж минь таны ачийг хариулж би дийлэхгүй ч...

ХАЙРТАЙ...

2008-11-26

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ!

1. Монгол гэх юм байна уу?
Хэл шинжлэлийн ухаанд дэлхий дээрх хэлүүдийг
  1. үсэгт - alphabetical
  2. дүрст - pictogram
  3. ? - logogram (Үүнийг мэддэг хүн байвал хэлж туслаарай)
гэж 3 ангилдаг бололтой. Эдгээрээс дүрснээс үүссэн, дүрсээр тэмдэглэгддэг нэг хэл болох хятад хэлний тухай хэдэн үг бичмээр санагдаад.
Хамгийн муухай гэж үзэн яддаг байсан энэ хэлийг сурах гэж явах юм гэж төсөөлөөгүй ч харин одоо сонирхолтой санагдаад хичээж байна. Ингэлээ гээд дургүй хятаддаа дуртай болохгүй нь лав байх. Гэхдээ их өөр нүдээр харах болно.

2008-11-13

Аз жаргал

Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэ тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр...
Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Бүүр дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүндээ л хамгийн бага хэлж.

2008-11-03

Меламин...

Энэ магадгүй бага зэрэг оройтсон байж мэдэх ч энд оюутны холбооноос ирсэн мэдээн дотор байсныг үзээд хэрэг болж юу магад гээд, дээр нь сонирхолтой санагдаад... орчуулж тавихыг оролдов. Захиа ирснээс хойш бас нэлээн удаж, цаг алдсан байна.
Зураг нь чанар муутай байгаад хүлцэл өчье. Дараа сайжруулахыг бодно оо, шөнө болчихсон чинь залхуу хүрээд байна. Ялангуяа сүүлийн 2 зураг чухал учраас хүсвэл та дээр нь дараад чанартай хэлбэрээр нь хараарай.

Хятадад сүү хордуулсан хэрэг гарч хүн бүхэн л айж байгааг өдөр тутмын сонингууд мэдээлж байна. Өдөр бүр мэдээ өөрчлөгдөж байгаа хэдий ч бидэнд юуг идэж болох юуг болохгүй гэдгийг хэн ч хэлэхгүй л байна.

1. Хортой сүү гэж яг юу вэ?
Энэ бол меламин хольсон сүүг л хэлж байгаа юм.


2008-10-05

Надад хэрэггүй нэг дүрс байгаа ч...

Энэ нээрээ тас дуу болсон шүү.



Өөр хувилбар нь

2008-09-27

Эр хүн

"Шөнө амталсан нулимс" жүжгийн дуу
СТА С.Жавхлан дуулсан.
Бороотой тэнгэрээс уйдахдаа
Оддоо газар нь зүүдлэх шиг
Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн
Дээлтэй хийморь нь биш гэж үү эр хүн би чинь

Тахилтай уулын оройгооос
Чулууг нь гуйж хөндөх шиг
Таван хана нь нар зөв тойрсон
Тооно нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Манантай уулнаасаа залхахдаа
Мэлмийн сэжүүр нь хөлөрдөг шигээ
Миний эзгүйд гал минь санаа алдсан
Голомт нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Салхитай саран намраас нь
Навчаа гуйж үлдээх шиг
Цайны дээж нь тогоондоо хүлээсэн
Айлын хоймор нь биш гэж үү эр хүн би чинь

Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ
Нулимсаа ханцуйдаа нуудаг ч гэсэн
Нүүгээд ирдэг шувуудын цувааг
Уйлж л угтаагүй гэж үү дээ эр хүн би чинь

Ижий аавын залбирлаар
Заяагаа дуудсан эр хүн би чинь
Инээж уйлдаг нарны дор
Ийм л амархан гудайна гэж үү
Эр хүн би чинь

Нэгэн цагт түүнд зориулан бэлдсэн байснаа орууллаа
Клипийг нь холбох гэхээр миний бичсэн сэтгэл харагдахгүй байхаар нь болилоо

2008-09-21

Халуун сэтгэл

Харанга хамтлаг дуулсан
Итгэлт сайхан хань минь дэргэд ч
Танаараа л дутаж явнаа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм

Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно

Ээжийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ

Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Тэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа

Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би

Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн

Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа

2008-09-20

“Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байна

БНХАУ-ын сvvний компаниуд хvvхдийн сvvндээ химийн хортой бодис меламин хэрэглэсний улмаас дөрвөн хvvхэд нас бараад байна. Vvнтэй холбогдуулан Хонг Конг тус компаниудын сvvн бvтээгдэхvvнийг зах зээлээсээ эргvvлэн татаж байна.
Одоогоор уг химийн бодисийг агуулсан сvv, зайрмаг, тараг зэргийг илрvvлээд байгаа бөгөөд тvvнчлэн бидний хэрэглэж байгаа “Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байгаа ажээ.

2008-09-01

Аймаар

Цагийн урсгал биднийг хүлээхгүй урсдагаараа урсан өнгөрсөөр. Уй гашуу, уйтгар гуниг, ганцаардал гомдол, атаа хорсол, учрал хагацал, сайхан сэтгэл, хайр дурлал, тус дэм, нөхөрлөл бүхний гэрч болон хэдэн зуун жилээр бидний зүрхэн дундуур зовлон жаргалаар ээлжлэн хувиралгүй, "цөхрөлгүй", тасралтгүй, зогсолтгүйгээр урсана. Урсахдаа зөвхөн урагшилж урсана. Харин бид эсрэгээрээ заримдаа ухарна. Түүний урсгал энэ бүхнийг элээн хуучруулна. Гэвч цагийн эргэлтэд хуучрах биш тодордог ч зүйл цөөнгүй.
Хэдийгээр хүн зовлонг туулж байж л цаг хугацаа өнгөрөн алс тэртээ одсон хойно нь аз жаргалын амт, үнэр, үнэ цэнийг мэдэрдэг ч гэсэн ийм хэтэрхий их үнэ цэнээр түүнийг мэдэрч байсан гэдгээ ухаараад ч яах юм. Тэрхүү бал бурам шиг цаг хугацаа зүүд зэрэглээ төдий хий хоосон зүйл болон үлдэнэ, аль хэдийн...

