2007-07-10

Монгол Наадам

Дэлхийд ганцхан дэнж хотойтол наадах МОНГОЛ НААДАМ эхэллээ. Уг нь ч болдог ёсоороо болдог л бол сайхан л байлгүй яахав. Монголчуудын төрт ёсны их баяр шүү дээ.
Даанч... Энэ жил наадмаас нэг л тасархай байна. Өнөөдөр 10 гэхэд одоо ажил дээрээ байна гээч.

Монголчууд бөхдөө хайртай гэж жигтэйхэн. Уул шиг ханхайсан, гүдэсхэн энэ тэр гээд л магтана. Харин бөхчүүд нь гэж хэдэн тэнэг юмнууд бөхөд хайртай, тэднийг хүндэлдэг ард түмнээ хуурч доромжлоод л. Наадмын дэвжээн дээр зодолдох нь холгүй л юм болно доо. Зөвхөн тэднийгээ эр бяр, ид хавыг гайхуулан уран сайхан барилдахыг нь харах гэж, харж сэтгэлээ баясган таашаал авах гэж халуун нар, усан бороог ч тоолгүй 2 өдрийн турш цэнгэлдэхэд суудаг тэвчээртэй гэхэд дэндүү тэвчээртэй Монголчууд. Найраатай байгааг нь мэдсэн ч яая гэхэв, "Сайхан наадлаа..." гээд л. Гүндүүгүй гэдэг нь тэр байх даа. Одоо тэгээд яасан гэнэ үү, УИХ нь сэргээшийн шинжилгээг бөхчүүдээс авахгүй гээд хуулинаас нь хасчихсан гэнэ ээ. Манайхан шиг ингэж ухардаг улс байдаг болов уу? Угаасаа олон улсын жишгээр сэргээшийн шинжилгээ 2 сарын дараа албан ёсоор гараад, олимпийн аваргуудаас ч хүртэл медалийг нь хураадаг. Гэтэл манайхан, цол өгөх үед нь шинжилгээний хариу нь гардаггүй, ер нь дэмий гэж онцгойрсон юм байх. Сэргээш хүний удмын сан, эрүүл мэндэд ч хожим ноцтой хохирол үзүүлдэг нь батлагдсан гэсэн. За тэгээд дээр нь, цүнхтэй мөнгөө барьсан бөхчүүд нь харин ч нэг "найрч" өгнө гэнэ дээ. Хэн хэн начин, заан болох нь бараг л тодорхой байдаг юм биш үү.
Ингээд Монгол үндэсний бөхийг үзэх, шимтэх хүмүүсийн тоо жил ирэх бүр багасаад л. Харин сүмо-г бол эр эм, хөгшин залуу харгалзахгүй дурлан үзнэ. Яагаад гэвэл шударга өрсөлдөөн байгаа болоод тэр. Үзүүштэй ид хаваа гайхуулах Монгол залуусаа харах гэж тэр.

Морины уралдаан бол Монгол хүн үзээд самсаа шархирахгүй байхын аргагүй сайхан наадам. Өнөө өглөө дааганы уралдааныг ТВ-ээр үзлээ. Гараанаасаа түрүүлж явсан хөөрхөн даага барианы зурхай дээр яг ирснээ хадуураад, эзнээ, унасан хүүхдээ, үзсэн хүмүүсийг ч харамсуулаад авсан. Надад лав маш их харамсалтай санагдсан. Гэхдэ яахав дээ, одоо чинь Их хурд энэ тэр гээд жилдээ зөндөө л наадам болдог юм чинь дараагийнхад нь, бас хойтон түрүүлэх биз дээ. Өвөл ч бас морь уралдуулна. Би лав түүнийг эсэргүүцдэг. Хар хүйтнээр малыг тамлаж байж кайф авдаг юм уу хаашаа юм, мөнгөнөөс болоод бүүр хэтэрчихсэн юм шиг л санагддаг. Эртээд хаанаас ч билээ, нэг уншсан нийтлэл дээр "Морь уралдуулна гэдэг бол тэднийг өлсгөж, уралдуулж байгаа тамлал, дуртай нь өөрсдөө л унаад уралдахгүй нялх балчир хүүхдүүдийг суулгаж явуулаад..." энэ тэр гээд шүүмжилсэн байсан. Хурдан морь бас л асуудалтай наадмын нэг. Хүүхдүүддээ үг зааж өгөөд түрүүлж эргүүлж будлиантуулна, замаас нь оруулна, хажуугийн морио ташуураараа цохь энэ тэр гэж хүртэл "зааж сургадаг" гэсэн. Арай дэндүү.
Энэ жил Монгол даяар гантай байгаа болохоор морьд өлдүү, хүчгүй байвал хэцүү байх. Гэхдээ, тарилга тэжээлийн хүчээр мөнгөтэй хүмүүсийн морьд бол нэг их асуудалгүй уралддаг талаар ярьж байгааг өнөөдөр бас л ТВ-ээр харлаа. Тиймгүй хүмүүсийн морьд нь үхчих вий дээ. Барианд ойртож ирээд үхэж байгаа морийг харахад сэтгэл өвдөөд хэцүү юм билээ. Тээр жил хүүхэд байхдаа Говь-Алтайд үзсэн нэг наадмаар 2 морь унаад, хүүхэд нь уйлаад л аймаар санагдсан тэр зураг одоо ч нүдэнд харагддаг. Тийм юм битгий болооосой гэж залбиръя :-)
Бас нэг юм, мориноосоо олон машин уралдана. Морины биш машины уралдаан үзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө гээч, ядаргаатай.

