2006-12-21

Хүүхэд нас

Уг нь би Хүүхдийн хүмүүжил гээд ноороглоод орхисон байснаа өнөөдөр гэнэт авч хаямаар санагдаад. Ер нь би тэр тухай юугаа мэдэхэв дээ. Гэхдээ дараа бодож явдагаа бол бичнэ ээ. Өнөөдөр манай оюутны блог дээр тэр тухай бичигдсэн харагдана лээ, жоохон хүүхэд бичиж байхад би яагаад болохгүй гэж, мэддэггүй ч гэсэн боддогоо заавал...

Тэгээд өнөөдөр харин гайхалтай сайхан өнгөрүүлсэн, одоо эргээд харахаар атаархмаар хүүхэд насныхаа тухай жоохон бичмээр санагдлаа. Америкт амьдарч байгаа дүүдээ зориулж байна. Ганцаардсан, гэрээ санасан үедээ уншаад инээгээрэй ;))
Эртээд тэр Тэнэг зэрлэг Түгшүүртэй бага нас минь-ыг уншаад айх шиг болсон шүү. Хишигээ сан инээсэн гэсэн, би бол уншиж явж байгаад муур зуур гээд аймаар юм уншаад байхаар нь болисон. Эрэгтэй хүүхдүүд тийм байдаг байсан юм байлгүй дээ. Үнэндээ арай дэндүү зэрлэг санагдсан.
Миний хүүхэд нас их сайхан өнгөрсөөн. Ер нь юу ч бодохгүй, юунд ч санаа зовдоггүй, хариуцлага хүлээдэггүй байсан болохоор нь л хүмүүс хүүхэд насандаа хайртай байдаг байх. Тоглоод л, гэдэс өлсвөл гэрээ санаад юм идчихвэл тэгээд л болчихож байгаа юм. Тэгээд бас хөөрхөөн, сонин сонин юм сэтгэнэ.
Бага нас маань ах дүүсийн хүүхдүүдтэйгээ л хамт өнгөрсөн болохоор бүхий л сайхан дурсамжууд маань тэдэнтэй л холбоотой байх юм. Манай хамаатны хүүхдүүд ойролцоо нэг үеийн тэрсхэн өссөн, ёстой л нөгөө өвөр түрийдээ орж өссөн хэд. Өвөө эмээгийндээ хамт амарна. Эмээ маань сайхан үлгэр, домог хууч яриа их ярьж өгдөгсөн. Тэгээд "Та нар бөөсөө хувааж идэх бүлүүд шүү" гэж сургана. Магадгүй одоо тэр хүмүүжлээр өсөцгөөсөн бид төрсөн ах дүүгээс ялгаагүй нэгэндээ дэм болж явна.
Хэдүүлээ хичээлдээ явахаас өмнө тоглоцгооно. Яаж ч хамаагүй, эрэгтэй эмэгтэйгүй нийлээд дээс резин ч юм уу, эсвэл охидууд нь тэвэг гэх мэт, дуртайгаараа л... Бүгд л айлын дураараа хүүхдүүд нийлчихсэн, санаснаараа л... Бодоход нураана гэдэг нь болдог байсан биз. Зун болохоор өвөөгийндөө хөдөө очиж амарна. Бүр хөдөөний хүүхдүүд шиг л чулуун гэр барьж тоглоно. Өвөөгийн нутагладаг байсан тэр газарт их гоё гоё чулуунууд байдагсан. Наранд гялтганаад байгаа цагаан талстаар нь заримыг нь бид сахартай чулуу гэж нэрлээд түүнийгээ харсан газраасаа түүж цуглуулна. Тэгээд л тоглож гарна даа. Харин нэг удаа өвөөгийнх тэндээсээ нүүхэд аав бидний чулуунуудыг хаясан чинь уйлж байж билээ, хөдөлмөрлөж олсон байсан болохоор харамссан байх.
Одоо эргээд ярихад дуусахгүй их, гэрэлт дурсамжаар дүүрэн бидний гэнэн, сайхан бас зөрүүд бага нас минь. Тийм ч байдагт нь бүгд хүүхэд насаа хайрладаг байх даа.
Одоо хамаатны минь тэрсхэн өссөн тэр жаалууд, хүүхэд насны дурсамжийн минь эзэд өөрсдөө ээж аавууд болсон, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд, тэднийхээ гэрэлт дурсамжийг нь бичилцээд завгүй явна аа.

Үргэлжлэл бий

3 comments:

  1. Нээрээ бөөсөө хувааж идэх бүлүүд гээд байдаг. Ямар учиртай юм болоо.

    ReplyDelete
  2. Хэхэ Бөөсөө хувааж идэх бүлүүд гэдгийг бид нараас өөр сайн ойлгох хүн ховор байх тиймээ эгч минь

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)