...аль хэдийн 49 өдөр 49 шөнийг ардаа үдэж. Гомдолтой, нулимстай өдрүүд бага тохиолдоосой.

АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МЭ ХУМ

2008-08-25

МААНИЙН СУРГААЛ

МЭРГЭН ГЭГЭЭН ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН

МААНИЙН СУРГААЛ
Ертөнц болбоос гаслант ертөнц мөний тул аливаа хүн бүү гутарч гунирч, биедээ төлж баршгүй хилэнц нүглийг хийгтүн! Ертөнцийн аливаа хүн цөм хилэнц нүглийг хийхгүйгээр сайн санаа бодь сэтгэлээр явбаас харанхуй замаас салж, Диваажингийн оронд дэвшин, үхэлгүй мөнхийн шидийг олж, үгүйршгүй баян шидийг олж жаргах нь магад болой!



Оломгүй далайн усыг

Онгоцоор үл гатлах

Орчлонгийн амьтан бүхэн

Мөнх үл суух

Оосоргүй тамд

Очих магад тул

Ум ма ни бад ми хум

2008-08-01

Сэтгэлийн зул

Өнөөдөр дүү минь 28 нас хүрэх байсаан.
Хүмүүний биеийг олж нарт ертөнцөд мэндлэхийн эцсийн үр дүн үхэл хэдийгээр мөн боловч үүлэн чөлөөний нар адил үзэгдээд л өнгөрөх тавиланд төрсөн гэж чамайг мэдсэнгүй хайрт дүү минь. Ийм зовлон ганц надад ирээгүй ч арай л дэндүү эрт таарч. Төрөхөөс үхэх хүртэл хүний амьдрал гэдэг "урт" атлаа асар богинохон тойрог байдаг хэдий ч чинийх хэтэрхий богинохон байжээ.
Харуусал, хүнд бодол, гашуун нулимс, үүрэг хариуцлагын дунд биднийг орхиод ийм хурдан одохыг чинь мэдсэн бол...
Тэр аймшигт өдрийн, асар богино хэдий ч хэтэрхий урт хэдхэн хоромд мэдэрсэн, бодсон бүхнийг чинь нүднээс чинь ч атугай уншиж чадсан бол...

Тэнгэрт алтан наран хиртэж байгаа бүүдгэр энэ өдөр шиг л зуны аагим халуун өдрүүд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийг мэдрүүлэн зүрхэн дундуур нулимстай хамт урсаад л байна. Элэг эмтрэх гэдэг энэ байх аа.

Орчлонг хамтдаа элээх байсан эгч нь дүүдээ сэтгэлийн зул өргөж байна. Орж ирсэн хүмүүс энэ зулыг асаан, мөнхөд бадамлаж байх болно оо гэж сэтгэлдээ бодсондоо тэр.

Ээж минь дүүг хэвлийдээ тээснээс хойш 29 жил мэднэ. Харин би ухаан орсон цагаасаа гээд бодвол 25 жил мэдэх байх. Гэвч энэ хугацаанд дүүгээ зэмлэж байсан нь олон. Бүр дэндүү их. Тиймээс хүмүүс ээ, бие биенээ амьд ахуйд нь хайрлая.



АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
ЗОВЛОН ҮНЭН
ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН
ЗОВЛОНГ ГЭТЛЭХ НЬ ҮНЭН
ЗОВЛОНГООС ГЭТЛЭХ АРГА ЗАМ ҮНЭН

ЭМГЭНЭЛ


Бидний хамгийн эрхэм дотны хүн Шинэ Жалайр овогт Чинбатын ХҮДЭРЧУЛУУН 2008 оны 7-р сарын 14-ний өдөр зуурдаар тэнгэрт хальж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач 1980 оны 8-р сарын 1-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1997 онд дунд сургууль төгсч 2001 онд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм. 2001-2006 онд Аэрогеодези ХХК-д техникч, инженерээр ажиллаж байгаад 2006 онд TOP SURVEY ХХК-ийг үүсгэн байгуулалцаад өнөөг хүртэл инженер, ахлах инженерээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулах ариун үйлсэд оролцон, хил шалгах Монгол Улсын багт орж, нэн хариуцлагатай, нэр хүндтэй түүхэн ажилд идэвх зүтгэлтэй ажилласныг нь төр засаг, холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.

Талийгаач маань ханьдаа түшиг тулгуур, үр хүүхэддээ халамжит эцэг, эцэг эхдээ хайртай үр нь байж чадсан юм. Талийгаачийн ажилсаг, хичээнгүй, хүнлэг, шулуун шударга зан чанарыг мөнхөд санан дурсах болно.
Түүний минь эгэл гүндүүгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ.

Цаг бусаар тэнгэрт хальсан хайрт хүний минь гэгээн дурсгалыг хүндэтгэн, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд
2008-07-18

"Өнөөдөр" 2008 оны долдугаар сарын 18. Баасан.
№164(3427) В2 тал

2008-07-30

Боржигоны бор тал

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрийг нь залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг, эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи
Торго шиг зөөлөн байсаан
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээрээ эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгилж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг ч
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний минь шархнаас хождож аньдаг юм аа тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон дошгин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь ирт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Байдуу мянганы уулсаа дуурайж
Толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн минь сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ ээ
Боржигоны бор тал минь