Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрийг нь залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг, эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи
Торго шиг зөөлөн байсаан
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээрээ эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгилж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг ч
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний минь шархнаас хождож аньдаг юм аа тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон дошгин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь ирт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Байдуу мянганы уулсаа дуурайж
Толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн минь сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ ээ
Боржигоны бор тал минь