2016-11-05

Явуулахуйн гайхамшиг

Амьдрал болсон хойно өдөр бүр инээж, эрхэлж өнгөрөхгүй болохоор... Өнгөрүүлж сурах гэдэг том сургууль юм уу даа. Таарсан таагүй бүхнийг, гомдол гунигийг явуулаад сурчихаар... Баяр баясал ч бас тийм ч том санагдахаа больдог нь сөрөг байж магад. Гэхдээ л таагүйг өнгөрүүлж, хэрэггүйг явуулж сурах хэрэгтэй л юм байна даа. Сэтгэл санаагаа чөлөөлж, хөнгөлж байхгүй бол ийм их стресстэй цаг үед амьдарч байгаа бид даахгүй байж болох шүү дээ.
Дотно хүнийг, мэдрэмжийг, дурсамжийг ч явуулахад хэцүү ч гэлээ тавьж явуулж сурах хэрэгтэй, хэрэв чи яаж ч чадахгүй л бол... өөрийгөө чөлөөл!

2016-07-14

Голыг минь гогдох чангаас чанга нэгэн дэгээтэй болсноос хойш 8 жил яах ийхийн зуургүй л өнгөрч. Үр чинь том болж байна. Түүнийг ухаантай, эрдэм номтой, нигүүлсэнгүй нэгэн болгож өсгөвөл миний үүрэг тэр юм даа.
Зүүдэнд ирсэн шигээ "Эгчдээ би хайртай" гээд хэлэхийг чинь дахин сонсохгүй ч үрээс чинь үүнийг сонсох нь агаар нэгэн биш гэж үү?
Би ч бас чамдаа хайртай, дүү минь...

2016-03-19

Үнэлэмж

Хэдхэн жилийн өмнө л гэхэд... Юм бүхэн ямар их үнэ цэнэтэй байгаа вэ? 
Гараар бичсэн захиа, түүний хариу, ил захидал, утасны дуудлага, хүний сэтгэл, нөхөрлөл, хүлээлт, хайр...  
Аавын, ээжийн, бас дүүгийн минь бичсэн захидлууд өмнө дурайж байна. Унших тоолонд ёстой цаг хугацаагаар аялуулсан гайхамшиг. Тэгтэл одоо бичсэн захидал чинь товчлуур дарангуут шууд л хүрэх болтлоо цаг хугацааг ойртуулсан атал бид ингэтлээ их холдох ч гэж... Гар утасны богинохон "захианд" ч хүртэл төвөгшөөж, тээршаах юм. Бид өөрсдөө тэр цаг хугацааны тасархай хэрнээ ингэж холдож байхад тэр зах зухыг мэдэхгүй өнөөгийн хүүхдүүдийг зэмлэх ч хэрэггүй юм даа. Харин тэдэнд байх сэтгэл, хүлээлт, энэ бүхний үнэлэмж ямар байх нь сонин байна.  

2016-02-14

Цагаан сар уу, урт шар уу? Юутай ч хүрээд л ирлээ дээ.

40 нас руу дөхөөд ирэхээр, бас юм юм бодогдох л юм. Найз хүүхнүүдээ охид гэж дуудах, дуудуулахдаа дуртай байсан. Энэ бие хааны байгаа царайг харахад өөр нэрээр дуудуулахад зохимжтой болох нь уу даа гэмээр байна шүү...

Цагаан сар гэж, цаг хугацаа гэж хурдан юм... Яах ийхийн зуургүй ажил орох боллоо. Хавар ийм хурдан билүү гэмээр ямар сайхан өдрүүд өнгөрөв өө. Өнгөрсөн өвөл шиг хахир хатуухан, урт өвлийг давсан хүн байтугай малын зоо тэнийдэг нь аргагүй юм аа гэмээр сайхан өдрүүд байлаа. Ер нь хавар ирэнгүүт л налайгаад дулаарчихдаг, сонин шүү. Хаврыг их л зөв тооцдог шиг байна энэ сарны тоололд. 
Жилийн 365 хоногийн ихэнхийг бид өдөр тутамдаа баригдаж, сааралдуухан өнгөрөөдөг болохоор; жилдээ ганц уулзаж байгаа хүмүүс олон болохоор; өнгө өнгийн дээлээр гоёсон гоё хүмүүс өнгө оруулдаг болохоор; бүх хүн л билэгтэй сайхан үгс хэлэлцдэг болохоор; авсан бэлгэндээ баярлах хүүхдүүдийн хөөр их болохоор сайхан л баяр юм. Тэгж мэдэрдэггүй л байж дээ. Одоо тэгж бодох болж.  Бас л нөгөө өөр нэртэй холбоотой байх даа...



2016-02-01

This is how we forget what we focused just before on ... in this chaotic society.



2016-01-12

Харамсал.

Ганц удаа гэмт хэргийн шинжтэй асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байсан хүний хувьд цагдаа нар хохирогчийн ар гэрийнхэнтэй яг л сэжигтэн, ялтантай харьцдаг шигээ бүдүүлэг, балмад харилцдаг; баримт материалыг өгдөггүй; шаардлага тавихад уурладаг; хэлээд ч хэргийн газар үзлэг хийдэггүй; гэрч этгээдийг хайдаггүй; үхсэн хүн үг хэлэхгүй гэж ханддаг; уужуу Монголчуудын "Тэр минь босоод ирэх биш дээ" гэсэн бодол дээр дөрөөлж хэргийг уухайн тас хаадаг гэдгийг яс махандаа шингээж авсан юм. Бүгд биш ч дийлэнх нь ийм. Ард нь хүмүүс амьдралынхаа туршид асуулт тээгээд үлддэг юм.