2007-08-08

УМ МА НИ БАД МЭ ХУМ-ын утга

Дээхнэ бурхан болсон эгчийнхээ хоног хураасан өдрөөр нь ийм бичлэг тавьсан чинь Викторий "Маань мэгзэм ер нь ямар учиртай юм болоо" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Тэгээд өчигдөр нэлээн хэдэн ном цуглуулаад харж байгаад олсноо энд тэмдэглэе гэж бодлоо.
***
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай Лам
Ум мани бад мэ хум зүрхэн тарнийг унших нь асар их ач тустай бөгөөд 6 үсгийн утга ямар өргөн гэдгийг санаж байх хэрэгтэй.

Ум нь А, У, М 3 авианаас бүтэх ба Бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал хийгээд мөрөөр замнагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлэгдэнэ. Энэ ариун бусыг бага багаар ариун болгох дэвшилд аваачих зам мөр нь дараагийн 4 авиа болно.
Мани -нь эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бусдын тусын тулд гэгээрэлд хүрэх арга болох энэрэн нигүүлсэхүй, асрал хайрыг бэлэгдэнэ. Гэгээрсэн сэтгэл нь ядуу хоосон, бэрхшээл зовлон, амьдралын хүрдэн-гээс ангижруулдаг. Иймээс гэгээрэлд хүрэх сэтгэл нь хамаг амьтны хүслийг хангагч эрдэнэ юм.
Бадмэ лянхуа буюу ариун гарвалт гэсэн утгатай бөгөөд билэг оюуныг бэлэгдэнэ. Шаварт ургадаг ч лянхуа цэцэг намгийн шавраар гундан бохирддоггүйн адил билэг оюуныг тунгалаг толь мэт болгож чадваас бүхйи л зөрчил үгүйсгэгдэнэ.
Хум нь хослон барилдахыг бэлэгдэх ба арга билгийн хоорондын салшгүй нэгдлээр гэгээн ариунд хүрэх юм. Язгуурын Таван Бурхадын эрдэм увьдасын үр үсэг ХУМ нь юугаар ч өөрчилж болохгүй хөдөлшгүй, тогтвортой гэсэн үг юм.

Ингэж Арга билгийн хослон барилдсан харилцаа болох зам мөрөөр замнаснаар өөрийн ариун бус бие, хэл ,сэтгэлийг Бурханы ариун өндөр дээд лагшин, зарлиг, таалал болгон хувиргах боломжтойг УМ МА НИ БАД МЭ ХУМ зургаан үсэг бэлэгдэнэ.

***
Маань тарни нь Бурхадын эрдмийг авианы хэлбэрээр илэрхийлдэг. Маань уншсанаар Ядам тэнгэрүүд (Бурхан)-д ойртон, тэднээс шид адис хүртэх арга болохоос гадна бидний дотоодод байгаа бүхий л эрдэм билгийн үрийг сэрээхэд тусалдаг гэж үздэг.
УМ МАНИ БАДМЭ ХУМ /номон дээр ингэж нийлүүлж бичсэн байна/ нь Жанрайсиг бурхны тарни бөгөөд Ялгуусан Бурхадын энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн илэрхийлэл юм.
Ум - тарнийн тэргүүн
Мани - Эрдэнэ
Бадмэ - Лянхуа цэцэг
Хум - Очир сэтгэлийн үр
гэсэн үсэгнүүд юм. Эдгээр нь нийлээд Жанрайсиг бурхныг "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нийгүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх" хэмээн урин дуудаж байгаа үгс юм гэжээ.
"Гэгээрэлд хүрэх номын хурим"
***
Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын 6 нисванис арилах бөгөөд
Ум үсгээр мунхагийн харанхуй
Ма үсгээр уур
Ни үсгээр харам
Бад үсгээр тачаал
Мэ үсгээр атаат сэтгэл
Хум үсгээр омогт сэтгэлийг арилгах болно гэж зарлиглажээ.

Түүнчлэн
Ум - дээд шид бүтээлийг олно
Ма - нийтийн шид бүтээлийг
Бад үсгээр нас буян арвижихын шид бүтээлийг
Мэ үсгээр хүн, эд, идээ гурвыг эрхэндээ хураахын шид бүтээлийг
Хум үсгээр дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэжээ. Эдгээрээс ч илүүтэй эрдэм хүч байдаг гэнэ.
Монголчуудын дунд "Маань хөгжөөх" буюу маанийг аялгуулан уншдаг ёс дэлгэрсэн байдаг байна.
"Далай багшийн сургаал"
***
Эдгээр үсэгнээс гэрэл цацарч Өмнө зүг дэх Диваажингийн оронд тусч Жанрайсиг бурхны билгүүн биеийг урина. Гэрлийн туяа буцан ирэхдээ Жанрайсиг бурхны олон дүрийг авчирч тэдгээр том жижиг дүрүүд нь анх бүтээсэн бурханд уусна хэмээжээ.
"Хаанд илгээсэн захидал"

4 comments:

  1. аан.
    Ум Ма Ни Бад Мэ Хум

    ReplyDelete
  2. Юм гэж их учир жанцантай гэж Жанцан гэдэг манай өвөө байгаа юм гсн хэ хэ
    за тэр яахав чи минь гөө мөн их зүтгэл гаргажээ энэхүү мэгзэм маань үнэхээр нарийн утга авцалдаатай юм дахин дахин сайтар уншсанаар утгыг илүү гүн мэдрэх шиг ийм сайхан зүйл бичиж мэлмийг минь тайлсанд чамдаа их баярлалаа

    тэгээд нэг хүсэлт байна хөгшөн нь энэхүү бичлэгийг өөрийнхөө блогт блогтчих уу аан???

    ReplyDelete
  3. дуртайяа зөвшөөрнө, аан бас өчигдөр зөндөө их мэдээллээр дайлсанд чинь баярласан шүү :-)

    ReplyDelete
  4. Тэмүүжин8/31/2012 1:44 AM

    Баярлалаа сайхан мэдээлэл байна.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)