Харин сур харваа бол "Эрийн гурван наадам"-ыг өөрөөр харагдуулдаг наадам. Буриад (урианхай нь ч билүү) сураас бусад нь эмэгтэй хүн харваж болдог. Тэгээд ч найраа энэ тэр нь бага юм шиг байгаа юм, илэрхий байдаг болоод тэр байх л даа. Магадгүй найраа бага учир, тэнд дагасан мөнгө бага байдаг биз. Тэгээд ч тэр үү, хүмүүс нэг их морь, бөх хоёр шиг хошуураад байдаггүй юм шиг байгаан. Миний л бодол л доо.


Хогтой наадам, хуушууртай наадам, шороотой наадам.
Наадмын талбайд ирээд хүмүүсийн дээр дооргүй заавал хүртдэг идээ бол наадмын хуушуур. Хэхэ, очерлож дугаарлаад л, өндөр үнээр ч хамаагүй заавал авч иднэ. Нөгөө соёолонгийн тоосонд орно, бөхийнхөө хөлсийг хүртэнэ гэдэг шиг л заавал шүү. Сонин ч юм шиг.
Харин хэдэн өдөр үргэлжилсэн наадмын дараа дэнж талбай, цэнгэлдэх ялгаагүй хогийн талбай болж хувирна даа. Жил бүр л ярина. Ямар ч нэмэргүй. Дуртай газраа морь харж, хогоо хаяж сурсан эрх чөлөөт орны иргэд эрх чөлөөгөө ингэж бас л эдэлнэ.
Үймсэн олон хүн, морь, машины хөлөөр газрын тоос үнс шиг бужигначихна. Гэхдээ яахав, газрын хөрс юм болохоор эрхгүй эдгэдэг л байх. Гэхдээ л жил ирэх бүр өвс ногоо нь тачирхан болоод л байгаа нь нэгийг сануулж л байгаа байх даа.

Ийм л нэг "Монгол биш" наадам болох гээд л...

Гэхдээ л морин дэл дээр дарцаглан өсч, нум харван тоглож, дээлийнхээ сугыг ханзартал барилдаж өссөн Монголчууд минь энэ бүхнээс ангид сайхан наадаасай.

Эвэр нумыг эвшээлгэн татаж, эр сурын хүчээр тавьсан сум тань мэргэн байг!
Газрын энг эвхэн хурдлах уясан хүлэг тань хурдан байг!
Дэвжээгээ хотолзуулан дэвэх бөх тань даваатай, мэх нь уран байг!

Та бүхэн хотол олноороо цэнгэл баяраар дүүрэн, Тэнүүн сайхан наадаарай!

5 comments:

  1. Za naadam!!Barildnaa gsn

    ReplyDelete
  2. Энэ жилийн наадам дээр хээгүй гүдэсхэн Өсөхбаяр аварга, Баяржавхлан заан хоёр гүй мөн их дургүй хүргэлээ. Ямар заваан хүмүүс вэ?
    Гэхдээ энэ жилийн бөх маш сайхан болсон, Өсөхөө, Сумъяабазар хоёрыг унахад ямар их баярлав аа. Ноднин найраа хийснийх нь гор нь гарч байгаа нь тэр.

    ReplyDelete
  3. amaraa saihan barildsan uu>

    amraa ah> en jil harin sonin saihan naadam boljee, teen>

    Uu sorry, ooriinhoo blogtoi anduuraad davhijiina, DOK OO chi mini ingej uridchilan sanuulga bichsenii ach buyanaar naadam ih saihan bolson geeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeel ter Shine usgiin bagsh kinoonii Lagsag duu ni tasraad bgaa ch yum uu, tasrahgui uregljleed bgaa ch yumuu, neg sonin yangaluulaad bailee, tsaana chin.

    ReplyDelete
  4. хэхэ, манайд хүмүүстэй таараа юу да

    ReplyDelete
  5. yahav deee l yum bna sht

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)