2016-01-12

Харамсал.

Ганц удаа гэмт хэргийн шинжтэй асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байсан хүний хувьд цагдаа нар хохирогчийн ар гэрийнхэнтэй яг л сэжигтэн, ялтантай харьцдаг шигээ бүдүүлэг, балмад харилцдаг; баримт материалыг өгдөггүй; шаардлага тавихад уурладаг; хэлээд ч хэргийн газар үзлэг хийдэггүй; гэрч этгээдийг хайдаггүй; үхсэн хүн үг хэлэхгүй гэж ханддаг; уужуу Монголчуудын "Тэр минь босоод ирэх биш дээ" гэсэн бодол дээр дөрөөлж хэргийг уухайн тас хаадаг гэдгийг яс махандаа шингээж авсан юм. Бүгд биш ч дийлэнх нь ийм. Ард нь хүмүүс амьдралынхаа туршид асуулт тээгээд үлддэг юм. 

Түүний амнаас ФОРМНЫ ГОЛ гэсэн үг унагаж, тэр нь нийгмийг, цагдаагийн ажлыг, төрийг үнэлэх үнэлэмжийг улам унагаж байна. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Байгаа нь тэр. Өөрөө амьд бүхэнд хайртай, ажилдаа дуртай, юманд үнэн сэтгэлээсээ хандаж, халтуурдах гээчийг мэдэхгүй хүн болохоор бусдыг тэгнэ чинээ санаагүй биз... Тэр чинь амиа хорлох бүү хэл хэнээс ч илүү аз жаргалтай амьдардаг, аз жаргалтай нэгэн байж шүү дээ. Бидний дийлэнх нь тогтохооргүй бөглүү, зэлүүд газар инээж, хайр ундрааж явсан байна. Тийм байсаар байхад яаж тэгж хэлж чадав? Ингээд өнгөрнө гэж бодсон уу? Ажилдаа муугийнх уу? Аавынх нь хэлсэн шиг Би чадахгүй нь ээ гээд чаддаг хүн дуудахад яана аа... 

Бид өнөөдөр үхлээрээ биднийг сэрээсэн, эгэл жирийн атлаа эгэлгүй нэгэн байсан залуугийн хойноос харуусан, зүрх шимширч, уйлан гашуудаж байна. Түүнийг алсан алуурчид илрээсэй гэж бүгд хүсэх ч "Тэр байтугай нь илэрдэггүй ш дээ" гэсэн ац бодол тээж, "Үнэн гэж байдаг юм уу" гэсэн унтарч байгаа цог шиг бүдэг төгсгөл руу явах уу? 

Монгол улс иргэнээ хардаггүй, таньдаггүй нь харагдаж байна. Яг энэ залуугийн адил эгэл жирийн хэдий ч агуу хүмүүс олон байгаа. Хэдийнх нь амийг илгээж байж ухаарах юм бол? Тэдний хажуугаар тэр үнэн гэдэг чинь нүдээ аниад, төр чинь нүдгүй юм шиг өнгөрч байна. Төр нүдгүй юм чинь бид бие биенээ хайрлаяХүүхдийг багаас нь хүмүүжүүлж өсгөе! Юмыг халтуурдаж, хулуулж амьдардаггүй болгож сургая, түүний аав шиг. Дээр дооргүй улсаараа хулгайч болох нь. Хүний амийг хүртэл хулгайлчих юм. Хайран гэхэд дэндүү хайран алтан амийг... 
Төр газар нутгаа хайхардаггүй нь харагдаж байна. Зөвхөн энэ залуугийн хамгаалаад байгаа газар бус, Монгол даяар маш олон газарт төрийн хайр хамгаалал шаардлагатай байгаа бөгөөд нөгөө л нүдгүй, магадгүй нүдтэй ч нүдээ анисан төр маань харахыг ч хүсэхгүй байна. Залуугийн үхлээс хойш нөгөө нэр бүхий газрыг хамгаалалтад авсан байгаа ч хүний хөл хүрээгүй хэдэн мянган газар маань талхлагдаад дуусч байхад жирийн хүн яриад байхад хэн ч тоодоггүй нь сонин. Тиймээс, төр нүдгүй учир өөрсдөө л байгалиа хайрлацгаая! Хүүхдээ багаас нь байгальд хайртай болгож өсгөе, тэрэн шиг! 

Талийгаачийн аав үнэхээр гайхалтай хүн юм. Бахархахаас, аархахаас өөр аргагүй гэр бүлийн хүмүүжил байна тэнд. Үрээ алдсан эцэг хүн гэхэд уужуу, барьцтай, ул суурьтай, үнэхээр ярих юм алга. Өөрсдөөс нь илүү байхад "формны гол"-ууд даанч хүнийг үгийг авахгүй юм байж, ичихгүй хүн доромжилж суух. Тэгэхэд өөдөөс нь хэрийн хүн чадахааргүйгээр нэг үхрийн эвэр доргиход яадгийг сануулж, цагдаагийн нэр хүндийг бүхэлд нь унагахыг тэр хүсээгүй. Аргаа өөрчлөөч л гэж байх юм.

Хэрэв тэр байсан бол... Хэдхээн жилийн хэрэв тэр байсан бол ирвэс байсаар байх байлаа, тэр газар сэндийчигдэхгүй байх байлаа гэж яригдах уу? Баатар байжээ чи. Харамсалтай нь түүн шиг баатар бүү хэл жирийн хүүхэд байлаа ч эцэг эхдээ эрдэнэ, улс эх орондоо ч хэрэгтэй нэгэн баймаар. Гэтэл хоногийн хэдэн арваар нь явуулж сурсан бид ингэж л байх ёстой мэт, угаасаа амьдрал ийм л байдаг шиг санаж сурч. Насан туршдаа асуултад хүлүүлж, зүүдэндээ ч нулимстай, тэндээс хариуг хайсан хэвээр битгий байгаасай тэд...
# ирвэс хамгаалагч Сүмбээ 

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)