2007-07-03

Битгий сал!

Амьдралын гашуун үнэнийг дандаа хэлдэг найз маань холын газраас эрдэм өвөртөлж ирэхээр өнөөдөр алсын замд гарлаа. Хэсэг хугацаанд хол байх чамайгаа санах байх даа.
Хүн өнөөдрөөрөө л амьдрах хэрэгтэй гэж тэр хэлдэг юм. "... Амьдралын утга учир гайхалтай. Док, чи бод доо. Магадгүй бид урт насаллаа гэхэд 40 жилийн дараа ч юм уу, тэр үед өнөөдрийн би эсвэл чамайг мэдэхгүй, сураг сонсогдохгүй, сайн бол амьд эсэхийг чинь магадгүй сургаар л сонсоно. Бүүр сонсохгүй ч байж магадгүй. Өнөөдрийнхөөр харвал байрныхаа гадаа хэдэн эмгэн өвгөчүүлтэй нарлаад л буу халаад л сууж байх биз..." гэнэ. Эхэндээ дэмий юм ярих юм гэж боддог байснаа сүүлдээ ойлгоод ирэхийн цагт өнөөдрийн байгаа маань ч утгагүй юм шиг санагдана. Хэлэхээр "Яг тэгж мэдрэхгүйн тулд л..." гээд л ярьдагсан.

Зүс ч үзээгүй их олон найзтай хүмүүс биз дээ бид чинь. Таныг ч бас би НАЙЗ гэж хэлж чадаж байгаа ч хэрхэн яаж амьдарч байгааг нь мэдэхгүй, ямар зовлон байгааг чинь ч мэдэхгүй, хуваалцахгүй. Магадгүй зовлонг хуваалцах аргыг мэдэж байгаа ч зовлонг тань мэдэхгүй болохоор яах ч үгүй.

Хэзээ нэгэн цагт амьдралаа, амьсгалаа хүртэл хуваалцаж явсан хүнийхээ тухай сураг ч сонсохгүй, яаж явааг нь ч мэдэхгүй байсаар дуусдаг тохиолдол зөндөө л байна. Бодоод л байхаар их сонин. Яалтай ч билээ дээ гэмээр. Хүн өнгөрснөөрөө тэжээгдэн амьдардаггүй учир мартах, хаях хэрэгтэй байх л даа. Мартдаггүйсэн бол галзуурах нь лав гэсэн. Гэвч...
Та төсөөл дөө.
Ямар дулаан нүдийг ширтэн харж, ямар зөөлхөн уруулыг үнсэж, үнсүүлж, ямар дуу хоолой сонсож, ямархан үнэрийг мэдэрч, таалж байснаа, ямар мэдрэмж төрж байснаа ч, яаж хайрлаж, хайрлуулж байснаа ч мартана...
гээд. Аймаар байна уу? Та мартахыг хүсэхгүй ч мартагдана. Дээрх текстийг унших гэхээр хэцүү байгаа шиг, дараа нь та тэдгээрийг санахыг хүсэхэд ийм хэцүү л байх болно.

Хэрэв тийм гэж санал нийлж байгаа бол өнөөдөр болоод л байгаа амьдралаа битгий нураагаарай залуус аа. Амьдралаа зохиож амжаагүй залуус бол нэгэн насны амьдрал чинь учраас нухацтай хандаарай.
Гэр бүл төлөвлөлт муугаас болж ч юм уу маш олон гэр бүл салж байна манайд.
Анхнаас нь гэр бүлээ сайн төвөвлөж амьдралаа зохиогоод, хажуудахдаа сайн хань нь байгаад, итгэл хүлээлгээд, өөрөө итгэлийг нь даахын тулд хичээгээд хамтдаа зүтгээд явбал болох юм шиг.
Ер нь ХАНЬ гэж хэн юм бэ? Бид "... тийшээ ханьтай яваад ирье л дээ, хань болж сууя..." гэдэг үгийг зөндөө л хэрэглэдэг. Хамтдаа л гэсэн утгатай биз дээ? Амьдралд тохиолдох жаргал зовлон, саад бэрхшээлийг хамтдаа л даван туулах тийм хүн. Үргэлжийн баяр баясгалантай, шулуун дардан замаар явах амьдрал гэж хэзээ ч үгүй. Бид ХҮН юм болохоор асуудал дандаа гарна. Жаргалыг хуваалцах хүн олон ч зовлонг бол хүн тэр бүр үүрэлцдэггүй. Тэгэхээр хань гэдэг бол тэрхүү зовлонтой үед минь л намайг/таныг ганцаардуулахгүй, зовлонд түүртээд байхгүй, давахын тулд зоригжуулж, дэмжин босгож түүний өөдөөс сөрж алхуулж чаддаг байх тийм хүн бололтой. Мэдээж тийм, тэгж чадах найзууд бидэнд бий. Гэхдээ миний амьдрал бол минийх л байх учир бүгдийг нь тэд үүрээд байж чадахгүй, магадгүй бид ч хүсэхгүй. Учир нь тэдэнд бас л амьдрал байгаа.
"Хоёулаа салъя" гээд нийлж амьдардаггүй нь тодорхой юм чинь, та хичээвэл бүх юм болох байх.

Маргааш энэ чиглэлээр нэг лекцэнд суугаад төрсөн сэтгэгдлээ бичнэ ээ. Өнөөдөртөө дуусгая. Хэдэн мянган жилийн туршид суутнууд, эгэл хүмүүс ч энэ тухай бодож, ярьж, бичсэн байх. Онол сургааль ч бий байх. Харин би толгой дахиа гаргавал нэг иймэрхүү байна. Магадгүй зарим нь намайг энэ талаар мэдлэггүй юм байж юу яриад байгаан гэж бодож болох ч энэ бол миний л бодол санаа юм шүү.
Ингээд би "Төлөвлө, Итгэ, Хичээ!" гэсэн дүгнэлтэд хүрлээ.
:-)

3 comments:

  1. tanii blog ,mash ih taalagdlaa.uneheer surgamjtai unshuushtai goy blog bn.tanii amidrald chn az jargal husey

    ReplyDelete
  2. ene sedwiin urgeljlel haana bgaa we? Lectsend suusnii daraa yum bichsen uu?

    ReplyDelete
  3. Баярлалаа.
    Лекцийн дараа бичсэн тэмдэглэл энэ бичлэгийн яг дараа байх ёстой доо. Би гэхдээ их оройтож харж байна л даа, уучлаарай

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)